Айраг, архийг нэг аягаар тойруулж уудгийг хориглох хуультай болмоор байна
2021/07/21
Коронавирусийн аюулт цар тахал хүн төрөлхтний соёл иргэншилд айхавтар том өөрчлөлт оруулж буйг бид харж байна. Ковидын дараа дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй дүрэм журам үйлчилж, цоо шинэ амьдрал өрнөнө гэдгийг эрдэмтэн судлаачид бичиж байгаа.
Хамгийн наад захын жишээ гэхэд гар барьж мэндчилдэг ёс байхгүй болж, хүн төрөлхтөн буддистууд шиг алгаа хавсран мэндчилэх болсон. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт зэргээс улс орнууд татгалзаж онлайн хэлбэрт шилжсэн. Ази, Европыг хамран жил бүр тогтмол болдог өндөр хэмжээний уулзалтууд цахимаар явагдаж, тухайн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд бодлого шийдвэр, байр сууриа нүүр тулан уулзаад ярьж байгаа мэт дэлгэцийн цаанаас маш чөлөөтэйгөөр илэрхийлж байна. Албан газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, нэг танхимд бөөнөөрөө цуглаж хуралддаг байдал онлайнд шилжсэн гээд хүн бүхний мэдэх олон зүйлийг дурдаж болно. “Өдрийн сонин” ч энэ тухай зөндөө бичсэн.
Харин монголчуудын аялал зугаалга нэртэй архидалт, дээрээс нь үсний найр, одонгийн угаалга, насны ой, аварга малчны баяр гээд найр наадаан хот хөдөөд тасрахгүй, хорио цээрийн үед улам даамжирч, гаарч байна. Хүн төрөлхтний соёлд эргэлт ирж байгаа бол монголчуудын ахуй амьдрал, зан заншил урьдынхаараа мунхаг бүдүүлэг, ой гутам хэвээр байна. Үндсэндээ бид айргаа нэг аягаар, архиа нэг хундагаар тойруулан ам дамжуулан ууж, нэгнийхээ нус шүлсийг амталж залгилсан хэвээр байна. Коронавирусийн аюулт цар тахлаас хэрхэн сэргийлэх зөвлөмжид хамгийн түрүүнд гараа сайтар савандаж угаах, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх, аяга халбагаа халуун усаар сайтар угаахыг онцгой анхааруулсан. Мөн коронавирус нь агаар дуслын зам, агаараар дамжих зам, ахуйн хавьтлын зам гэх гурван замаар голлон халдварлаж буйг Эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь жилдээ тасралтгүй мэдээлж байгаа. “Ковидоор өвчилсөн хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй хүн шууд халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байх хэрэгтэй. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй байх”-ыг дахин дахин зөвлөсөөр байгаа. Мөн ахуйн хавьтлын замаар, бохир гараар дамжих халдварт хүний гар хүрдэг эд зүйлс бүгд ордгийг хэлж, аяга таваг, халбага сэрээгээ өөр хоорондоо сольж болохгүйг анхааруулан, халуун усаар савандаж угаахыг цаг минут бүр сануулж байгаа.
Гэтэл монголчууд бид юун аяга тавгаа солихгүй, бохир гараар хүрэхгүй байх вэ. Гэр дүүрэн, танхим дүүрэн найрчид цуглаад тэнд байгаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд хамаагүй бүгд нэг аяганаасаа ууж дэлхий нийтийг сөхрүүлсэн аюулт цар тахлаар өвчилж болох гурван гол замын халдварыг нь дээд зэргээр зөрчиж байгаа. Үүний гороор халдварын тоо буурахгүй, нас барагсдын тоо буурахгүй байна. ЭМЯ-наас хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явахдаа бөөгнөрөл үүсгэж хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг шинжилгээнд хамруулахыг уриалж байна лээ. Ийн уриалах нь өөрсдийгөө болоод бусдыг хуурсан дэндүү өрөвдмөөр арга шиг санагдана. Бөөгнөрөл үүсгэх, хорио дэглэм зөрчих гэдэг бол юу ч биш. Үүнийг зогсоож ч чадахгүй. Харин хамгийн гол нь нийлж наргихдаа нэг хундагаар архиа тойруулдаг, найр наадамд нэг аягаар айргаа дамжуулж уудаг энэхүү “ёс заншил” гээч эрүүл мэндийг хорлосон зүйлийг шууд таслан зогсоох хэрэгтэй байна.
Цар тахлын нөхцөл байдал өнөөдөр тун аюултай түвшинд байгаа нь мэдээж. Гэвч ковидоос илүү монголчуудын зан заншлын улбаа нь өөрөө аймшигт “цар тахал” болчихоод байна л даа. Энгийн ганцхан жишээ хэлэхэд, хөдөө амарч байгаад хамаатан садан, ах дүү нарынхаараа орлоо гэж бодъё. Согтуу хөлчүү, айраг архиндаа хахаж цацсан, найрлаж наадсан хүмүүс байна. Тэдний бохир заваан гараар барьсан, нус шүлстэй шавхруугаа шингээж дамжуулж уусан аягатай айрагнаас хүүхэд гүйж очоод балгачихна. Үүнийг харсан найрчдын дотроос эрэгтэй, эмэгтэй хөгшин хөвөө хэн нь ч ялгаагүй “боль, заваан” гэж хэлэхгүй, харин ч төв газрын хүүхэд гэхэд сүрний нүүрэмгий юм, айраг уучихаж байна шүү гэцгээн дор бүрнээ магтан хөөрцөглөнө. Ийм л бүдүүлэг, соёлт хүн төрөлхтний нийгэмд байж боломгүй, өөрсдийгөө хэтэрхий доромжилсон, хүүхэд залуус ирээдүй хойч үедээ муу муухайгийн жишиг болсон энэ байдлаасаа одоо салах хэрэгтэй. Тэгж байж монголчууд бидэнд шинэ соёл бий болно, цар тахлыг ч хохирол багатай давна. Хэрвээ энэ байдлаараа нэг нь нэгнийхээ шүлс цэр, нусыг уусан хэвээрээ байвал энэ зун, намрын дараа айхавтар дүр зураг харагдахаар байна.
“Айрагны аяганд шавхруу үлдээх ёстой гэсэн эрт балрын заншил B, C вирус халдварлах гүүр болж байна” гэж манай сонин өмнө нь бичиж байсан. Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери шүлсээр дамжин бусдад очдогийг анагаах ухаан баталсан. 700 төрлийн бактери гэдэг аюултай. Элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ-гийн өвчин шүлсээр дамжиж бусдад халддаг. Ялангуяа элэгний В вирусийн халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн биеэс ялгардаг шингэнүүд болох үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. За тэгээд хеликобактери гэж аюул байна. Монголчуудын 76 хувь хеликобактерийн халдвартай. Хеликобактери нь ходоодны үрэвсэл шархлаа үүсгэж, цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог. Тэгэхээр бидний ёс заншил, найр хуримын дэг жаяг гээч балрын энэ зүйл өөрсдийг маань хорлон сүйтгээд дууслаа. Хорт хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд орж, Солонгостой зэрэгцдэг. Харин нас баралтаараа тэргүүлдэг. Үүний эх үндэс нь нэг аягаар дамжуулж идээ цагаагаа хүртдэг явдал юм биш үү.
Мөн аяга дамжуулахад сүрьеэгийн халдвар байх магадлалтай санагддаг. Энэ тухай мэргэжлийн эмч нар “тийм, үгүй” гэсэн хариулт өгдөггүй. Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг гэдэг.
Цэрээ хаяхад халдвар авч байгаа юм чинь, шүлс цэрээ аяганд нь хийгээд өгөхөд халдвар авч таарна даа. Шилтэй архи дуусах үед шавхрууг нь стаканд хийгээд жороолно гэдэг тэнэг ёс манайхны дунд бий. “Жороо шүү” гээд шууд амнаас ам дамжуулж, зарим нь архиндаа хахаж цацаад, нус цэрээ хийх нь холгүй дараагийн нөхөртөө өгдөг. Бөөлжис цутгамаар ёс заншлаасаа одоо больё оо. Олон нийтийн газар шүлсээ хаях, гэр орондоо шөнө оройн цагаар найрлах, дуулж хуурдах, бөө бөөлөх зэрэг асуудал гаргавал Зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Шүлсээ хаясан хүнийг шийтгэж байгаа юм чинь шүлсээ нэгнийхээ аяганд хийгээд дамжуулж байгаа гэж хэлж болохоор, үндсэндээ айраг, архийг нэг аягаар дамжуулж уудаг энэ байдлыг хуулиар хориглох хэрэгтэй байна. ЭМЯ ард иргэдийг шинжилгээнд хамрагд, аялал зугаалгаар явахдаа битгий бөөгнөрөл үүсгэ гэж шал дэмий уриалахын оронд айраг, архийг нэг аягаар дамжуулан ууж коронавирусийн цар тахлын жинхэнэ суурь үндсийг бий болгож буйг эсэргүүцэн, хориглох хуультай болохыг төр засгаас шаардах хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг шаардмаар байна. Нэгнийхээ шүлсийг дамжуулж “уудаг” ёс заншил гэж байх ёсгүй.
Зочин · 2021/07/23
тийм шүү. дээр үед зарим боломжтой талаара хамаагүй цэвэрч бсан болоод өдий хүрч тэсч гэж санагддаг. гаднаас зарим буруу зуршлыг хамаагүй нэвтрүүлээд буруу уламжлалтай болчихсон юм шиг бгаан.
Бат · 2021/07/22
Монгол уламжлалаа мартсан улс юм даа дээр үед хүн бүр аягатай түүндээ л хоол иддэг хүн үр хүүхдээ хүртэл духан дээр нь үнэрлэдэг одоо аманд дээр нь сүлсээ солицдог энэ эргээд элэгний болон олон өвчний эх боллоо
Зочин · 2021/07/21
Зочин · 2021/07/21
Хуульчилаад байх юу вэ. хувь хүмүүсийн л ухамсар шүү дээ.
Зочин · 2021/07/21
заваарсан юм