УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдын сэнтийгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд хэд хонож байна. Хууль ёсоор бол долоо хоногийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж асуудлыг нэг тийш нь шийдэх учиртай.
 
Энэ дагуу өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар түүний сайдын албанаас сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж магадгүй юм байна.
 
Х.Баттулга гишүүн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болоод Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг юм. Энэ утгаараа хоёр байнгын хороо хуралдаж түүний асуудлыг хэлэлцэх тухай гишүүд хэлжээ.
 
Түүнийг хамгийн гол нь АН-ынхан сайдын албанд хүчээр авч үлдэх сонирхол байхгүй байгаа нь илт. Тэгвэл Х.Баттулга сайдын гаргасан уг шийдвэрт зарим гишүүд ямар байр суурьтай байна вэ? Энэ талаар “Зуун мэдээ” сонины өнөөдрийн дугаарт гишүүд байр сууриа илэрхийлжээ.  
 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Том салбар удирдаж том ажил хүлээж авчихаад хаяж байгааг нь ойлгохгүй байна.
 
-  Х.Баттулга сайд маш том салбар удирдаж яваа хүн. Том салбар удирдаж том ажил хүлээж авчихаад хаяж байгааг нь ойлгохгүй байна.
 
Юунаас болж өргөдлөө өгсөн нь чухал биш. Ажилаа гүйцэтгэж дуусгах нь чухал. Энэ утгаараа манай байнгын хороо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсоно.  
 
 
Шударга ёс эвслийн  бүлгийн дарга Н.Батцэрэг: Сайн ажил хийж байснаа гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гараад явчихаж болохгүй.
 
Сайн ажил хийж байснаа гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гараад явчихаж болохгүй. Ажил хариуцсан хугацаандаа ямар ажил хийсэн бэ? юу хийхийг төлөвлөж байсан бэ? зэрэг асуултууд хариултаа хүлээж байна.
 
 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хүвь хүний сонголтыг өмнөөс ярих нь оновчгүй
 
-Хүвь хүний сонголтын өмнөөс ярих нь оновчгүй. “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг дээ. Өөрөө зөв гэж бодож байгаа хүнийг би эндээс зөв буруу гэж ярих нь илүүц биз.
 
Б.Оргил