Инфляц тэнгэрт тулчихвал ТЭТГЭВЭР нэмсний хэрэг гарах уу?
2022/01/28
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.01.28/ эхэлнэ. Ирэх сарын 1-ний өдөр хүртэл хуралдах тус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож төсөвт тодотгол хийх тухай мэдээлэл тарсны дараагаар эдийн засагчид инфляц тэнгэрт тулчихвал Монголбанк болон төрөөс буцаагаад барьж чадах уу гэдэг дээр тун их эргэлзэж байгаа юм.
Сар шинийн өмнө иргэдэд үзүүлэх төрийн хайр хишиг байж болох ч экспортын нийлүүлэлт буурсан, урд хөршийн хил хаалттай энэ цаг үед ийм шийдвэр гаргах нь тогтмол өссөөр байгаа инфляцийг алдахад хүргэхвий.
Хэзээнээс л тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өмнөх жилээс л гэхэд өргөн хэрэглээний барааны үнэ 10-30 хувиар нэмэгдчихсэн, инфляцын түвшин 14,8 хувь давчихсан энэ үед төсвийн тодотгол хийх нь зөв бодлого мөн үү. Тэтгэвэр нэмэх, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288,000 төгрөг хэвээр үлдээх зэрэгт ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Үүнийг Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус , ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллана гэв. Гэхдээ импортын бус дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ хаданд гарч иргэдийн халаасыг хоосолсоор буй энэ үед төрөөс үнэ барих бодлогодоо анхаарахгүй л бол тэтгэвэр, тэтгэмж нэмээд цоорхой халаасанд мөнгөө хадгалснаас юуны ялгаа байх вэ.
Үнийн өсөлтөд урд хөрш хилээ хаасан, бараа таваар удаан хугацаанд гацсан, цар тахлын улмаас худалдан авалт буурсан, жижиг дунд үйлдвэр, жижиглэнгийн худалдаачид бүтээгдэхүүний хомсдолд орсон зэрэг шууд хамааралтай боловч үндэсний гэх тодотголтой ааруул, өрөм, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилээс хоёр дахин нэмэгдээд байна.
Зочин · 2022/01/31
Наймаачид үнэ нэмнэ, эргээд буухгүй, ттэтгэвэр нэмлээ гээд хөгшдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй л болж таарах байх даа.
Зочин · 2022/01/31
Би тэтгэвэртээ гараад арав гаруй жил болж буй хөгшин. Анх тэтгэвэр тогтоолгоход индексжүүлж байна гээд цалинг бууруулж тэтгэвэрийн хувь хэмжээг тогтоож байсан. Надтай хамт, ижил ажил хийж байсан хүмүүс зарим нь тэтгэвэртээ гарч эхэлсэн. Гэхдээ тэдний тогтоолгосон хэмжээ нь миний тэтгэвэрээс 3 дахин өндөр байгаа. Ажилласан жил бүгд ижил 36 жил шүү дээ. Гэхдээ би хамтран зүтгэж явсан хүмүүстэйгээ барьцаад байгаа юм биш шүү. Аль эртнээс л тэтгэвэрийг үнэ, ханшийн өсөлттэй уялдуулан нэмэж байсан бол ийм ялгаа гарахгүй байсан гэдгийг л хэлж байна.
Зочин · 2022/01/28
Бараг бүх ахмад настанууд тэтгэвэрээ зээлээд авчихсан тул инфляц энэ тэр гээд хэрэггүй юу ч болохгүй