Төрийг сандайлсан намын сүрдүүлэг
2014/04/30
Эрх баригчдын эсрэг дуугарсан хэнийг ч бай дуугарах дуугүй болгож, тэр дор нь дарж авах бодлого явуулаад эхэлсэн нь тэртээ коммунизмын үеийг эрхгүй санагдуулна.
Төрийн дээр сандайлсан нам хэмээн цоллогдох болсон АН-ын эрх мэдэлтнүүдийн явуулж буй бодлого монголын төрийг басамжилж, яаж ч авирлаж болно гэж үзэж байгаа гээд дүгнэчихэд ч буруудахгүй байх. Намынхаа удирдлагын шийдвэрээс үл хамаарсан шийдвэр гаргаж үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө амаа бариулж намаасаа хөөгдсөн гишүүний түүх ч үүнийг баталсан үйлдэл боллоо. Төрийн бодлогыг тодорхойлох бүтэц намаас өөр байхгүй гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тунхаглаад намаа амжилттай сайн ажиллаж байгаа, шинэчлэлийн бодлогоо ч цаашид үргэлжлүүлсээр байх болно гэж мэдэгдсэн. Гэвч төрийн бодлогыг АН муу тодорхойлж байгаа учраас л өнөөдөр эдийн засаг уналтанд орж ард иргэдийн амьдрал доройтож байгаа хэрэг биш гэж үү. Ард түмнийхээ амьдрал дунд орж үзээгүй Засгийн газар, эрх баригчдад “Давхар дээл”-ээ тайлах хугацааг хойшлуулах асуудал л чухал байна.
“Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн хугацаан дээр бүлгийн гишүүдээ бүгдийг нь нэгтгэсэн гэж мэдэгдэж суусан Д.Эрдэнэбат гишүүний үгэнд эрхэм гишүүд нь шууд орохгүй гэдгээ харин харуулаад авсан. Ингэснээрээ түүний сүрдүүлгэнд өртөж бас л дарамтлуулж байгаа сурагтай. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө нам дотроо хагаралдаж, зөвхөн өнөөдрийн эрх ашгийн төлөөх тэмцэл нь Ардчилсан намыг гудамжинд гаргахад ойрхон байгааг сануулж л байгаа баймаар.
Төрийн бодлого алдагдаж, засаглалыг хямраасан эрх баригчдын алдаатай бодлогын горыг ард түмэн хангалттай амсаж байна. Тэдний амны уншлага болсон шинэчлэлийн бодлого нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийн амьдралыг өдрөөс өдөрт дордууллаа.
Зочин · 2014/05/01
erdenebat aimshigtai mangas dandaa xvn zagnana svrdvvlene