Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулахаар болсон.

Тодруулбал, өмнө нь эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаа оршин сууж буй хаягийн дагуу хүүхдийн хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. 

Цахим бүртгэл өчигдрийн 09:00 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. Энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоолол бий.  Үүнээс 76 мянга гаруй нь  зургаан настнууд бол үлдсэн нь өнгөрсөн жил элсэж чадаагүй буюу хөдөө орон нутгийн эсвэл бусад шалтгаантай хүүхдүүд байна. Тиймээс ямар заавраар хүүхдээ бүртгүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Гурван аргаар хүүхдээ бүртгүүлэх боломжтой

Хамгийн эхэнд эцэг эхчүүд parent.edu.mn хаягаар нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар бүртгэлийг баталгаажуулах боломжтой. Тодруулбал, регистрийн дугаарыг оруулсны дараа хүүхдийн тань бүртгэгдсэн сургуультай холбоотой хувийн мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээлэл үнэн зөв бол бүртгэлийг баталгаажуулна. Үүний дараа сургуульдаа амжилттай элссэн эсэх мэдээллийг систем харуулна.Хоёрдугаарт, ESIS аппликейшн ашиглан. Гуравдугаарт, төрийн өмчийн дурын сургуулийн элсэлтийн комиссд хандан тусгай эрх бүхий бүртгэлийн ажилтны тусламжтай бүртгэлээ баталгаажуулах боломжтой.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Таны хүүхэд аль сургуулийн аль бүлэгт хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл наймдугаар сарын 26-30-нд таны гар утсанд ирэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин