Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв
2021/02/17
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:
- Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
- Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
- Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
- Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх
- Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх
- Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх
- Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх
- Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх
- Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх
- Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.