Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н өнөөдөр тохиож байна.

 

Энэ өдрийн утга учрыг МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өмнө нь /2020.06.03тайлбарлаж байсныг дахин нийтлэв.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ БОЛСОН ТҮҮХ

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2,000 жилийн тэртээгээс тэмдэглэн иржээ. 

Харин бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй.

Тодруулбал, 19 зуунд улс, орнууд нэгнээ колоничилдог байдал үгүй болж, тус тусынхаа тусгаар тогтнолын байдлаа олж авсан.

Тухайн үед Азийн орнуудын улс төрийн нөхцөл байдал нь харилцан адилгүй, ихэнх улсад хатуу дэглэмт нийгэм зонхилдог байсан учраас бурхан багшийн тухай ойлголт тийм ч тод байгаагүй аж.

Харин 20 дугаар зууны үеэс хүмүүс бурхны шашны талаар илүү мэддэг болж, улмаар 21 дүгээр зуунд Бурхан багшийн ариун сургааль, энэрэл нигүүлсэл, энх тайванч байдал болоод шашин шүтэх эрх чөлөөг дэлхий ойлгож эхэлжээ.

1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Харин манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж иржээ.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ГУРВАН ТОМ ТЭМДЭГЛЭЛТ ЯВДАЛ ДАВХАЦДАГ

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  1. Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  2. Номоо номлож хутгийг олсон,
  3. Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

ТУХАЙН ӨДӨР ЯМАР ҮЙЛИЙГ ЦЭЭРЛЭЖ, ЯМАР ҮЙЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолж байв.

Мөн тэрбээр "Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

Одоо сонгууль ойртож байгаа учир хар Пи-Ар тэргүүтэй муу, муухай үг хэл, үйлийг маш ихээр тэвчих ёстойг сануулах нь зүйтэй.

Учир нь хүмүүс нэгнийгээ олны өмнө тэгж харлуулж, гүтгэн, гутаан доромжлох нь хэзээ ч сэтгэлээс нь арилахгүй өс хонзон тогтоож байдаг. Тэр өс хонзон нь цааш үргэлжилж, Монголыг нийгмээр нь эвдэх ч аюултай.

Бурхан багшийн Их дүйчин өдөр ядаж дээрх үйлүүдийг тэвчиж, бусад үед ч уг өдрөөр жишээлж сайхан амьдарцгаая гэсэн гэгээлэг бодлыг л тээх хэрэгтэй" хэмээн захисан юм.

САХИЛ САХИХ НЬ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН МУУ ҮЙЛИЙГ НОМХОТГОХ НЭГ АРГА

Бурхан багшийн Их дүйчин өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг.

Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж.

Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.

Мөн энэ нь бурхан багшийн үйл намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм.

Сахил сахихын цаана төгс гэгээрэлд хүрч, бурхны хутагийг ч олж болох гүн гүнгий утга оршин байдаг тухай ч Тэргүүн хамба Д.Чойжамц тайлбарлаж байлаа.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ

Сэтгэл гэдэг зүйл дээр л хүмүүний аливаа үйл хэрэг тогтож байдаг.

Тэр дундаа бусдыг хорлох гэсэн хомхой санаа, буруу үзэл нь сэтгэлээс гарч буй нүгэл бөгөөд хомхой сэтгэл үүсэн бий болж, хүчээ авснаар л бие, хэлийг хөдөлгөж, болохгүй бүх муу муухайг хийн, гэгээлгийг унтраахад хүргэдэг аж.

Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх явдал нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна.

Тухайн өдөр нүглийг тэвчиж буйгийн хамгийн гол нь утга нь, гагцхүү бусад өдрүүдийг ч энэ өдрөөр жишин ямагт ч муу, муухай үйлээс өөрийгөө сахин хамгаалж явах учиртайг сануулахад оршино.

АЛИВАА БАЯР, ЁСЛОЛЫН УТГА УЧИРТ НЬ НИЙЦҮҮЛЖ ТЭМДЭГЛЭХ УЧИРТАЙ

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Бурхан багшийн Их дүйчин өдрөөр жишин Монголын бүх баяруудыг зорилгод нь нийцүүлэх тэмдэглэхийг уриалсан юм.

Энэ тухай тэр хэлэхдээ "Бид эмэгтэйчүүдийн баяр, наадам, цагаан сар гэх мэт олон баярын утгыг алдагдуулж байна.

Тухайлбал, монгол түмний “Эмэгтэйчүүдийн баяр” гэж нэрийддэг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гол утга нь хуучны нийгэмд тэдний алдагдсан олон эрх, эрх чөлөөг сануулахад оршдог.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаагүй тэгш эрхтэй хүн гэдгийг л ойлгуулах гэсэн тэмдэглэлт өдөр.

Бурхан багшийн сургаалд ч эмэгтэй хүний бие, хэл, сэтгэл гурвын хувьсан өөрчлөгдөх шинж чанар нь эр хүнийхтэй яг л ижилхэн учир төгс гэгээрэлд хүрч болдог гэж үздэг.

Тийм ч учраас Ногоон дарь эх, Цагаан дарь эхээс эхлээд эмэгтэй бурхдууд олон байдаг.

Харин “Эрчүүдийн баяр” гэж нэрийддэг баяраар бид эх оронч хүмүүжилтэй танилцах, түүнийг ойлгох ёстой.

Гэвч эдгээр баяруудад эсрэгээрээ идээ ундаа, сархад ихээр хүртэж, уг баярынхаа утга учир, зорилгоос нь хөндийрүүлж буй нь харамсалтай.

Ер нь аливаа баярыг утга учирт нь нийцүүлж тэмдэглэх учиртай.

Утга нь алдагдсан баяр олширсон учраас л хүмүүст баяр, тэмдэглэлт өдөрт дургүйцэх шинж чанар ажиглагдаж байна.

Цагаан сар, Наадам ч гэсэн уламжлалт зан заншил, соёлоо хүүхдэдээ таниулах зорилготой баяр болохоос зугаацаж, идэж уухад зориулагдаагүй.

Тиймээс ч сүм, хийдүүд Бурхан багшийн дүйчин өдрийг зориулалтын дагуу тэмдэглэх уриатай юм.

Иймд иргэддээ ч Бурхан багшийн Их дүйчин өдрийг ямба ёсоор нь буюу нүглийг тэвчиж, буян хурааж тэмдэглээрэй гэж уриалж байна" хэмээн хэллээ.