2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролд эхний ээлжид өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан дөрвөн настнууд, мөн таван настнуудыг бүрэн хамруулахаар болсон.

Харин хоёр ба гурван настай хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн асаргаанд үлдэх бөгөөд цаашид халдварын нөхцөл байдлаас шалтгаалж цэцэрлэгт явуулах эсэхийг шийдэхээр болсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран тушаал гаргаж,  цэцэрлэг, сургуулийн ажиллах журмыг энэ сарын 19-ний өдөр батлав. 

Уг журмын дагуу цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг 1.5  ам метрээс доошгүй байхаар тооцож, 20+5 хүүхэд хүлээн авна. Танхимын сургалтад хамрагдах хүүхдийг тэдний эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах юм. 

Цэцэрлэгийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ. Үүнд:

  • Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийг
  • Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийг
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.

Хэрвээ ойрын хавьтал болсон бол долоо хоногийн хугацаатай гэрийн тусгаарлалтад ажиглана. Хэрвээ халдвар илэрч зайн сургалтад шилжсэн бол тухайн бүлгийн хүүхэд, багш ажилтныг зургаа дахь хоногт шинжилгээнд хамруулах ажлыг харьяа эрүүл мэндийн байгууллага хариуцан зохион байгуулахаар заажээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан бол танхимын сургалтад хамруулах юм байна.