“Дархлааг дэмжих цахим алхалтын долоо хоног” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Уг аяныг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Манай улсын нийт хүн амын 18-69 насныхны 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж буюу өдөрт 10000-аас дээш алхам алхаж байна. Энэ нь монголчууд өдөрт дунджаар 2737 алхдаг гэсэн үзүүлэлт юм.

 

Харин 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. Хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жинтэй байна.

 

Мөн алхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76 хувь нь ашигладаггүй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс аяны үндсэн зорилго нь алхалтаар дархлаагаа дэмжихээс гадна олон нийтэд алхалтын ач тусыг сурталчлах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндээ хамгаалах, алхалтын тоогоо хэмжиж ач холбогдлыг нь тооцоолж сурах, алхалтын мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон талын зорилго, ач холбогдлыг агуулж байгаа аж.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин