М.ХҮСЛЭН 

Өнөөдөр манай улсад төдийгүй дэлхий даяар эдийн засаг хүндэрч байна. Ковид-19 цар тахлын дараах хүндрэлийг даван туулах үед дэлхий даяар нийлүүлэлтийн доголдолтой нүүр тулж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж инфляцийг хөөрөгдүүлж байна. Украины дайн болон барууны орнуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг дэлхий нийтийг эрчим хүчний түүхий эдээр хангах нийлүүлэлт тасалдах эрсдэлд орууллаа.

Москвагийн эсрэг тавьсан хориг ойрын хугацаанд цуцлагдахгүй нь ойлгомжтой боллоо. ОХУ дангаараа дэлхийн эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг. Үүний 17 хувийг байгалийн хий, 12 хувийг газрын тосноос бүрдүүлдэг аж. Газрын тос болон байгалийн хийн үнийн огцом өсөлт нь эцсийн хэрэглэгчийн орлогыг бууруулж, эрчим хүч үйлдвэрлэлийн зардлыг өсгөж байна. Хэрэв Оросоос нийлүүлэлт зогсвол Европ эрчим хүчний хязгаарлалтад орох магадлалтай.
Эрчим хүчний үнэ нэмэгдсээр байх нь тодорхой болсон энэ үед "Fitch Rating"-ээс хийсэн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа илүү бодитоор харж цаг үеийн нөхцөл байдлыг ойлгон шинэчилж байгаа. Үүнд, 2022 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг 0.7 нэгжээр бууруулж 3.5, Евро бүсийн эдийн засгийг 1.5 нэгжээр бууруулж 3 хувь байхаар тогтжээ. Мөн АНУ-ын эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгжээр бууруулж 3.5 хувь болно гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Түүнчлэн 2023 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгжээр бууруулж 2.8 хувь байхаар төсөөлжээ. 2022 оны гуравдугаар сарын байдлаар дэлхийн ДНБ 0.7 нэгжээр буурч инфляцийн таамаглал огцом өсөх хандлагатай болсон. "Дэлхий дахинд инфляц ийнхүү дахин эргэн ирлээ" хэмээн "Fitch Rating"-ийн ахлах эдийн засагч Брайан Колтон онцлов.
2019 онд Европын бүсийн эрчим хүчний түүхий эдийн хэрэгцээний дөрөвний нэгийг Орос улс дангаараа хангаж байсан нь 1973 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлд ОПЕК-ийн газрын тосны бүтээгдэхүүний эзэлж байсан хувьтай тэнцэж байгаа юм. Евро бүс дэх шатахууны үнийн өсөлтөөс болж 2022 онд инфляци дунджаар таван хувиар өснө гэсэн таамаг байна. Энэхүү инфляциас үүсэлтэй цочролыг намжаахын тулд Засгийн газрууд төсвийн зарим дэмжлэгийг үзүүлэх магадлалтай байна. ОХУ-аас хараат эрчим хүчний хэрэглээнд АНУ-ын шахалт харьцангуй бага нөлөөлж байгаа ч, инфляцын гол асуудал болоод байгаа нефтийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
АНУ-ын хувьд түрээсийн болон цалингийн өсөлт 6 хувьд хүрсэн нь бараа бүтээгдэхүүний үнийг хурдацтай нэмэгдүүлж, үйлчилгээний үнэ дэх инфляци сүүлийн 30 жилийн хамгийн өндөр төвшинд хүрлээ. Америкийн Холбооны нөөцийн банк энэ оны эхнээс хатуу бодлого явуулж эхэлсэн бөгөөд бодлогын хүүгээ нэмсээр байгаа. 

2023 оны төгсгөлд Төв банк бодлогын хүүгээ гурван хувь болгоно гэсэн төсөөлөлтэй байна. Хятад улсын хувьд эсрэгээрээ инфляцын хувьд харьцангуй нам жим. Цаашид зээлийн хүү болон нөөцийн харьцаа буурч төсвийн зардлыг мэдэгдэхүйц зөөлрүүлэх төлөвтэй. Гэвч ковид-19 цар тахлын хязгаарлалтаас хамааралтайгаар хэрэглээний хэтийн төлөв, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул байгаа тул эдийн засгийн өсөлтийг 4.8 хувь хэмээн таамаглаж байгаа нь албан ёсны зорилтоос доогуур гэж үзэж байгаа юм байна. Нүүрлээд байгаа бодит байдал болох инфляцын сорилт, нийлүүлэлтийн доголдол нь АНУ-ын төв банкны бодлогыг чангаруулах, нефтийн үнийг барелль тутамд 150 ам.долларт хүргэх, Евро бүсэд эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүргэвэл дэлхийн ДНБ-ий өсөлтөд илүү их хохирол учруулах эрсдэлтэй гэж харж байгаа юм.

Манай улсын эдийн засгийн төсөөллийг бууруулав 

Европын Сэргээн босголт хөгжлийн банк шинэ төсөөлөлдөө 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд өсөлт үзүүлэхгүй хэвээр байна гэж тооцоолсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын эдийн засаг 2022 онд 3.5, 2023 онд долоон хувиар өснө гэж таамаглаж байсантай харьцуулахад ийнхүү эрс буурууллаа. Монгол Улсын өсөлтийн төлөвийг бууруулахад инфляцын дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: БНХАУ цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь дэлхийн зах зээл дэх таваарын үнийн өсөлтийг ашиглах боломжийг бууруулж байгаа юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцын дарамт нэмэгдэхээр байгааг анхааруулав. 2022 болон 2023 оны өсөлтийн төлөвийг бууруулахад Украины дайны цар хүрээ, ОХУ-ын байгалийн хий болон бусад таваарын нийлүүлэлтэд хязгаарлалт, хориг тавьсан зэрэг хүчин зүйлүүд мөн нөлөөлжээ. 

Үүнээс өмнө Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэг хувь болгож бууруулсан юм. Харин Азийн Хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.3 хувь болгон бууруулаад байна. Хил боомтууд хаалттай, инфляц эрчимжиж байгаа, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг Азийн Хөгжлийн банк онцолж байгаа юм.

Гадаад худалдаа 450 сая ам.долларын ашигтай гарчээ

Хэдийгээр дэлхий даяар эдийн засаг хүнд байгаа ч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын гадаад худалдаа ашигтай гарчээ. Тодруулбал, дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өндөр байсны хувьд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний дөрвөн сард 45 сая "ногооны" ашигтай гарав. Хил гаалийн гацаанаас үүдэж экспортын биет хэмжээ буурсан ч үнэ өндөр түвшинд байсан тул гадаад худалдааны орлого сайжирсан байна. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын байдлаар экспорт 2.8 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар  өссөн үзүүлэлт болжээ. Нийт экспортын 86 хувийг зэс, нүүрс, алт гэсэн гурван түүхий эд бүрдүүлсэн. Дэлхийн зах зээлд дээрх экспортын гол бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж буй нь валютын орлого тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж буй. 

Ногоон эдийн засаг, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний технологийн гол бүрэлдэхүүн болох зэсийн үнэ сүүлийн жилд эрчимтэй өссөөр түүхэн дээд түвшиндээ хадгалагдаж байна. Зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллар орчимд хэлбэлзсэн нь 2020 онтой харьцуулахад бараг хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлж буйтай холбоотойгоор зэсийн үнэ цаашид ч өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь манай экспортын орлогыг дэмжихээр байна. 

Хилийн хязгаарлалтаас үүдэж Монголоос БНХАУ руу гаргаж буй нүүрс ачсан автомашины тоо хэмжээ ковид-19 цар тахал гарахаас өмнөх хэвийн үетэй харьцуулахад огцом буураад байгаа ч, нүүрсний үнэ өндөр байгаа нь орлогыг дэмжиж байна. Тухайлбал, "Sxcoal"-ийн мэдээлснээр" Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний дундаж үнэ дөрөвдүгээр сард тонн тутамдаа 306.5 ам.доллар байсан нь өмнөх сараас 21 ам.доллар, өмнөх оны мөн үеэс 197.36 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Цаашид нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлснээр орлого өсөж, гадаад худалдааны ашиг нэмэгдэх боломжтой аж. Энэ бүхэн манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж, инфляцыг сааруулахад тус болох нь мэдээж. 

