Юу болоод өнгөрснийг хүн бүхэн мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг үйл явдалууд өрөнсөөр л байна. Явж явж “нарийн царигаар”төмөр зам тавих юм болоод түүн нь уурлаад Х.Баттулгыг яваад өглөө гэх юм.

Гэвч үнэндээ “дан дээл давхар дээл”-ний УИХ-ын чуулганд болсон хоёр удаагийн санал хураалтад “дан дээл” гэж кноп дарсан сайд ямар нүүрээрээ ч сайд хийгээд сууж байхавдээ. Түүний сонголтыг хүндэтгэн үзэх нь зүй ёсны хэрэг юм.
“Давхар дээлт”сайдууд одоо ч чуулган, байнгын хорооны хуралд суух нь нэн ховор үзэгдэл. Болоод байна, бүтээд байна, ажил давхардахгүй, сайдын ажил асуудалгүй амжаад байна гэж худал хэлэх нь хэрээс хэтэрлээ. Худал хэлж чадахгүй болоод л Х.Баттулга явсан гэдгийг МАН-ын нөлөө бүхий гишүүд хэлсэн.

Дараагийн сайдад тавигдах шаардлага

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооны хуралдаан дээр “Багаа хаяад зугтаасан, элдэв нууц гэрээ хийсэн, муу зүйл олон хийсэн, мөнгө завшсан, хамт суугаа гишүүдээ муулж кино хийсэн, өргөн цариг гэж цаг удсан” хэмээн үй олон ял асууж хатуу хөтүү үгээр бөмбөгдөж бүлээн жин тавиад явуулсан.
Мэдээж төрд ажиллаж байгаа хүмүүст мөнгө идэх зувчуулах яавч байж болохгүй бөгөөд хамт яваа багтаа халгаагүй “нэг баг” болоод явах, эвтэй найртай, элдэв асуудалгүй хүн АН-д байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ маш ховор.
Өргөн нарийн царигийн маргаан үнэндээ Хөдөө аж ахуй, үйлдвэр хариуцсан сайдад түй ч хамаагүй юм. Х.Баттулга фракцын дарга бөгөөд Зам тээврийн сайд хийж байхдаа энэ бодлогоо аваад явах хатуу болзолтойгоор А.Гансүхийг сонгосон нь мэдээж юм. МоАХ фракцын төмөр замын бодлого ойрын хэдэн жилдээ энэ хэвээрээ үргэлжилж “өргөн” хэмээн явах тул ҮХХАА сайд үнэндээ энэ асуудлаас хол байх боломжтой.
Хаяагаа хадарч элдэв нэвтрүүлэг хийгээд байх ёс зүй үнэндээ Х.Баттулгаас өөр хүнд байхгүйлдээ. Дараагийн сайд хэнбугай ч боллоо гэсэн кино студидэд цагаа үрж суух биш тариалангийн талбай, малчны хот, фирмийн  хашаанд явж байдаг сайдтай болоосой.
Багаар ажиллаж чадах эсэх нь одоо зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонголт бөгөөд хайшдаа шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг засагтаа ахиад нэг эвэр авах уу? гэдэг бодолтой хандах асуудал юм.
МоАХ фракцын суудал болхоор дараагийн хүн МоАХ-ных байна хэмээн бодож байгаа бол энэ эндүүрэл юм. Хэн ч байх боломжтой.

Дараагийн сайд яг хэн бэ?

АН бол мэдээж сайн муу сайхан муухай холилдож сүлэлдсэн газар. Бүгд муу бүгд сайн гэж болохгүй. Монгол төрийн самраа болж бужигнуулж байгаа хэсэг бусаг улсууд бий ч энэ салбараа гарын 10 хуруу шигээ мэддэг амьдрал ахуйгаа зориулсан эрдмийн цол зэрэгтэй эрэгтэй эмэгтэй лидерүүд мөн бий.
Сүүлийн үед хэвлэлүүдээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэрс яваад байгаа бөгөөд үнэндээ Засгийн хувиарлалтад Ерөнхийлөгчийн “бялуу”муу байсныг хэн ч хэлнэ. 
Хамгийн зохимжтой нэр дэвшигч нь Л.Эрхэмбаяр бөгөөд энэ салбарыг хөнгхөөн аваад явчих толгой үүнээс өөр харагдахгүй байгаа юм. Энэ салбарыг мэдэж болох хамгийн өндөр эрдмийн цол зэрэгтэй хүн нь магадгүй АН-д цорын ганц хүн нь Л.Эрхэмбаяр юм. Багаар ажиллах тал дээр Н.Алтанхуяг 2008 онд ялалт байгуулж байсан Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж эдүгээгийн ерөнхий сайдыг мөрлөн дэмжиж байсан гавъяа ч бий баг болоод ажиллаж байсан туршлага ч бий.
Харах царайны даруу төлөв томоотой эрдэмтэн доктор тул юунд оролцох, юунд оролцохгүй вэ? гэдгээ ч туйлын сайн ялгаж салгаж ойлгоно. Ямартай ч элдэв кино хийж бусдыгаа гутаахгүй, өргөн нарийн төмөр зам гэж өөрт хамааралгүй галыг өөр дээрээ даллаад байх хүн биш. Дан дээлтэй сайдад яг тохирох хүн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн нэр  хэд хэдэн сонингийн хуудсан дээр харагдсан нь ёстой мэдрэмжгүй сэтгүүлчдийн хариуцлагагүй “буудлага” боллоо.
Тоон дотор үсэг гэдэг шиг юу боллоо гэж гадаад харилцаа, дипломат арга хэмжээ гэж явсан хүн юу боллоо гэж хөдөө аж ахуйруу орж ирхэвдээ.  Ямар ч эргэлзээгүйгээр дараагийн сайд биш.

