Өнгөрөгч долоо хоногийн гол асуудал Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулах асуудал байлаа. Анх МАХН-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлэлтэй гэгдэх энэ хэрэг дан ганц бусад намын хэрэг бус давхар дээлээ тайлах тэр дундаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хүний ёс зүйтэй холбоотой асуудал байсан учир МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.

УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, АН-ын листийн хоёроор орж ирсэн хууль зүйн сайдын тухай хэдэн үгээр ёс зүй гэгч чухам юу болохыг тайлбарлахыг хичээе.

Нууцын зэрэглэлтэй асуудлууд хэмээн ард түмэнд хууль зүйн байнгын хороо зарим огцруулах үндэслэлийг тайлбарлаагүй ч ёс зүйг эрхэмлэдэг АН-ынханаас есөн гишүүн багтдаг тус байнгын хорооны арван таван гишүүн оролцсон хурлаар арван хоёр нь дэмжсэн. О.Баасанхүү гишүүний хувьд тохиролцоонд хүрсэн гэж хардагдаж байгаа ч тагнаж чагнасан Х.Тэмүүжинг огцруулах санаагаа огтхон ч орхиогүй гэдгийг намынх нь нөхөд болон бусад намын гишүүд ч илэрхийлсээр байна.
 
Намын даргын дараагаар листны хоёроор гарч ирнэ гэдэг бол хэрийн хүнд олдоод байдаг боломж биш. Баянгол дүүргээс хоёр сонгуульд нэгд нь сонгогдож нөгөөд нь “сонгуулж” гарч ирсэн эрхэм гишүүний хувьд хууль зүйн салбарыг “хууль үйн” салбар болгож байгаа нь үнэн. Намын олонхиор түрүү барьж цагдаагийн албаны хуулийг өөрчлүүлж хуульзүй дотоод хэргийн яамыг эх толгойгүй болгож буй Тэмүүжин сайдыг цэвэр хүн гэж бодож байсан олон хүний сэтгэл рүү ус цацсан нь сүүлийн үед харагдах боллоо. Эх орон ад иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө амь насаа үл хайрлан зүтгэнэ гэсэн үгийг худалч хүнд буу барих эрхгүй цагдаагийн албан хаагч аюул тулгарахад зугт гэсэн утга санаагаар өөрчилсөн нь саяхан тангараг өргөж буй албан хаагчдын амнаас гарахыг сонсоод харамсах ч шиг.
 
2008 оны 7 сарын нэгэн Энэ өдрийг Монголын түүх мартахгүй. Тухайн үед ёс зүй яриад сонгуулийн дараа шорон тойрсон эрхэм гишүүн хууль зүйн сайд болох бэлтгэлээ базааж Монголын шоронгоос ашиг харж байсныг одоо бүр ч илүү мэдрэх боллоо. Эмнэлэг сургууль барихгүй байж шорон барьлаа гэсэн ард олны үгийг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаж яваа Тэмүүжин сайд нийслэлийн дотор шорон байгуулахгүй гэсэн амлалтаа зөрчин нисэх явах замд тансаг зэрэглэлийн шорон барьчихаад инээж явах. Твиттер гэгчид жиргээчдийн уран үгийг улам өөгшүүлэн өөрөө ч оны онцлох жиргээчин болох шахаж яваа нь ч нууц биш. Огцрох огцруулах асуудал орж ирмэгц нэг заль зохиодог нь түүний үнэн нүүр царай.
 
Өнгөрсөн онд хуульзүйн сайдын талаар бас ч үгүй шуугиан дэгдэхэд өөрийгөө хамгаалан хоригдож буй цагдаагийн албан тушаалтаны гэргийн мэссежээр олны анхаарлыг өөр тийш хандуулан аргацаасан. Энэ удаа ямар зүйл гаргаж ирэх бол. Үнэхээр цэвэр эх орноо гэсэн ёс зүйтэй бол тэрээр суудлаа өгч давхар дээлээ тайлахад бэлэн л байх. Ёс зүй ярьдаг АН ыхан ёс зүйгүй сайдаа хэр удаан хамгаалах бол. Хар тамхи татдаг охин шоронгоос мэссеж илгээхэд газрын дарга Алтангэрэлдээ үүрэг өгч өмгөөлөгч хүртэл олуулсан баримт ч буй. Түүнийг “аавынхаас”гарсаны дараа ч мэссежны “амраг” ууд болсоор байгаа талаар зарим эх сурвалж хэлдэг.
 
Дан ганц үүгээр зогсохгүй гэнэ. Төрсөн үрээ гадаадад боловсрол эзэмшүүлэхийн тулд хүнд өргүүлж байсан жишээ ч бий. Мөн сонгуулийн үеэр зочид буудал байсан барилгыг улсын хөрөнгөөр худалдан авч Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг болгосон тал ч бий. Хөгжил хотхоны урд байрлах найзынхаа зочид буудлыг худалдан авч хүүхдийн эмнэлэг болгосон нь нэг талдаа эмнэлэг хүрэлцээгүй үед сайшаалтай хэдий ч Тэмүүжин гэсэн нэрнийхээ Т үсгийг хасаад Эмүүжин хэмээн нэрлэсэн нь “хачирхалтай”гаар олон хүний инээдийг хүргэж байна. Зарим нэгэн бүр барилга бариулж чаддаггүй юмаа гэхэд зочид буудал байсан газар хүүхдийн тэр дундаа нярайн эмнэлэг байгуулах ч гэж дээ хэмээн сэжиглэснээс дахин дахин эмнэлэгийн хаалга татдаг гэнэ. Үнэхээр ч Монголчууд сэжигээр өвдөж сүжгээр эдгэдэг дээ.
 
Түүний тухай огцруулах асуудал яригдаж эхлэхэд хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж ийм ярилцлага өгч байсныг санаж байна
 
-Хууль зүйн сайдыг гурван үндэслэлээр огцруулахыг тогтоолын төсөлд оруулсан байсан. Харин хаалттай хуралдаанаар өөр олон асуудал хөндөгдсөн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
  -О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүдээр огцруулах болсон. Тухайлбал, Имрай аппарат тос дамжуулах хоолой барилгын хавтан унасны улмаас эвдэрч 350 орчим сая төгрөгийн хохирол учирсан нь үнэн.
 
 
-Х.Тэмүүжин гишүүн хар тамхи хэрэглэдэг охидтой холбоотой гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлыг  байнгын хороо юу гэж үзсэн вэ?
-Энэ талаар тодорхой шийдвэр гараагүй.
 
 
-Таны хувьд сайдыг огцруулахыг дэмжсэн байна. Аль үндэслэлийг нь голлож дэмжсэн бэ?
-Энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал. Өчигдөр байнгын хорооны гишүүд мэдээлэл авч ярилцаад бүгд өөрийн үзэл бодлоор санал өгсөн.
 
 
-Тэгэхээр Х.Тэмүүжин сайдад хууль зөрчсөн асуудал их байсан гэж ойлгож болох уу?
-Хууль зөрчсөн гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага алдсан гэж хэлмээр байна. 2014-04-25MNB.mn
 
Үүнээс харахад хуульзүйн сайдын ичих булчирхай ажиллаж зөөлөн суудлаасаа зууралдалгүйгээр зайгаа тавьж өгдөг гадаадын олон сайд нарын жишигийг дагаж АН ын ёс зүйг дээдлээсэй гэж хүсэх байна.
 
