Давхар дээл тайлна, тайлахгүй гэх яриа гарсаар багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ удаад  давхар дээлийг тайлсан ч  Үндсэн хуулиндаа, тэр дундаа  2000 оны дордуулсан долоон заалтандаа өөрчлөлт оруулах хэрэгтэйг бие даагч гишүүд ярьсаар байгаа. Тэгвэл  энэ долоон заалт чухам ямар заалтууд вэ? Үүнийг хамтдаа эргэн  дурсгцаая.

Монгол Улс онд баталсан ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийг сахин мөрддөг.   Харин 1992 онд баталсан Үндсэн хуулиндаа 2000 онд дараах долоон өөрчлөлтыг  оруулсан байдаг. Тодруулбал,

1.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал.  Хорин хоёрдугаар зүйлийн хоёр:
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

2.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал Хорин дөрөвдүгээр зүйлийн нэг:
Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

3.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал, Хорин долдугаар зүйлийн хоёр:
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

4.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал,   Хорин долдугаар зүйлийн зургаа:
Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирс­нээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

5.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал,   Хорин есдүгээр зүйлийн нэг:
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
 

6.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал,   Гучин гуравдугаар зүйлийн хоёр:

Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;

7.      Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгуулал,  Улсын их хурал,   Гучин есдүгээр зүйлийн хоёр:

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асууд­лыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөв­шил­цөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

 

Эдгээр заалт нь хуйвалдааны үр дүнд хийгдсэн гэдгийг  одоогийн Үндсэн хуулийн цэцийн дарга  Ж.Амарсанаа хэлдэг бөгөөд  тэрбээр дордуулсан долоон заалтыг  засахыг  шаарддаг.  

Эцэг  хуулиндаа өөрчлөлт оруулахыг  УИХ-ын гишүүд үе үе сануулж дуугардаг. Хамгийн сүүлд бие даагч гишүүд,  Г.Уянга гишүүний хамт  ажил хэрэг болгохоо мэдэгдсэн.  

Үндсэн хуулиа өөрчилж болно.  Хамгийн гол нь  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд үндэслэгдэж, улс төрийн намуудын зөвшилцөөн, иргэдийн оролцоо, өргөн олноор хэлэлцүүлэгдэж байж шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль нь  Монгол улсын оршин тогтнох үндэс бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар ганц, хоёрхон өгүүлбэрт багтаагаад ярьчих сэдэв биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд их хянуур болгоомжтой хандах нь Монгол улсын иргэн та бидний  эрх, үүрэг юм.  Тиймээс  дордуулсан  долоон заалтыг  эргэн санууллаа.  

А.Баярмаа