Б.Ганхуяг: "Эрдэнэс-Тавантолгой" компани нээлттэй хэлбэрээр ЕТТ бонд гаргана
2021/03/10
"Эрдэнэс-Тавантолгой" компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны А6-20 бизнес төлөвлөгөөг холбогдох байгууллага, яамд, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулж чадлаа.
Өнөөдөр тогтоол нь баталгаажиж, хэрэгжиж эхэлж байна. Бид 2017-2020 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төлөвлөгөөгөөр зургаан том ажил амжилттай хэрэгжүүллээ.
-Цаашид бид таван жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүд, охин болон хараат компаниудын бизнесийг хөгжүүлнэ.
-Ирэх жилүүд үндэсний бүтээн байгуулалтын жилүүд байх болно. Үүнийг бид үсрэнгүй хөгжлийн үе гэж нэрлэхээр болсон.
-Таван жилийн хугацаанд нийт 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ өнөөдөр 13.4 их наядаар үнэлэгддэг. Энэ нь гэхдээ бизнесийн үнэлгээ биш. Өөрөөр хэлбэл, 15 тэрбум ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнээр гаргасан үнэлгээ юм. Бид олон улсын аудитын итгэмжлэгдсэн том компаниар үнэлгээ хийлгэсэн. Таван жилийн дараа 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжих юм.
-20 төсөл хэрэгжүүлж, 5500 ажлын байр бий болгох зорилт тавьж байна.
Өмнөх бизнес төлөвлөгөөнөөс амжилттай хэрэгжүүлсэн зургаан ажлыг товч танилцуулъя.
- Нүүрсний нөөцийг анх удаа Тавантолгой ордын хүрээнд батлуулсан.
- Компанийн үнэ цэнийг шийдвэрээр биш бизнесийн агуулгаар нь тогтоосон. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөг биш 1041 төгрөг гэж тогтоосон.
- Алдагдалгүй, өргүй болгож, ашигтай ажиллуулсан.
- 1072 хувьцааг анх удаа амилуулж ногдол ашиг олгосон.
- Төмөр замын болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" компанийг санхүүжүүлдэг.
- Ажлын цалин хөлс нэмэгдэж, ажиллах орчин нөхцөл сайжирсан нь А6-20 төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд урьдач нөхцөл болно.
Хэрэгжүүлэх, хамтарч ажиллах, дэмжих гэсэн үзүүлэлттэй 20 төсөл бий. Эдгээрээс найман төсөл нь бидэнд шууд хамаарна. Тодруулбал,
- Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам
- Тавантолгой-Зүүнбаян төмөр зам
- Тавантолгой дулааны цахилгаан станц
- Уулын тоног төхөөрөмж
- Усан хангамжийн төсөл
- Нүүрс баяжуулах үйлдвэр
- Конвейерийн систем
- Ачилтын нэгдсэн байгууламж, нүүрс ачилт, логистикийн төв гэсэн төсөл байна.
Ингэж ажилласнаар 2023 оноос жилд 7 их наяд, 2024 онд 9.1 их наяд, 2025 онд 10 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллана. Цэвэр ашиг нь 2013 онд 2.6 их наяд, 2024 онд 3.2 их наяд, 2025 3.7 их наяд төгрөг байна. Үүнээс хойш өсөн нэмэгдэж, 1072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл 669 мянган төгрөгийн ногдол ашиг авна.
Энэ онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний нэг их наяд төгрөгийг үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ. 1.5 их наяд төгрөгийг бонд босгох замаар олно. Тодруулбал, ETT бонд гаргахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өгсөн. Энэ нь анх удаа иргэд, аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчдадаа нээлттэй зарлаж байгаа бонд юм. Монгол улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байх нээлттэй хэлбэрээ зарлаж байгаа юм. Бид гуравдугаар сарын 25-нд зарлаж, гуравдугаар сарын 30-нд арилжаа явуулахаар төлөвлөсөн" гэлээ.