“Шударга ёс” эвслийн бүлэг Өрийн удирдлагын хуулийг дэмжих гэнэ
2014/05/26
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн өчигдөрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцлээ. Мөн Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар салбарын сайдаас мэдээлэл сонссон юм.
Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өр гэсэн заалт байгаа бөгөөд энэ нь улсын нийт өрийн хэмжээнд хамаарахгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хэмжээг зохицуулах хэрэгтэй гэж үзэж “Шударга Ёс Эвсэл” бүлгийн гишүүд үзэж байна. Түүнчлэн уг хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газрын баталгааг Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж үзсэн. Энэ нь улсын заавал төлөх ёстой өр биш, зөвхөн үүсэх эрсдлийг тооцож балансад суулгах хөрөнгө гэж үзэж байгаа хэмээн эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдахтай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс мэдээлэл сонсов. Энэ үеэр Боловсролын сайдад тус бодлогод тусгах өөрсдийн саналыг хэлж, ярилцлаа. Тухайлбал, эвслийн бүлгийн зүгээс ахмад үе нь хүүхэд залуучууддаа сургадаг монгол уламжлалыг төрийн бодлогод тусгах ёстой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн манай улсын бага болон сургуулийн өмнөх боловсролын систем дэх гажуудлыг арилгах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн дуу бүжгийн тэмцээн зохиож байгаа нь бодлогын хувьд буруу зүйл, ийм байдалд багаас нь оруулж өрсөлдүүлэх зохимжгүй гэдгийг бүлгийн гишүүд тодотгож байлаа.
Цаашид Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цаашид бэхжүүлж, өргөтгөн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь төрийн бодлогын боловсролын салбар дахь нэг чухал хэсэг байх ёстой гэж үзэж байна. Гэхдээ бидний гаргаж байгаа санал цалин орлоготой нь уялдуулж гаргаж байгаа санал гэдгийг УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл” бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо. Энэ асуудлыг бодлогын баримт бичигтээ тусгах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдвал 2024 он хүртэл 10 жилийн хугацаатай үйлчилнэ. Энэ хугацаанд бага дунд боловсролд хамрагдаж байгаа 500 мянган хүүхэд байгаа. Энэ хүүхдүүдээ заавал боловсролтой болгоно гэсэн заалт хэвээр үлдэх ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байна.
А.Баярмаа