АН-ын бүтэлгүйтсэн “Бурмаа ажиллагаа”
2014/05/05
АН-ын бүтэлгүйтсэн “Бурмаа ажиллагаа” Сонгууль өгөхдөө гоёлын дээлээрээ гангарч, төрөө хүндэлдэг уламжлал холдсоор төрийн түшээдээ хүндлэх түмний хүндлэл хөрч, тэдний болчимгүй үг, үйлдэлд харамсч, эмгэнэж цөхрөөд, одоо зүгээр л ханцуй дотроо инээж шоглох болов.
Энэ засаг иймэрхүү хошин үзэгдлийг өдөр бүр дэглэх болжээ. Зарим нь Солонгосын "Савангийн дуурь" шиг нэлээд хэдэн ангитай бололтой. Хамгийн сүүлийнх нь "Давхар дээл"-ийн драм. Хэдэн сар хэчнээн чухал хууль болохыг улсын Ерөнхийлөгчөөс улс төрийн нам хүртлээ ам уралдан ярьчихаад, эцэст нь унагаж байгааг нь харахаар драм гэхээс яахав. АН-ын хувьд бүр ч эмгэнэлтэй жүжиг. Учир нь хуулийн хугацааг 2016 оноос үйлчлүүлэх гэж зүтгэхдээ, бэлдсэн тактикууд нь намынхаа нэр, олонхи болсон засаглалынхаа нэрийг ихэд унагав. Зорилгодоо хүрэхийн тулд PR-чдынхаа зөвлөгөөгөөр "Бурмаа ажиллагаа" явуулсан нь хүртэл бүтэлгүйтэв. "Давхар дээл"-ийн төслийн эхний хэлэлцүүлэгт намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгснийхөө төлөө түүнийг намаас хөөх хүртэл асуудал хурцдав. Гэтэл тэр ганцаараа биш өөр гурван гишүүн эсрэг кноп дарсан байхад ганц Р.Бурмааг оролдсон нь өөрийнх нь хэлснээр ёстой л эмэгтэй хүн болохоор элэг барьсан хэрэг болов. Үүнийгээ АН-ынхан тойргоос биш жагсаалтаар орж ирсэн учраас гэж тайлбарлав. Харамсалтай нь энэ ажиллагаа анхнаасаа биш байснаас сөрөг хүчинд өгөөш болж, олон нийтийн эгдүүцлийг хүргэхээс цааш хэтэрсэнгүй. Хууль эрхзүйн үүднээсээ ч буруу байгааг хүмүүс хэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд "Бурмааг намаас хөөх тухай яригдсан нь буруу гэж үзэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө шийтгэл хүлээдэг байна гэж байхгүй. Тэгээд ч Үндсэн хуулийн 23-ын нэгд, "УИХ-ын гишүүн бол ард түмний элч" гэсэн байдаг. Түүнээс биш, АН-ынх гээгүй. Мөн УИХ-ын гишүүн л гэж байхаас тойргийнх, жагсаалтынх нь гэж байх ёсгүй" гэж саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Аливаа асуудал болгон дээр өмнөө барьж ярих дуртай УИХ-ын халдашгүй байдал талаас нь харсан ч үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хариуцлага хүлээлгэх эрх ямар ч намд байхгүй. Намын дүрэмд тийм заалт байлаа ч гэсэн хуулиас илүү үйлчлэлтэй шийдвэр гэж байхгүй. Хөөж туух тухай энэ ярианы эсрэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа үзэл бодолдоо үнэнч зогсч, зоригтой дуугарсан нь олон нийтэд улам ч таалагдсан. Тэрээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр "Засаг тогтвортой байлгах шаардлага тавилаа, тэр байтугай намын бодлогыг дагасангүй, тиймээс намаас хөөнө гэдэг нь хэдэн он бэ гэмээр юм яриад байна. Би 25 жилийн амьдралаа ардчиллын төлөө зориулахдаа төрийн дээр нам сандайлахыг болиулах гэж, эрхзүйт төрийн төлөө явж ирсэн. Гэтэл одоо нам нь төрийн дээр сандайлчихаад, намын удирдлагын нэрээр хэдхэн хүн УИХ-ын гишүүнийг, ард түмний элч болсон төлөөлөгчийг дарамталдгаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүд давхар дээлтэй сууж байхдаа Засгийн газрын оруулж ирсэн бичиг баримт хэчнээн хуудуутай, цоорхой, зөрчилтэй байсан ч кабинетийн зарчим гэдэг нэрээр амаа үдүүлээд сууж байгаа шүү дээ" гэсэн үгээрээ тэгж амархан элэг бариулаад байх улстөрч биш гэдгээ харуулсан. Өөрөөр хэлбэл, болхи тактик нь АН-ыг бүдгэрүүлж, Р.Бурмааг тодруулав. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн УИХ- ын чуулган дээр дээрх дөрвөн гишүүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд "Давхар дээл"-ийн хэрэгжилтийн хугацааг наашлуулах дээр санал өгсөн нь АН- ынхны PR-чдын цуврал төлөвлөгөөг нурааж, энэ төслийг унагахаас аргагүйд хүрсэн болов уу. Ингээд хэдэн сар эдийн засаг, иргэдийн амьжиргаанаас чухалд яригдсан "Давхар дээл" үгүй болов. Гэхдээ АН-ыханд бас нэг ажил үлдсэн. Намынхаа бодлогын эсрэг санал өгсөн, намын жагсаалтаар гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох ажил үлдлээ. Өөрөөр хэлбэл, яг ийм шалтгаанаар намаас хөөгдөх тухай донго сонссон Р.Бурмаатай адил хариуцлага тооцох учиртай. УИХ-ын дарга болохоор эсвэл эрэгтэй хүн болохоор, нь дуугүй өнгөрдөггүй л юм бол намын дүрэм журам адилхан л үйлчлэх ёстой. Харин З.Энхболд даргын хувьд "Намаас хөөх нь буруу. Намын дүрэм Үндсэн хуульд нийцэх үүрэгтэй. Энэ тал дээр арга хэмжээ авахуулна" гэж байна лээ. Ийнхүү танхимын зарчмаа нэгэнт алдаж, сайд нар нь өөр хоорондоо хөлөө жийлцсэн энэ засаг нам дотроо ч бодлого алдагдсан нь энэхүү "Давхар дээл"-ээс үүдэлтэй явдал харуулж байна. Энэ хуулийн төсөл унаснаар сайд нар давхар дээлтэйгээ үлдлээ, засаг тогтвортой боллоо хэмээн АН-ынхан чуулганы танхимд алга ташиж харагдсан. Ер нь жүжиг таалагдсан, эс таалагдсанаас үл хамааран алга ташдаг нь урлагийн ертөнцөд байдаг л хүндэтгэл. Харин утстөрчдийн энэхүү алга ташилт засгийг өмнөхөөсөө илүү тогтворгүй болгож, АН-ын механик нэгдлийг ганхуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эсрэг дөрвөөс гадна З.Энхболд ил гарсан, Х.Баттулга өргөдлөө өгсөн, хоёр сайд /Н.Батбаяр, А.Гансүх /нь мэдэгдэл шидэлцэн хэрэлдэж эхэлсэн зэрэг улс төрийн дараагийн "халуун" үйл явдлуудаа тус намынхан алга ташин угтаж авлаа.
Зочин · 2014/05/06
NAM GEDEG XOGIIN BAIGUULAG
Зочин · 2014/05/06
NAM GEDEG XOGIIE BAIGUULAG