ЗАРЛИГ: Баяр ёслолын үеэр +38 градустай архи хэрэглэхгүй, архины татвараас эмнэлгүүдэд зарцуулна
2022/04/05
Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Үүнд дараах зүйлсийг дурдлаа.
- Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх
- Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулгатай архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх
- Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах
- Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээнд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн хориглох
- Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Архи согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох, цахим технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд холбогдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах
- Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, МСҮТ болон ЕБС-ийн хөтөлбөрт архи согтууруулах ундаа, үүний хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах
- Иргэд, хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийг дэмжих, хамтран ажиллах
- Согтууруулах ундааны шошгод, үүний хор уршиг, сөрөг нөлөөллийн талаарх агуулга, санамж байршуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх
-
Нийт иргэн, ААН, байгууллага архи согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр ажлын байранд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.