Ерөнхий прокурор Хөгжлийн банкны чанаргүй зээлд нэр холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах санал гаргасан. УИХ тэднийг авч үлдсэн. Арваад хоногийн өмнө ийм явдал болсон. Тэгвэл гишүүдийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос УИХ-д дахин оруулж болзошгүй байна.

Учир нь эрхэм гишүүдтэй холбоотой танилцуулга материалыг албаны нууцын зэрэглэлээс гаргах болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Мөн мөрдлөгийн баг удаа дараа ийм хүсэлтийг прокурорт тавьсан тухай эх сурвалжийн мэдэлэл байсан. Ийм мэдээллүүд өчигдрөөс яригдаж эхэллээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд “...Хэзээ вэ” гэхээс Ерөнхий прокурорын түдгэлзүүлэх санал УИХ-д удахгүй орж ирэх нь тодорхой болж буй бололтой. Харин энэ зуурт Хөгжлийн банкны зээлд холбоотой албан тушаалтнууд цөөнгүй нэмэгдэж байх шиг байна.

 

Учир нь цагдан хоригдож буй Хөгжлийн банкны удирдлагууд, компанийн захирлууд хэн хэн, ямар оролцоотой байсныг хууль хяналтынханд нэг бүрчлэн яриад өгчихжээ. Тэр дагуу Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийн арми  “арвижиж” буй аж.

 

Ер нь бол хөшигний ард Хөгжлийн банк тойрсон олон явдал өрнөж байгаа бололтой байна. Эрх баригч намын удирдлагуудын хувьд Хөгжлийн банкны зээлд холбоотой гишүүдээ “..Шалгуулаад, үнэн мөнөө тогтоолго” гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ тухайгаа дарга нар нь хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цөөнгүй удаа илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагын мөрдлөг шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоосон нэр бүхий гишүүдээ намаасаа хөөж магадгүй гэх мэдээлэл ч байна. Хяналтын зөвлөл нь шийдвэр гаргах бололтой.

Хөгжлийн банкны зээлд холбогдсон гишүүд ийн нэгэнт намын дэмжлэг байхгүй тул янз бүрийн улс төрийн акц, амиа авч гарах арга хэмжээ авахаар зүтгэж буй мэдээллүүд бас бий.

Эдгээрийнх нь нэг акц анхаарал татаж байгаа юм. Тэр гишүүд “...Баттулгыг яаж ч чадахгүй байж намынхаа гишүүдийг шахлаа. Түүнийг шалгахгүй бол биднийг битгий оролдоод бай” гэж намын удирдлагууддаа анхааруулсан байгаа юм. Энэ юу гэсэн үг болох нь ойлгомжтой бус. Гэхдээ Х.Баттулгын нэр Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод удаж байгаа нь үнэн юм. Бас АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг болон прокурорын байгууллагын зүгээс Х.Баттулгатай холбоотой асуудлыг шалгаагүй нь бас үнэн. Эрх баригчдын дундах ийм “яриа хөөрөө” удахгүй ил гарч, нийтийн хүртээл болж магадгүй л юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин