Аргагүй амрагууд
2014/05/01
Түүх давтагддаг гэдгийг Та үүнийг уншаад ойлгох болно. Энэ өгүүллийг би одоогоос бараг арваад жилийн өмнө буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-нд “Эх орон-Ардчилал” эвсэл задрах үед бичиж тэр үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонинд” нийтэлж байсан юм.
Олон хүн намайг 2008 онд ganaa.mn блог нээгээд “бичиг үсэг сурсан” гэж ойлгодог, үүгээр би түүнээс хавьгүй өмнө бичиж байснаа нотлохыг хичээв. Энэ өгүүлэлд банк, хуйвалдаан гээд одооны бүх юм байгаа.
Мөн гарч буй хүмүүс нь бараг бүгдээрээ одоо ч гэсэн хуучин улс төрөө хуучин аргаараа хийгээд давхиж яваа нь үнэхээр гайхалтай. Монголчууд ийм хүмүүсийг энэ олон жил байлгаад залаад байдаг нь бүр гайхалтай…
1996–2000 оны УИХ-д “Ардчилсан холбоо” эвсэл 49, МАХН 27 суудалтай байлаа. Түүнийг устгах цорын ганц арга нь түүнийг хагалан бутаргах явдал байв. Тэр урвагч нь эвсэл дотроо бэлэн байсан бөгөөд энэ бол Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэн байлаа. Ингээд саяхны түүхийг бүгдээрээ санацгаая.
1998.04.22. М.Энхсайханы Засгийн газрыг хуйвалдагчид унагав.
1998.04.23. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд болов.
1998.05.27. Засгийн газар 80 дугаар нууц тогтоол гаргаж, төрийн өмчийн Сэргээн Босголтын банкийг татан буулгаж, хувийн өмчийн Голомт банктай нийлүүлсэн нь баригдаж УИХ–ын 26 гишүүний санаачлагаар огцруулах асуудлыг хэлэлцэв. Yүний цаана Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр нуугдаж, шууд гардан зохион байгуулж байсан юм.
1998.07.24. Ц.Элбэгдоржийн засгийн газар огцров. Энэ засгийн газар шууд хулгай хийж байгаад огцорсон юм. Мөн түүнийг хамтрагчид нь буюу Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр гол гаргасан юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газар 3 сар 1 хоногийн дотор бүхэл бүтэн банк хулгайлж амжаад 5 сар 15 хоног үүрэг гүйцэтгэгчээр аргацааж байв.
1998.08.11. Хуйвалдагчид удаж удаж Ерөнхийлөгчөөр шаардуулж байж Да.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэв.
1998.08.13. Ерөнхийлөгч Н. Багабанди “УИХ–ын удирдлагын оролцоотойгоор Засгийн газар банкуудыг ойр ойрхон татан буулгаж өөрчилсөн боловч банкин дахь хямралт байдал гүнзгийрсэн нь..Да. Ганболдын хангалтгүй үйл ажиллагаатай холбоотой.
Мөн …Сэргээн босголт банкыг…”Голомт” банкинд нийлүүлэх үйлдэлд хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засаж залруулах арга хэмжээ аваагүй учир” гэсэн шалтгаанаар татгалзсан юм. Байдал ийм байтал хуйвалдагчид Да.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад 7 удаа дэвшүүлэв.
1998.08.29. Эвсэл Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлж Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан боловч түүнийгээ мөн л УИХ дээр унагаж орхив. Yүнээс эхлэн МСДН, МАХН хоёрын хүнээр тоглох, хүнийг хорлох төрөлх авъяас тодорсон юм.
1998.09.15. МYАН–ын гишүүн Г.Ганхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Гэтэл тэр нь согтуугаар машин жолоодож яваад олон удаагийн үйлдэл байсан тул цагдаад шалгагдаж байснаас чадсангүй.
1998.09.28. Э.Бат-Yүлийн нэрийг Ерөнхий сайдад эвслээс дэвшүүлэв. Yүнийг Ерөнхийлөгч мөн л Сэргээн босголт, “Голомт” банкны асуудлаас болж татгалзсан юм. Энэ хооронд төр засаг үнэхээр замбараагаа алдаж, эдийн засгийн гэмт бүлэглэлүүдийн тэмцэл нэн хурцадсанаас С.Зориг амь насаа алдав. Энэ үеэс төр ч, нам ч байхгүй болж, дээрэмчдийн бүлгээс ялгаагүй явцуу хэсгээс бүрдэх болов.
1998.12.08. Ж.Наранцацралтын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэв. Сангийн сайдад Д.Ламжав, Г.Төмөрхуяг нар дараалан дэвшсэн боловч УИХ өөрөө унагав. Батлан хамгаалахын сайдад Ж.Бор, Ш.Түвдэндорж нар дэвшээд бас л УИХ дээрээ унав. Ш. Түвдэндорж нь хоёр дахь удаагаа дэвшиж байж арай гэж сайд болсон юм.
Гэгээрлийн сайдаар С.Алтангэрэл, Д.Батжаргал нар дэвшсэн боловч УИХ дээр унаж эцэст нь А.Баттөр болсон юм. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад Ч.Чулуунбаатар, Р.Ринчинбазар (Р.Гончигдоржийн төрсөн дүү) нар дэвшиж бас л УИХ дээр унаж, хожим нь С.Сонин болсон юм.
