УИХ-ын нэгдсэн чуулганаар  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа.  

 Авлигажсан төсөв хэмээн цоллуулж байсан 2014 оны  төсвийн  тодотголд бие даагч гишүүд болон   сөрөг хүчний зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусгагдсан орлого, зарлага, хөрөнгө оруулалтын тооцоо алдаатай хийгдсэн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. 2014 оны төсвийн төслийг боловсруулан батлах үед ам.долларын ханш 1700 төгрөг байсан ханшийг 1384 төгрөгөөр тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах” гэсэн зарчмыг зөрчсөн. Ам.долларын ханшийг бодит байдалд ойртуулан төсвийн тооцооллоо хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс нэг ам.долларыг 1384 төгрөгөөр тооцоолсноо "тооцооны ханш" хэмээн тайлбарлаж байгаа нь үнэн хэрэг дээрээ энэ Засгийн газар эдийн засгийн төлөв байдлаа мэдэхгүй, мэдрэхгүй, ямар ч тооцоо судалгаагүйгээр эдийн засгийн бодлогоо боловсруулж байгаагийн илрэл болж байна.  Засгийн газар Монгол улсын 2014 оны төсөв, мөн оны төсвийн тодотголыг боловсруулахдаа тооцооны гэх ханшаа 1384 төгрөгөөр тооцсон бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2014 оны тооцооны ханшийг 1690 төгрөгөөр тооцож боловсруулжээ. Ингэснээр Засгийн газар Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчөөд  байгаа юм.  Мөн Төгрөгийн ханшийн буруу тооцоог засаагүйгээс төсвийн бүх тоо, тооцоо алдаатай болж, улмаар төсвийн бодлого ч буруу тийшээ хэлбийж байна. Алдаатай, буруу бодлого хямралыг улам гүнзгийрүүлэх уршигтайг энэ Засгийн газар огтхон ч ухаарахгүй байна.

Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур зарцуулагдаж буй "Чингис", "Самурай" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8., Төсвийн тухай хуулийн 49.3. дахь зүйл заалтад нийцүүлэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг сөрөг хүчний зүгээс удаа дараа шаардсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаар” 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2.1. дэх хэсэгт “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулах асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэснийг дурдах нь зүйтэй.   Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дээрх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Мөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж ДНБ-ий 62 хувьд хүрсэн нь Төсвийн тогтовортой байдлын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн.

Энэ мэтээр  төвсийн тодотгол олон хуулийг зөрчөөд байгаа юм.  Тэгвэл энэхүү хуулийн төслийг  Н.Алтанхуягын  Засгийн газраас санаачилсан.  Хууль гүйцэтгэх ёстой байгууллага нь өөрөө ингэж хууль зөрчиж байгаа юм чинь төсвийн  тодотголыг  нүүр рүү нь шидчихмээр байна. Учир нь  төсвийн орлого нэгдүгээр улирлын байдлаар 400 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байхад орлого зарлагадаа ямар ч өөрчлөлт оруулахгүй ийм тодотгол хийх хэрэг байхгүй.  Харин ч орлого нь тасарчихсан байхад   250 барилгыг 600 барилга болгоод зогсохгүй өртөгийг нь нэмж байгаа.  Энэ нь дахин төсвийн тодотгол хийх шаардлагатай болно. Тэгэхээр  эрхтэн дээрээ, хэлэлцэж байгаа дээрээ энэ асуудлыг  хэлэлцэхгүй унагаж, арай  амьдралд ойр хэлбэрээр  дахин боловсоруулж УИХ-д оруулж ирэхийг  Засгийн газар, Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүдээс хүсмээр байна.  

 А.Баярмаа