Амрагийн холбоо тогтоох нь бүү хэл нэр холбогдоод огцорсон сайдууд гадаадад олон бий. Үүний тод жишээ бол АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон өөрийгөө Моника Левинский гэдэг бүсгүйтэй холбоотой байсан тухайгаа дэлгэж, улстөрчдийн дундах хамгийн эмгэнэлтэй секс дуулианы эзэн болж байлаа. Тэд ийм явдлаас болж албан тушаалаасаа огцрох нь бүү хэл, улстөрийн карьераа төгсгөл болгох нь энүүхэнд. Одоо бол АНУд Билл бус Хиллари Клинтон л улс төрч гэгдэж байна. Билл Клинтон америкийн олон нийт, гэргий Хилари, энэ дуулианы үеэр өөрийг нь хэмээн дэмжиж байсан бүх хүнээс уучлал гуйснаар арай гэж намдсан.Мөн Мароккийн бүжгийн хамтлагийн нэг гишүүн Руби гэгч охин Берлусконигийн  завин дээр зохиосон “бунга-бунга” үдэшлэгт оролцож. Италийн ерөнхий сайд асан эрхэм угаасаа эсрэг хүйсийнхэндээ дэндүү талтай байдаг болохоор насанд хүрээгүй Рубитэй бэлгийн холбоотой  болж 2013 оны зургадугаар сард Миланы шүүх 76 настай Берлусконид долоон жил хорих ял оноосон.
 
 
Юрий Скуратов болон хоёр танихгүй бүсгүй
 
1999 онд Юрий Скуратов шинэ оросын бас нэг секс дуулианы эзэн боллоо. Телевизийн “Россия” сувгаар “ерөнхий прокурортой төстэй хүний хоёр бүсгүйтэй амраглаж байгаа нь” гэсэн бичлэг тархаж  ОХУ-ын Ерөнхий прокурор үүнээс болж албан тушаалаасаа огцорсон.  Скуратов үүнийг зохиомол дүрс, тэгээд ч хэн байгаа нь танигдахгүй байна гэж маргалдсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон ч ерөнхий прокурор ажлаасаа салж төгссөн.
 
 
Доминик Стросс Кан болон буудлын үйлчлэгч
 
Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Доминик Стросс-Каныг зочид буудлын үйлчлэгч эмэгтэйн эрхэнд халдаж хүчирхийлэх гэсэн хэмээн  2011 онд Нью-Йорк хотноо баривчилж гэрийн хорионд суулгасан. Софитель буудлын үйлчлэгч, Гвиней гаралтай Нафиссатоу Диаллогийин заргын эцэст Стросс-Кан бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хоёр сарын өмнө огцорч, Францын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болж улс төрийн карьераа дуусгасан. Буудлын үйлчлэгчид бас 1,5 сая долларын төлбөр өгснөөр энэ хэрэг төгсгөл болсон.
 
 
Энтони Винер болон түүний секс мессэж
 
Ердөө өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хотын мэр Энтони Винер өөрийн нүцгэн зургаа нэрийг нь хэлээгүй нэгэн бүсгүйд явуулсан дуулиан дэгдэх нь тэр. Үндсэндээ үүнээс болоод тэрээр сонгуулийн сунгаанд оролцож чадахгүй болсон юм. Энэ бол түүний тухайд анхны ийм явдал биш. Хоёр  жилийн өмнө тэр бас яг ийм үйлдлээс болоод АНУ-ын конгрессийн суудлаа орхиж байжээ.
 
Цөөн хэдэн жишээ дурдахад л ийм байна. Хар тамхитай холбоотой хэрэгтэн бүсгүйтэй мэссэж бичсэн гэх ганц үндэслэлээрээ хуульзүйн сайд огцроход буруудах зүйл байхгүй. Үнэндээ ёс зүйн асуудал манайд ямар их хоцрогдмол байгааг Хуульзүйн сайдынхаа жишээн дээрээс харахад ойлгомжтой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Бүхэл бүтэн хууль сахиулах байгууллагынх нь тэргүүн ийм байгаа вм чинь хэн нэгэн хувийн ч бай хувьсгалын ч бай алан тушаалтай ичих булчирхайгүй байхй нь аргагүй л юм. АН ёс зүй гэгчийг ярихаасаа илүүтэй сахиулах нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудал болж байгаа юм биш үү.