Увсад ялагдаж бөөн хэл ам болсон Д.Нямхүү сайд болно гэж шуугиад л байна. Хэт их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул хэмээх эзэн Чингис хааны үгийг эн тэргүүнд санах хэрэгтэй. Албан тушаалын асар их шуналтай байж мэдэх хардлага байна. Увсад ялагдчихсан мөртөө хэдэн жил дамнан шүүхийн хаалга онголзуулан нааш цааш хэрэг маргаан тарьж хэт шунаад байгаагаа хангалттай харуулчихсан.
Эргэлзээтэй ээдрээтэй олон түүхийн эзэн. Хаана төрсөнөөсөө авхуулаад л хэл ам хэрүүл шуугиан дагуулаад эхлэх жишээтэй.
Түүнд оролцохгүй сэдэв ч гэж байхгүй. Ашиг сонирхолын ихээхэн зөрчилтэй. Түүний хийдэг бизнесийг олон хүн мэдэх тул энэ талаар дэлгэрэнгүй бичих нь цаг цаасны гарз биз.
“Кроун” хэмээх байгаа байхгүй нь мэдэгдэхгүй фракцын дарга гэх бөгөөд сүүлд энэ фракц хэрхэн яаж хаашаа уусан алга болсныг мөн л мэдэх аргагүй юм. Нарийн учир мэдэх АН-ын гишүүдээс сонсход Портуун сайдын МҮДНЯК фракцын нэгэн жигүүр болж нэмж орсон сурагтай бөгөөд үе үе гал тахин тэнгэрт ам.долларын ханшийг даатгаж суудаг сайд Засгийн газарт цөөдөөгүй бөгөөд нэмэх шаардлагагүй юм.

Эрх ашиг биш Эх орноо бодоорой

Улс эх орон маань эдийн засгийн хямралд орж, хөдөө аж ахуй газар тариалан, үйлдвэр худалдааны байгууллагууд дампуурлын ирмэг дээр ирлээ. Сөрөг хүчний зүгээс 707 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоолоо хэмээн хатуу шүүмжилж байгаа бол эсрэгээрээ Ерөнхий сайдын ах дүү хамаатан садан, туслах зөвлөхүүдийн баяжиж таргалаж байгаа нь ёстой гэрлийн хурдаар өсч байгааг хэлэх хүмүүс ч олон байна. АТГ ч Ерөнхий сайдын гэнэт их баяжиж мөнгөжиж байгаа ах дүү хамаатан садан зөвлөх найз нөхдүүдийг бишгүй л олон хэргийн талаар мэдээллээ.
Одоо авилгаас ангид, улс төрийн дайн дажингаас холуур, худал хэлдэггүй, хөнгөн шингэн нимгэн дан дээлтэй хурдай хүчтэй онолтой ийм л сайдын эрэлд Шинэчлэлийн засгийн газартайгаа хамт ард түмэн нь хатаж байгаа билээ.
Дээр дурдсан эрхэмүүдээс сонголт хийх нь бараг л мэдээж бөгөөд хамгийн том нөлөө үзүүлэх хүн нь Ерөнхийлөгч тул Монголын ард түмэн дан дээлтэй, ухаалаг, Монголын хөгжилд гай болхооргүй сайдтай болмоор байгаагаа эрхэм төрийн тэргүүндээ уламжилж байна.
Дараагийн сайдыг дэмжих эсэх асуудал дээр хамгийн гол нөлөө үзүүлэх хүмүүс нь сөрөг хүчин буюу МАН бөгөөд Ерөнхийлөгчийн дэмжээд оруулаад ирж байгаа хүнд NO гэж хэлэхгүй нь мэдээж юм.
Ийм хүнд үед ухаалаг сайдтай болох эсэхийг Их Монголын минь хувь заяа мэдэх бизээ.

 

ҮХХАА дараагийн сайдыг Ерөнхийлөгчөөс л асуугаарай!