Coin-оор яг юу хийх вэ?
2021/08/27
Өнөөдөр Монголд цахим мөнгө нэрээр хоёр coin (койн) бий болж ихээхэн шуугиан тариад байна. Анхдагч нь ArdCoin араас нь IHC гэх шинэ coin гарч борлуулалт нь Монголын биржийн худалдаанд түүхэн амжилт тогтоосон аж.
Энэ нэг талаас амжилт, ололт. Залуус шинэ технологи, сэтгэлгээгээр ажиллаж нийгэмд бизнесийн шинэ төрөл, НоХау, үйл ажиллагааны шинэ орчныг танилцуулсан үйлд эл болсон. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэлтэй хандаад буй шалтгаан бас үндэслэлтэй. Учир нь, манай залуусын ихэнх нь Coin гэж чухам юу вэ гэдгийг мэдэхгүй шуурч байгаад асуудал, мөн эрсдэл буй юм.
Цахим мөнгөний том төлөөлөл нь Coin. Үүн дундаа анхдагчид болох Bitcoin, Litecoin, Etherium юм. Гэхдээ өнөөдөр олон улсын цахим мөнгөний зах зээлд 4000 гаруй Coin байна. Тухайлбал дээр дурдсан анхдагч болох арваад coin зарим талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж цахим мөнгө болох эхлэлээ тавьсан. Тэгвэл үлдсэн 4000 гаруй coin юу болох талаар хэн ч мэдэхгүй байгаа юм. Coin¬ы арилжаа нь олон талаар хувьцааны наймаатай төстэй харагдах ба ирээдүй нь тодорхой бус, үнийн савлагаа ихтэй, богино хугацаанд олноор бий болж буй нь хөрөнгийн бирж дээр үүсдэг хөөсрөл цахим мөнгөний бирж дээр давтагдаж болохыг харуулж байгаа юм. 1990 оны сүүл 2000-аад оны эхээр АНУ-¬д онлайн худалдаа, технологийн хөгжлийн IT нэр зүүсэн хэдэн мянган компаниуд борооны дараах мөөг шиг цэцэглэсэн. Ингээд удалгүй бүгд алга болж одоо Amazon, Google, FB, Oracle гэх мэт анхдагч тэргүүтэй хэдэн компаниуд шалгаран үлдсэнийг уншигч та андахгүй байх. Хөөр сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө хийсэн маш олон хөрөнгө оруулагч хувь хүн, компаниуд хохироод хоцорсон түүх бий.
Coin бол нэлээн онцлог бүхий цахим бүтээгдэхүүн. Яагаад гэвэл энэ нь өөрөө block chain-д (блокчеин) суурилсан технологийн шийдэл болохоос биш яг биет бүтээгдэхүүн биш.
Цахим мөнгө гэж нэрлэгдэж буй ч Bitcoin, Etherium гээд гарын таван хуруунд багтах хэд л цахим мөнгө болох эхлэлээ тавьсанаас бусад coin-ууд нь сураггүй. Иймээс иргэн бүрэн утгаар нь ойлгоход ярвигтай. Технологи, санхүүгийн хосолсон мэдлэгтэй байж сoin хэрхэн ажилладаг, ямар үр дүн өгдгийг ойлгоно. Нэг талаас зүйрлэвэл өнөөдөр дэлхийн 180 гаруй улсын ихэнх нь өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй. Ам.доллар, манат, Зимбабве доллар, вон, рупи, кроно, шекел, динар, риал, рингит гэх мэт, бүгд олон улсын арилжааны хэрэгсэл болж чаддаггүй, зөвхөн тав нь ам.доллар, Британий паунд стерлинг, Евро, Юань, Иень олон улсын арилжаанд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт. Coin-ын талаар мэдлэг муутай, сонирхогчдын хувьд арав биш мянгаар тоологдох coin-уудын дунд хаа нэгтээ яваа ArdCoin, IHC байна уу, эдгээр шинээр гарч буй coin-ууд нь яг юу вэ? Мөнгө мөн үү, үнэ цэнэ нь яг юундаа байна вэ гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй.
Өнөөдөр яагаад гэнэт 4000 гаруй coin гараад ирсэн бэ гэвэл хариулт нь амархан. Нэгд, coin үйлдвэрлэх, шинээр бий болгох техникийн шийдлийг хялбаршуулж өгсөнд байгаа юм. Хоёрдугаарт, арилжаагаар, үнийн зөрүүгээр маш хурдан мөнгө хийж, баяжих гэс эн хүмүүсийн сэтгэхүйг ашиглан мөнгө хийх. Мөн өөрсдийн бүтээсэн coin болон блокчеин платформоо баталгаажуулах гэсэн технологийн анхдагчдын ухаан, сонгодог ажиллагаа юм. Бие даасан coin шинээр үүсгэхэд шаардагдах блокчеин платформ, суурь бүтцийг шинээр бий болгоно гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт, эк сперт программистууд шаардагдана. Харин coin үйлдвэрлэдэг, ажилуулдаг суурь бүтэц болох блокчеин платформыг байгуулж, туршсан анхдагч голдуу экспертүүд өөрсдийн coin-ы платформ дээр өөр олон coin (token) шинээр үүсгэх үйл ажиллагаагаа явуулах орон зайг бий болгосон. Ердөө үндсэн формыг татан авч суурь бүтэц руу холбогдох мөр кодыг бичээд шинэ coin-доо нэр өгч илгээнэ. Заавар, журам, жишиг код, мөрүүд нь тодорхой. Онолын хувьд техникийн мэдлэг, программын тодорхой түвшний чадвартай хүн үүнийг 30 минутад хийх боломжтой. Мэдээж бодит байдал дээр арай илүү ажиллагаа шаардагдана. Энэ нь нэг талаас шинэ coin үүсгэхэд техникийн талаасаа тун хялбар, энгийн, бас найдвартай орчныг бүрдүүлсэн шийдэл ба харин coin-ийг олон нийтэд сурталчлах, арилжааг эхлүүлэх, хэрхэн явуулах вэ гэдэг нь гол асуудал болж тодорхой хөрөнгө шаардах юм. Өөрийн бие даасан платформгүй, бусдын платоформ дээр үйл ажиллагаа явуулдаг coin-ыг техникийн талаасаа coin биш тoken гэж үздэг, нэрлэдэг. Манайд сая шинээр гарсан IHC coin өөрийн бие даасан платформтой эсэхийг мэдэхгүй. Харин ArdCoin-ын хувьд цахим мөнгөний анхдагчдын нэг Etherium coin-ын платформ дээр ERC-20 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Зүйрлүүлж хэлбэл өөрийн гэсэн бэлчээргүй, нутаггүй малчны малыг харийн нутаг хошуунд бэлчээр түрээслэн хариулж буйтай төстэй. Болохгүй зүйлгүй, гэхдээ coin-ы наймаанд оролцогчид үүнийг ойлгож байхад илүүдэхгүй. Бусад coinууд Etherium платформ дээр үйл ажиллагаа явуулж байгаа нь Etherium-ийн хувь эзэмшигчдэд ихээхэн төдийгүй ашиг өгч буй төдийгүй, зүгээр Etherium coin эзэмшигч миний хувьд гэхэд тун таатай хэрэг. Жишээ нь ArdCoin-ы гүйлгээ болгон, түүнд төлж буй төлбөр бүр нь Etherium-ийн суурь бүтцийг улам бэхжүүлж, итгэх итгэлийг гүнзгийрүүлж буй төдийгүй Etherium coin-ы баталгаа болж буй юм.
Янз бүрийн coin худалдан авч буй монголчууддаа зөвлөхөд худалдан авч буй coin-оороо та яг юу хийж болох вэ гэдгийг бодоорой. Үнэлгээ нь юундаа байна, би яг яаж, ямар ашиг олж болох вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Oлон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхлээд буй Bitcoin, Etherium-тай харьцуулбал ямар түвшинд, хэр ирээдүйтэй байна гэдгийг судлаарай.
Цахим мөнгө, түүний хөгжлийг анхнаас нь ажиглаж ирсэн хүний хувьд би Bitcoin, Etherium, Litecoin гэсэн бие даасан платформтой цөөн хэдэн coin-д ихээхэн найдвар тавьж, урт хугацаандаа төлбөрийн хэрэгсэлийн бүх чадамжийг агуулсан цахим мөнгө болох боломжтой гэж үздэг. Одоогоор аль нь ч тэр хэмжээнд хүрээгүй. Гэхдээ Bitcoin эзэмшигчийн хувьд би өнөөдөр үнэлгээ нь $50,000 хүрчээ. Цахим мөнгөний зах зээл дэх 4000 coin бол өрсөлдөөн гэхээсээ илүү хөөс, хоосон хөөрөгдөл бөгөөд жинхэнэ өрсөлдөөн эхний 50 coin дотор явагдаж байна. Харин өрсөлдөөний төгсгөлд ихдээ 10- 15 coin л жинхэнэ утгаараа цахим мөнгө, төлбөрийн хэрэгсэл болж үлдэнэ.
Янз бүрийн coin худалдан авч буй монголчууддаа зөвлөхөд худалдан авч буй coin-оороо та яг юу хийж болох вэ гэдгийг бодоорой. Үнэлгээ нь юундаа байна, би яг яаж, ямар ашиг олж болох вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Oлон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхлээд буй Bitcoin, Etherium-тай харьцуулбал ямар түвшинд, хэр ирээдүйтэй байна гэдгийг судлаарай. Таны сонирхсон coin-ыг хэн авч, та хэнд зарж болох вэ, үнийн зөрүүгэээр ашиг олж буй бол хэр удаан үргэлжлэх бол оо гэдэг бас сонирхолтой. Хамгийн гол нь таны авсан coin яг цахим мөнгө мөн үү, төлбөр хийж болох уу гэдгийг олж мэдээрэй!
Эдийн засагч Х.Батсуурь
Дорж · 2021/08/28
Койн гэж Зүгээр сууж амархан мөнгө олох хүсэлтэй сармагчингуудад зориулж зүүсэн хавх
Дорж · 2021/08/28
Зүгээр суугаад мөнгө олох сармагчингуудад зориулж зүүсэн хавх та одоо ойлгов уу
Зочин · 2021/08/27
бодоорой, өөрөөсөө асуугаарай, судлаарай, олж мэдээрэй гэхийн оронд шууд хэлээд өгчихөж болдоггүй юм уу?
Бат · 2021/08/27
Юун койн та оролцохгүй л бай тэгээд л боллоо