Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр сайдын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Тэрбээр энэ талаарх хүсэлтээ өмнө нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт өгсөн байсан бөгөөд дэгийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж байгаа юм байна.

Тэрээр хүсэлтдээ, “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” гэжээ.  Түүний хүсэлтийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.  Гэхдээ үүнд нэг эргэлзээ байгаа юм.  Тодруулбал, Х.Баттулгын хүсэлтийг АН-ынхан хүлээж авахгүй байж мэднэ.  Яг л УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг шийдсэн шиг.  УИХ бүтэн хоёр сарын турш “давхар дээл”-ний хуулийн төслөөр амьсгалсан. Харин өчигдөр энэ асуудал эцэслэгдэж эрх баригчид “давхар дээл”-тэйгээ явахыг илүүд үзсэн. Харин Х.Баттулга сайдын хувьд “давхар дээл”-ээ тайлж дан болгох ёстой гэсэн байр суурийг баримталж байсан юм.  Тиймээс тэрбээр өөрийнхөө хүсэлтээр “давхар дээл”-ээ тайлахаар шийдээд байгаа нь энэ юм. Харин эрх баригчид түүний хүсэлтийг тийм ч амархан хүлээж аваад шийдчихгүй л байх.  Учир нь Х.Баттулга сайдыг чөлөөлвөл Засгийн газрын нэр хүнд болоод танхимын гишүүдийн нэр хүндэд муугаар нөлөөлөх юм.  Нөгөө талаар ард түмэн “давхар дээл”-тнүүдийг өөрсдийн хүсэлтээр дээлээ дан болгохыг шаардаж ч магадгүй.  Тиймээс АН-ынхан Х.Баттулгыг амаржаргалдаж магадгүй л байх шүү. 
 

Д.Ангараг