УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  "Тамхины хяналтын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийг талцуулаад авсан билээ.

Тамхи хүний эрүүл мэндэд хортой, тамхи татах тусгай цэг байгуулах нь бүүр ч хортой гэж ихэнхи гишүүн үзсэн. Тэр ч бүү хэл нэг нэгнээ архаг тамхичин, мансуурагчид гэх нэрээр ч цоллоод авсан. Өнөөх архаг тамхичин, мансуурагчдын нэг нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гэсэн.

Тэрбээр "одоо хэрэгжиж байгаа хууль хүнийг хаана ч тамхи татах эрхгүй болгочихсон.  Үүнийг л болиулчихъя, цэг байгуулъя гэсэн саналыг О.Баасанхүү гишүүн оруулж ирлээ. Тамхи татах нь миний эрхийн асуудал. Үүнийг яагаад бүдүүлгээр халдаад байгаа юм бэ. Гадаа -40 хэмийн хүйтэнд тамхи татдаг эрхэм ял эдэлж байгаа юм шиг байж болохгүй. Хэн нэгнийг яллах гээд байж болохгүй. Тамхи татдаг эрхийг бүдүүлгээр хааж болохгүй.  Харин 500 метр гэдэг зай нь байж байг" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан. Ийн тамхи татах цэг байхгүйгээс үүдэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат албан тасалгааны цонхоо нээж байгаад тамхиа татдаг талаар хүртэл энэ үеэр хэлээд хаана тамхи ёстойг асуусан. Гэтэл энэхүү өөрийн үнэнээ хэлсэн гишүүн Д.Эрдэнэбатыг  Л.Эрдэнэчимэг гишүүн МХЕГ, Нийслэлийн Мэргэжлийн газарт гомдол гаргажээ.

Түүний үнэнээ хүлээсэн тэрхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн” гэж үзэн мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж торгуулах хүсэлт илэрхийлжээ.

Тэгвэл бусдын алдааг оноог гярхай олоод харчихдаг О.Баасанхүү гишүүн АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ногдох ёстой торгууль аль хэдийнэ 40 саяыг давсан тухай мэдэгдсэн юм. Тэгэхээр бусдаас хууль дүрмээ ягштал биелүүлэхийг гарамгай сайн шаарддаг Д.Эрдэнэбат дарга УИХ-аар батлан гаргасан хууль зөрчсөн нь маргашгүй үнэн болохоор яах аргагүй 40 сая төгрөгийн торгууль төлөх ёстой болжээ. Харин өөрийнхөө батлалцсан хуулийг хэрхэн биелүүлэхийг сонгогчид нь сайтар ажиглан харж суугаа гэдгийг эрхэм дарга бодолцож  яваа байлгүй дээ.

 

                

Х.Даваа