Олон улсын байгууллагуудын энэ оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай таамаглалууд харьцангуй эерэг болсоор байна. Хэдийгээр "Ковид-19" цар тахлын улмаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнууд жигд бус сэргэлттэй нүүр тулж байгаа ч Хятад улс өнгөрсөн онд огцом сэргэлтийн замд орж, эдийн засаг нь цар тахлын өмнөх түвшинг давсан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх хүчин зүйл болох аж.

Энэ тухай Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт шинэчлэн гаргасан тайланд дурджээ. Тус тайлангаас харахад Хятад улсын эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшинг давсан бол бусад орнуудын хувьд цар тахлын өмнөх түвшингээс 5 хувиар доогуур байгаа аж. Энэ нь Хятад цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлтийг чирэх голлох зүтгүүр болохоор хичээж байгааг харуулна.

Манай улсын хувьд эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицож, улмаар 2021 онд эдийн засаг хурдацтай сэргэх төлөвтэй байгааг онцолжээ. Гэхдээ уг тайланд манай улсад сүүлийн хэд хоногт хурдацтай нэмэгдэж буй халдварын тархалтаас үүдэлтэй эрсдэлийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Тайланг боловсруулах явцад халдварын тархалт харьцангуй бага байсантай холбоотойгоор эерэг төсөөлөл гаргахад нөлөөлсөн байх талтай. Ямартаа ч манай улсын эдийн засгийг энэ онд 4.3 хувиар өснө гэж таамаглаж байсан бол сүүлийн байдлаар энэ төсөөллийг зургаа хүртэл хувьд аваачжээ. Өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй зээлүүд нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн сэргэлтэд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцсон аж. Үүн дээр нэмээд эрдэс түүхий эдийн үнэ өндөр байх төлөвтэй байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, уул уурхайн салбарыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцолжээ. Анх Дэлхийн банкнаас энэ онд зэс тонн нь 6300, алт 1740, нүүрс 57.8 ам.доллар байна хэмээн таамаглаж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар зэс 8929, 1725 ам.долларын ханштай байна.

Түүнчлэн, Хятад, Австралийн харилцаанаас үүдэж манай улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний ханш 2021, 2022 онд тогтвортой байх төлөвтэй байгаа аж.

Гэхдээ дэлхий дахинд "Ковид-19" цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх төлөвтэй учир эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл авчрах эрсдэл байсаар байгааг анхааруулжээ. Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтын төлвийг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн улс орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, хөгжиж байгаа улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ онд эдийн засаг огцом өсөх эерэг төсөөлөл байгаа ч вакцинжуулалтын хурд, нөөцөөс хамаарч гэнэтийн эрсдэлүүд үүсэх магадлал ч бийг анхаарах ёстой аж. Харин 2022 оноос дэлхийн ихэнх хүн ам вакцинжуулалтад хамрагдсанаар эдийн засгийн өсөлтөд үүсэх эрсдэлүүд намжиж, тогтвортой өсөх боломжууд нэмэгдэхээр байна. Хүн амын 75 хувиас 80 хувь вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд "Ковид-19" вирус тахлын хэмжээнд тарах эрсдэлгүй болно гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тодорхойлжээ. Хэрэв вакцинжуулалтын хэмжээ энэ түвшинд хүрсэн нөхцөлд иргэдийн амьдралын хэв маяг эргэж энгийн үеийнх рүү шилжиж, ямар нэг хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдалд орох шаардлагагүй болно.

Цар тахлын хүнд үеийг даван туулахаар эрмэлзэж, эдийн засгийн өсөлт рүү тэмүүлж байгаа улс орнуудад нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Энэ нь манай улсын хувьд ч тун хамааралтай сэдэв аж. Тодруулбал, 2020 онд тус бүс нутаг дахь ядуурал сүүлийн хэдэн арван жилд анх удаа буурсангүй. Цар тахлын улмаас, бүс нутгийн 32 сая хүн ам ядуурлаас ангижрах боломжоо алджээ. "Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн цочрол нь ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг тасалдуулж, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна" хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлсэн байна. Иймд 2021 онд эдийн засгийн сэргэлт эхэлмэгц улс орнууд хүн амын эмзэг бүлгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авахыг анхааруулжээ. Түүнчлэн, дижитал технологийн тэгш бус хүртээмжтэй холбоотойгоор амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох боломж доогуур байсан. Энэ байдал манай улсад илүү их байсан байх магадлалтай. Захын гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүд теле хичээл үзэх боломж хязгаарлагдмал, эцэг, эхийн анхаарал халамж сул байдлаас хамаарч хичээлээс хоцрогдох явдал түгээмэл байсныг салбарын судалгаа харуулсан. Иймээс боловсролын чанартай хүрээтээмжийг бий болгоход анхаарах шаардлагатайг сануулжээ. Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон нь олон улсын төлөв байдлаас харагдаж байгаа аж. Тодруулбал, Лаос улсад судалгаанд оролцогчдын 25 хувь, Индонез 83 хувь нь цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдсэн гэж хариулсан байна.

Мөн бүс нутгийн хэмжээнд эдийн засгийг сэргээх арга хэмжээний багцуудад "ногоон" арга хэмжээнээс илүүтэй "хүрэн" үйл ажиллагаа давамгайлж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, байгаль орчны асуудлыг хойш нь тавьж, эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг экологид халтай алхмуудыг хэрэгжүүлэх хандлага түгээмэл байгаа тул ногоон эдийн засгийг дэмжихийг уриалсан байна.

Г.БАТЗОРИГ