Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн  чуулганаар  Засгийн газраас  2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэхүү  тогтоолын  төслийг МАН-аас ихээхэн шүүжилж асуулт асуусан бөгөөд тухай бүрт нь  УИХ-ын гишүүн,  Ажлын хэсгийн ахлагч  Д.Зоригт хариулсан.  Тухайлбал  

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:  1810 төгрөгийн ханштай байгаа ам.долларыг 1000 төгрөг хүртэл бууруулна гэх юм. 1000  төгрөгөө байг гэхэд төсөв батлах үеийн ханшаар буюу  1380 төгрөгт хүргэх боломж байгаа юм уу?

УИХ-ын гишүүн,  Ажлын хэсгийн ахлагч  Д.Зоригт : Ам.долларын ханш буурах эерэг хүлээлт байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг татах  10 гаруй  заалт тогтоолын төсөлд тусгасан. Гадаад хөрөнгө оруулалт нэмэгдснээр ам.долларын ханш  буурах боломжтой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газар УИХ-ыг хүчиндэж байна. 100 хоногийн энэ төлөвлөгөө чинь Төсвийн тухай хуулиа зөрчиж байгаа. 100 хоногийн  төлөвлөгөгөө батлуулчихаад төсвийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг чинь өөрөө хууль зөрчсөн хэрэг.

УИХ-ын гишүүн  Р.Гончигдорж: Хаалтын гэрээ гэж ямар хуулинд байдаг заалт вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбосон байх юм. Эсвэл хэвлэл мэдээллийг хаахгүй, татан буулгахгүй гэж байгаа юм уу? Хаалтын гэрээ гэдгийг хаалтанд хийж болохгүй юу?

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Энэ санал анхны хэлэлцүүлэгээр дэмжигдээгүй. “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглосон. Энэ саналыг гаргасан Ц.Оюунбаатар гишүүнээс асуусан нь дээр.

Үүгээр гишүүдийн  асуулт дуусаж  зарчмын зөрүүтэй гурван санал дээр санал хураасан юм.  Санал хураахад  байнгын  хорооноос гарсан  шийдвэрүүдийн дагуу  бүгдийг  олонхийн саналаар дэмжсэн юм.  Харин сүүлийн асуудал болох Оюутолгойн далд уурхайтай холбоотой заалттой холбоотойгоор гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа.  Тодруулбал,

 Энэ заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Баярцогт нэмэлт мэдээлэл өгсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт: Энэ тогтоолын үзэл санаа бол чухал. Одоогийн байдлаар хэрэгжих магадлал муу. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын 3-2 нь зөвшөөрөх ёстой. 2008-2009 оны хямралыг АН-МАН хамтарч давсан. Энэ бол Монголчуудын хувьд түүхэн жил байсан. Эдийн засаг эрс өссөн. Бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь авсны дүн. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол яг энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж байгаа энэ үед би зөвшилцөж чадахгүй байна. Тиймээс харилцан диалог эхлүүлэх шаардлагатай байна. Одоогийн Засгийн газарт МАН-аас ороогүй. Тиймээс Засгийн газарт өөрчлөлт оруулж МАН-аас оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ бүхэн цаасан дээр үлдэх гээд байна.

С.Баяр дарга муу, сайнаараа хэлүүлж байсан ч хямралыг даваад гарч байсан. Бидэнд Үндэсний эв санааны Засгийн газар хэрэгтэй байна. Яриа хэлэлцээрт орж ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Огт холбоогүй үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Сүүлийн 14 хоногт бид ярилцаад дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн. Далд уурхай яагаад зогссон бэ? Үүний учир шалтгааныг нь тодруулахгүйгээр цаашаа явна гэсэн ойлголт байхгүй. Нэр төдий ийм заалтан дээр санал хураах шаардлага байгаа юм уу? Сүүлийн найман сарын турш МАН-аас эдийн засгийг аваръя гэдгийг ярьсаар ирсэн. Олон саналыг бид дэвшүүлсэн. Хүссэн хүсээгүй 2017 оноос бид өрөө төлж эхэлнэ. Тэр мөнгийг эртнээс бүрдүүлэх манай саналыг эхнээс нь унагсан. Биднийг ингэж маргаад 14 хонож байхад ам.долларын ханш 1790 төгрөгөөс 1810 болтлоо ам.долларын ханш өслөө.

УИХ-ын дарга З.Энхболд: Саналаа хураая. Үг хэлэх тусам санал унах магадлал өндөр байдаг.

УИХ-ын гишүүн  Л.Цог: Чухал заалт хэрнээ буруу байнаа. Гурван тооны учрыг олоогүй байж баталж болохгүй. Анхны хөрөнгө оруулалтын дүн. Хоёрт, гүний уурхай гэсэн заалт гэрээнд огт байгаагүй. Үүнийг шийдээгүй байж шавар зуурах гээд байна. Тиймээс дэмжих боломжгүй гэсэн санал байна.

Үг хэлж дууссаны дараа санал  хураасан.   Санал хураалтад  65 гишүүн оролцсноос дээрхи зарчмын зөрүүтэй саналыг 44 нь дэмжсэн  юм. Өөрөөр хэлбэл  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй гурав, найруулгын шинжтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар батлагдлаа.

Үүгээр  өнөөдрийн УИХ-ын чуулган  өндөрлөсөн юм.  
А.Баярмаа