1999.07.22. Ж.Наранцацралтын Засгийн газрыг ОХУ–ын засгийн газрын нэгдүгээр орлогчид захидал бичсэний учир огцруулав. Ж.Наранцацралт огцрох үедээ “манай сайн нөхөд социал–демократуудын ачаар огцорч байна…” гэж хуйвалдааны эзэн Р.Гончигдоржийг анх удаа нэр заан илчилсэн билээ. Ингэснээр Н.Энхбаяр казиногийн хэргээр шоронд суух аюулаас зайлсхийж чадсан юм.
1999.07.30. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилов. Энэ солиотой явдлын улмаас монгол дахь ардчилал зогсонги байдалд орж, ард түмэн ардчилсан хүчнийг бараг үзэхээ байж, нэг намын буюу нэг хүний дарангуйлал тогтох таатай нөхцөл боломж бүрдсэн билээ.
Yүний үр дүнд Монголын нөлөө бүхий томоохон нам МСДН бүрэн устаж, ардчилсан хэмээгдэх аль ч хүчин МАХН буюу Н.Энхбаярын гарын тоглоом болсон юм.
Хуйвалдагчид Yндсэн хуулиндаа хүртэл халдлага хийх бөх зүрхтэй байсан юм. Нөхцөл байдлыг завааруулах тусам эвслийн нэр хүнд навс унаж, Н.Энхбаярын ялалт гарцаагүй болж байв. Тэр эрх мэдэл авмагцаа ийм урвалтаас сэргийлж, дандаа мангуу хүмүүсээр МАХН–ыг дүүргэсэн байдаг. Ингэж дарангуйлал эхэлсэн юм.
2004 онд монголын ард түмний хийсэн сонголт бол математик магадлалын хувьд олон зуун саяд нэг тохиолдох боломж юм.
Өнөөдөр “Эх орон–ардчилал” эвсэл задарч байгаа нь Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын тэр үед эхэлсэн ёрын бөгөөд чөтгөр шулмасын тоглоомын шууд үргэлжлэл мөн. Тэд монголын ардчиллыг зогсоож, төр болон нийгмийг системийг бүхэлд нь хямралд оруулаад байна.
Хэрэв уншигч Та анзаарч байгаа бол тэр үеийнхээс өнөөдөр юу ч өөрчлөгдөөгүй байна. УИХ–ын дарга Р.Гончигдоржийн оронд түүний мөнхийн нууц амраг Н.Энхбаяр нь байна. Мөн өөр нэг нууц амраг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нь байна. Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар намын дарга одоохондоо хэвээрээ байна. Энэ хугацаанд тэдний дуусашгүй шуналын хор хохирлын хэмжээ зүйргүй их нэмэгдсэн.
Тэд миний эх орныг газар нутаг, эд баялагтай нь шууд худалдаж идэх болсон. Yүнийг би нотолж чадна. Ингэснээрээ тэд монгол орныг системийн хямралд оруулж, улс төрийн сүйрлийн ангал руу хөтөлж авчраад байна.
Тоглоомын эвслийг тарааснаар М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар тун зөв зүйл хийжээ. Одоо С.Оюун эвслээс гарах хэрэгтэй. Ноднин яг өдийд арай гайгүй нэртэй байсан намыг нь гурав салгаж алангаа алдсаныг тэр мартаагүй байгаа. Түүнд ийм ухаан бий гэдгийг би мэдэж байна. Гэр бүл болж чадахгүй бол салдаг нь жам.
Эвсэл угаасаа нэр төдий л зүйл байсан, тэгээд ч жам ёсоороо алга болж байна. Миний бодлоор улс төрийн тавцан дээр олон жилийн нууц гомо амрагуудыг нүцгэн үлдээснээрээ эвслийн задрал бол сайн үзэгдэл. Олон гэр бүл үймүүлсэн Н.Энхбаяр үндсэн гэр бүл МАХН, хоёр нууц амрагтайгаа цаашдаа яаж амьдрах нь тэдний асуудал. Бодвол жаргах байлгүй.
Энэ салалт бол улс төрийн нам нэрээр төрөөр тоглодог улс төрийн янхангуудаас цэвэрших эхний алхам.
Улс төрийн хүчний дахин хуваарилалт эхэллээ. Цагаан сар гэхэд юм юм л болно доо. Ямар ч гэсэн Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц. Элбэгдорж нар арга ч үгүй амрагууд мөнөөсөө мөн шүү дээ, ай хөөрхий минь ээ хө. Нуураа гэдэг юм чинь хөлдөх гээд ирэхлээр нугас гэдэг амьтад хөөрхий болноо доо, ай хөөрхий минь ээ хө…
Судлаач Х.Д.Ганхуяг
Зочин · 2014/05/02
Ene ardchilsan nam unaasaa Mongol orong tseverleesee
Зочин · 2014/05/02
Ene ardchilsan nam unaasaa Mongol orong tseverleesee
Зочин · 2014/05/02
Ene ardchilsan nam unaasaa Mongol orong tseverleesee