УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ
2021/02/05
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ.
Улсын Дээд шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох 7 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан билээ.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