М.Алзахгүй: Залуучуудын байгууллага улс төржих биш ирээдүйн манлайлагчдыг бэлдэхэд хэрэгтэй
2014/05/05
Ардчилсан хүчний холбооны дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Алзахгүйтэй улс төрийн намын залуучуудын байгууллага, залуусын хөгжлийн талаар ярилцлаа.
-Танай залуучуудын байгууллага ямар ажил амжуулж байна вэ. Өнөөдөр залуучуудын байгууллагын уур амьсгал нийгэмд нэг их сонсогдохгүй нам жим байна?
-Аливаа олон нийтийн байгууллага болгон өөрийн гэсэн зорилго, үйл ажиллагаатай байдаг. Манай залуучуудын холбооны гол философи нь зөв манлайлагч залуу хүнийг бэлдэхэд оршиж байгаа юм. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Залуучуудын байгууллага гэхээр л нийгэмд танигдаад жагсаал цуглаан хийгээд явах нь чухал биш л дээ. Намын залуучуудын байгууллагуудад иргэд, олон нийт шүүмжлэлттэй ханддаг. Хэт улс төрчсөн, хийсэн бүтээсэн ажил багатай гэдэг ч юм уу шүүмжлэх зүйл олон. Залуучуудын байгууллага бодитоор бүтээн байгуулалт хийхгүй ч оюун санааны хувьд өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Залуучууд ирээдүйд улс төрийн ажилд оролцох, улс орны бодлого гаргах хэмжээнд бэлтгэгдэх газар нь намын залуучуудын байгууллага байх ёстой. Гэхдээ харамсалтай нь тийм байж чадахгүй байгаа. Бидний эргэн тойронд хэт их улс төрчиж, үнэн худлын ялгаан дунд залуучууд төөрөлдөж аливаа зүйлийн зөвхөн хэлбэрийг харж ханддаг болсон. Ардчилсан намын дэргэд АЗХ, МАН-ын дэргэд НАМЗХ, зарим нэг улс төрчдийн үүсгэн байгуулсан бусад холбоодыг харахаар нэгэн хуучинсаг үйл ажиллаагаатай харагддаг. Залуучуудыг жагсаал цуглаанд ашиглах, гар хөл болгож зарах гэхээсээ илүүтэй ирээдүйн боловсон хүчин гэж харах ёстой. Залуучууд мэдлэгэ, боловсрол, ажил хөдөлмөрөөрөө уралдаж, аливаа шүүмжлэлтэй зүйлүүдэд үзэл бодлоо баримт нотолгоотой, логиктой хандаж, нийгмийн сэтгэл зүйд зөвөөр нөлөөлөх нь чухал юм.
-Тэгэхээр намын залуучуудын байгууллагууд юу хийх ёстой юм бэ?
-Өөрсдийгөө хөгжүүлэх, сайн боловсон хүчин болж бэлтгэгдэх ёстой. Хэн нэг даргын цүнх барьж гүйхээсээ илүүтэй, сайн мэргэжилтэн оюунлаг нэгэн болж төлөвших ёстой болов уу. Залуучууд оюунаараа өрсөлддөг байх ёстой. Мэдлэгэ чадвараараа өрсөлдөж, бусдаасаа илүү нь ажил албан тушаал хашдаг, төрөөс ачаа үүрүүлдэг байх хэрэгтэй. Тухайлбал намын дэргэдэх залуучуудын байгууллагын дунд телевизээр нээлттэй параламентын мэтгэлцээн зохион байгуулж болно шүү дээ. Ингэснээр аль нэг байгууллага нь өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зөв замаар шийдэж байгаа нь нээлттэй харагдана. Залуучууд бид ямар намд харъяалагдахдаа гол нь биш хамгийн гол нь Монгол гэсэн нэг итгэл үнэмшил дээр нэгдэж сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна.
-Гэвч өнөөдөр мэдлэгэ боловсролтой сайн залуучуудыг улс төрийн намууд дэмждэг нь хэр юм бол. Тэгж харагддаггүй?
-Өндөр боловсрол эзэмшсэн сайн залуус залуучуудын холбоодод бий. Нэг талаас өндөр боловсролтой, нөгөө талаас ёс суртахууны өндөр төлөвшилтэй залуучууд л хэрэгтэй байна гэдгийг хаана хаана ойлгож байна. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хүүхэд, залуучууд эзлэдэг. Ер нь манай улс бол залуухан улс гэж хэлж болно. Тиймээс залуучууд бидэнд улс эх орноо авч явах хариуцлагатай мөч удахгүй ирнэ. Тэр цаг ирэхэд та бид бэлэн байх нь юунаас илүү чухал юм. Нэг ийм үг байдагдаа “Цаг хугацааны луужин тань руу харахад та бэлэн үү” гэж. Тиймээ бид бэлэн байх ёстой.
-Залуучуудын улсынхаа хөгжил, бодлогод тэр бүр оролцож чадахгүй байна. АН гэхэд л залуучуудаа дэмждэггүй гэдэг шүүмжлэлд өртөж ирсэн?
-Манай улсын нийгэм эдийн засагт маш их өөрчлөлтүүд гарч байна. Гэвч бид үүнийг хөгжиж байна гэвэл үгүй юм. Ер нь бид хөгжил гэж зүйлийг аль талаас харж байгаагаас ихээхэн хамаарна. Өндөр байшин, үнэтэй машин бол хөгжил биш гэдгийг манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн манай улсын мэдээ мэдээлэл хүртэл хэт их популист үзлээр аливаад хандаж байгаа нь залуучууд бидний нүдийг хаахад хүргэж байгаа юм. Аливаа зүйлийн агуулга руу хандаж байх нь бидэнд чухал юм. Илүү бодитой ханддаг баймаар байна. Тухайн орны хөгжиж дэвших нь залуучууд бидний боловсрол, ёс зүй, ажил мэргэжил, шудрага байдал гэх мэт маш олон зүйлээс шууд хамааралтай. Бид өнөөдөр эдийн засаг муу байна, санхүүгийн хямрал болж байна, иргэд ядуу байна гээд л маш олон зүйл ярьж байна. Гэвч түүний мөн чанар нь юу вэ, яагаад бид ийм болчихвоо гэдгийг хэн ч хэзээ ч ярихгүй байгаа нь харамсалтай. Залуучууд улсын бодлогод оролцож чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс залуучууд орон зайгаа бий болгож улсын бодлогод оролцохын төлөө тэмцэх нь чухал.
-Улс төр, улсын хөгжилд голлон оролцох, бодлого тодорхойлох боловсролоо өнөөгийн залуус хэр авч чадаж байгаа бол?
-Хүний хөгжлийн нэг чухал зүйл бол боловсрол. Ялангуяа хүн арван жилийн боловсролоо сайн эзэмших ёстой. Хүүхдийг бага байхаас нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй болгох боловсролын систем бидэнд хэрэгтэй байна. Тэр хүүхэд математик, физикт сайн байхаас илүү эх оронч, гэр бүлсэг, хамт олонч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Мөн худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэдэг сэтгэлгээ төлөвшсөн байх ёстой. Өнөөдөр өндөр боловсролтой залуучууд маш олон байна. Гэхдээ бидэнд зөв залуу хүн хамгаас чухал хэрэгтэй. Зөв залуу хүн гэж ямар хүн бэ гэвэл, өндөр ёс зүйтэй, шудрага, хүнийг хайрлах сэтгэлтэй, нийгэмдээ өөрийн хувь нэмэрээ хэрхэн оруулах талаар тодорхой зорилготой. Өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй, тэрийгээ бусдэд илэрхийлдэг ийм л залуучууд болж хүмүүжих хэрэгтэй юм. Та мужаан, барилгачин, засварчин, дарга хэн ч байж болно гэхдээ таньд эх орныхоо хөгжилд энэ зүйлээр хөрөнгө оруулна гэсэн үнэт зүйл чухал хэрэгтэй. Миний хувьд эх орноо гэсэн үнэт зүйл маань бол Ардчилсан засаглалыг бэхжүүлэх юм. Аливаа зүйл зөвхөн ганц таниас эхэлдэг гэдгийг та бид ойлгох хэрэгтэй. Та өнөөдөр ямар үйлдэл гаргаж байна таны эргэн тойрон чинь тэр нөлөөлөлд автана гэсэн үг л дээ. Миний хувьд өөрийн гэсэн бүхэндээ шудрага, зарчимтай тууштай, хууль дүрэм журамын дагуу аливаад хандах нь чухал гэж боддог. Хууль дүрэм журам гэж байхгүй бол Ардчилал гэж байхгүй шүү дээ. Нэг агуу хүн хэлсэн байдаг юм. Өрнөдийн зохиосон хамгийн агуу зүйл бол систем гэж. Систем гэдэгийг өргөн хүрээгээр нь авч үзвэл ердөө зөв зохицолтой, энгийн ойлгомжтой тогтолцоо, хууль, дүрэм журам юм.
Г.Наран