Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу?!
2022/03/31
Энэ өдрүүдэд “Эдийн засгийн чуулган” болж байна. Уг нь маш чухал. Гэвч манайхан үүнд тэгтлээ нүд, чихээ тавьсангүй ээ. Эцэст нь “...Эдийн засгийн чуулган даруухан болж байна” гэсэн марзан дүгнэлтээр төгсөх янзтай.
Тэгвэл энэ чуулгантай давхцаад, хулгай гэдэг нь тодорхой, хулгайч нар нь ил болчихсон Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсгол уржигдар боллоо. Улсаараа шуугив. Ингэж байгаа нь хоёр талтай юм. Улстөрчид нь төрөөс хулгай хийдэггүй, хуулийнхан ажлаа шударга хийчихдэг бол ийм мэдээлэлд нийтээрээ ингэж чихээ дэлдийлгэх шаардлагагүй л дээ.
Харамсалтай нь, Монголд нэг ижил технологиор 30 жилийн туршид бүлэглэл, мафи маягийн бүтэц босгосон хэдхэн этгээд нийтийн баялгийг, төрийн хөрөнгийг туучихсан “хур овоолго” бий. Тэрийг цэгцлэх цаг нь нэгэнт болсон. Гэвч энэ “овоолго”-ыг хэн, хэрхэн нураах вэ. Зүгээр л ингээд гайхаад, шуугиад сууцгаагаад байх уу. Тэр зуурт ийм хэргүүд ЖДҮ шиг дарагдаж өнгөрсөөр байх уу. Ер нь иймэрхүү хулгай алга болж, төр цэвэрхэн болох найдлага бий юу. Ар араасаа цувсан эргэлзээтэй ийм олон асуулт босож ирдэг. Тэгвэл үүнийг төр л цэгцлэх учиртай юм. Өнөөдөр ингэж чадах хамгийн том эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд очсон. Уг нь Л.Оюун-Эрдэнэ яг ийм асуудлаар их улс төрд хөл тавьснаасаа хойш дуугарсан хүн л дээ. Тэгэхээр тэр өмнө нь ярьдаг байсан бол одоо хийх боломжоо олж авсан байгаа юм.
Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв.
Ерөнхий сайдаар томилогдоод 2020 оны нэгдүгээр сарын 30-нд “...Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авлигажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдсэн.
Дараа нь 2021 оны аравдугаар сард “...МАНАН бүлэглэл дахин амилжээ. Хоосон улстөржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулсаар байгаа нь тодорхой боллоо. Уг нь ийм асуудалд Монгол төрийн төлөө зүтгэж буй хэн бүхэн цаг заваа барахгүй байх ёстой юм. Гэвч зүгээр хараад сууж болохгүй нь бололтой. Энэ нь дамаараа өнөөдөр цар тахлын улмаас монголчууд биднийг нөмрөөд байгаа улс орны эдийн засаг, ард нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд аюул занал учруулах хэмжээний үйл ажиллагаа болж хувирах шинжээ нэгэнт олжээ. Тиймээс миний бие МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн.
Одоо энэ Хөгжлийн банкны хэрэг яван явсаар нөгөө л МАНАН бүлэглэл гэдэгт ордог нөхдүүд рүү чиглэж байна. Өнөөдөр Д.Эрдэнэбилэг гэдэг бизнесмэнийг нийгмээрээ зүхэх үйл ажиллагаа явагдаж байна. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн араас экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирж байгаа гэх мэдээллүүд цацагдаад эхэллээ. Хөгжлийн банкны хэргээр туслахыг нь ачаад явсан өдөр АН-ын даргын сунгаанд “давхих” шийд гаргасан байгаа юм. Түүнээс гадна бараг дөрвөн жилийн өмнө Монголоос гараад явчихсан Т.Бадамжунайгийн гар ч Хөгжлийн банкны хөрөнгөнд гүн дүрээстэй байсан нь илэрч буй бололтой. Товчхондоо Хөгжлийн банкны хэрэг гэдэг бол маш том хэмжээний мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоож эхэлсэн байгаа юм.
Дээрх хүмүүс бол Л.Оюун-Эрдэнийн хувьд “хуучин танилууд” нь гэсэн үг. Тэгэхээр шударга ёс, авлигатай хийх тэмцэл сэлтийн талаар өмнө хэлсэн үгэндээ хүрэхэд эдгээр хүн дээр гацаад байхгүй гэсэн үг. Харин нэг үе зөвлөх нь боллоо гэж шуугиад байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын асуудал гарч ирвэл шударга ёс ярьж чадах уу гэдэг анхаарал татна. Тэднийг ойрхон гэх яриа улс төрийн хүрээнд бий.
Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэг дээр хуучин танилуудаас нь гадна өөрийнх нь даргалдаг МАН-ын цөөнгүй гишүүн нэмэгдэж байна. Тиймээс түүнийг эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу гэсэн эргэлзээтэй асуулт тавигдаад эхэлж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ийм нөхцөлд яахаа эрт хэлчихсэн. Тэрбээр өнгөрсөн зун, наадмын дараахан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмбэлэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэсэн байдаг юм.
Тийм болохоор Л.Оюун-Эрдэнийн зуумтгай зан дээр зөрүүд нь хөдлөөд, муйхар нь дийлээд нэмэгдэх юм бол дуусгаж мэдэх л юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин