Ч.Болортуяа: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэхийг халдварын нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ
2021/07/28
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг.
Хуулиа хэрэгжүүлж, хичээл сургалтын үйл ажиллагааг дээрх хугацаанд эхлүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн.
Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жил хэзээ эхлэх нь хараахан тодорхойгүй болоогүй байгаа юм.
Энэ тухай Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд болон Засгийн газар дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийх байр суурьтай байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдана. Шалгалт нь вакцинжуулалтад хамрагдсан багш, сурагчдын дунд явагдах учир эрсдэл багатай гэж үзэж байгаа. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй насныхан буюу 6-11 насны хүүхдүүдийг яах вэ гэдэг нь шийдэгдээгүй тул нөхцөл байдлыг харж байж хичээл сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ" гэв.
2021 оны есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг эхлүүлэхгүй бол манай улс хичээл сургалтын үйл ажиллагаагаа хоёр жилийн турш хаасан цөөн орны тоонд багтахаар байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв. Түүнчлэн тэрбээр хоцрогдол их байгаа тул есдүгээр сарын 1-нд танхимаар хичээл сургалтыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа мэдээлсэн билээ.