Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж байгаа билээ. Өнөөдөр тэд хэвлэлд хандлаа.

Энэ үеэр  эмч нар “Монголын эрүүл мэндийн салбар туйлдаад удаж байна. Бид ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Одоо 3100 эмч, сувилагч халдвар аваад байгаа. Бид зургаадугаар сарын 29-нөөс хойш жагсаж байгаа ч төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй.

Ийм байвал эмч, сувилагч болох хүн олдохгүй. 400.000 төгрөгийн цалин аваад ийм ачаалалтай ажиллахыг хэн хүсэх вэ. Эмч, сувилагчдыг амь насны эрсдэлийн даатгалд хамруулахыг жагсаж байна. Бид зургаадугаар сарын 29-нөөс хойш энд жагсаж байгаа.Эмч, сувилагч нар ээлжийн амралтаараа БНСУ-д ажиллаж, өр, зээлээ төлдөг. Бид ажлын ачаалал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн. Гэртээ харих ч завгүй, ар гэр, амьдралаа умартаад олон сар ажиллаа.

Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг харгалзана. Наашаа шийдвэр гаргахгүй бол улс даяар ажил хаялт зарлана.