Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав
2021/03/26
Өнөө шөнө Завханы зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөртөө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас хайлмагтан орж, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа.
2021 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.