НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, 1-р төрөхийн дарга Г.Баясгалан нарыг ЧӨЛӨӨЛЛӨӨ
2021/01/20
Коронавирусийн халдвар авсан ээжийг Нэгдүгээр амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эмч, мэргэжилтнүүд хүнлэг бус хандсан асуудлаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан шуурхай хурал зарласан.
Энэ хурлын дараа ЭМ-ийн сайд хотын дарга Д.Сумъяабазарт хандаж НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг хүсэж албан тоот хүргүүлсэн тухай бид мэдээлсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог тул тус албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, 1-р амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас чөлөөлсөн байна.