Инфляц дэлхийн олон орныг зовоож байна 

-Германд амьжиргааны өртөг нэмэгдэж байгаад хэрэглэгчид эгдүүцэж байна. Оросууд Украин руу довтолж, улмаар ОХУ-ын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээ үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны гуравдугаар сарынхтай харьцуулахуйц инфляцын түвшин Германд хамгийн сүүлд 1981 онд ажиглагдсан. 
-Дайны үр дагавар Европ, Ази байтугай Африк тивд ч мэдрэгдэж байна. Кенийн нийслэл Найроби хотод гэхэд шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсчээ. Бензин шатахуун хомсдож, их үнэтэй болжээ.  
-Туркт талхны үнэ нэмэгдэж байна. Орос дэлхийн хамгийн том улаан буудай үйлдвэрлэгчдийн нэг юм. ОХУ-аас үр тарианы экспортод тавьсан хоригийн нэг үр дагавар Туркт талхны үнийг өсгөв. Энэ бол олон улсын хориг арга хэмжээ нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн тасалдуулж байгаагийн тод жишээ юм. Украин бол улаан буудайн хамгийн том экспортлогчдын нэг. Гэсэн хэдий ч дайны нөхцөлд тус улсын үр тарианы хөлөг онгоцууд Хар тэнгисийн боомтуудаас гарч чадахгүй гацсан. 
-Иракийн нийслэл Багдад хотын "Жамиль" нэртэй алдартай бөөний зах дээр гурилын үнэ тэнгэрт хадлаа. Учир нь дэлхийн гурилын экспортын 30 хувийг ОХУ, Украин хангадаг байсан. 
-Хаа холын Өмнөд Америк тивд оршдог Перу улсын нийслэл Лима хотод болж буй эсэргүүцлийн жагсаал дөрөвдүгээр сард эхэлсэн. Тэнд ард иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэж буй. 
-Шри-Ланкад жинхэнэ хямрал нүүрлээд байгаа. Амьжиргааны өртөг нэмэгдэж, шатахууны хомсдол, цахилгаан тасарсанд иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, төр засгаа эсэргүүцсээр. 
-Шотландчууд хоол хүнс, дулаа­ны үнэ нэмэгдсэнд эгдүү­цэв. Үйлдвэрчний эвлэлүүд амь­жиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцэн Их Британи даяар эсэр­гүүцлийн жагсаал зохион байгуулж байна. 
-Их Британид хатуу хориг арга хэмжээний улмаас цагаан загас, ургамлын тос, эрчим хүчний үнэ өсөж байна. 2022 оны хоёрдугаар сард Их Британид инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар нэмэгджээ. 

АНУ-д инфляц өндөр хэвээр

АНУ-ын инфляц дөрөвдүгээр сард 8.3 хувь болсныг статистикийн байгууллага мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа бага зэрэг буурсан боловч шинжээчдийн хүлээлтээс 0.2 пунктээр өндөр үзүүлэлт болов. Тус улсын инфляцыг түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт голлон бий болгож байна. Мөн орон сууц, ус дулаан, цахилгааны үнийн өсөлт нийт инфляцын сагсны гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд 1991 оноос хойших хамгийн өндөр хувиар өсжээ. Дөрөвдүгээр сард АНУ-д хэрэглээний үнэ хүлээлтээс илүү өсөлттэй гарсан нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд нөлөөлж, улмаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ огцом өсгөхөд хүргэв. Өнгөрсөн сард орон сууц, хоол хүнс, онгоцны тийз, шинэ автомашины үнэ хамгийн ихээр өссөн байна. “Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид хүнс, эрчим хүчийг оруулаагүй хэрэглээний үнийн индексийг өмнөх сараас 0.4 хувиар, ерөнхий хэрэглээний үнийн индексийг 0.2 хувиар өснө гэж таамаглаж байв. Сүүлийн үеийн мэдээллүүд АНУ-ын инфляц дээд цэгтээ хүрсэн байж магадгүйг илтгэж байгаа ч үнийн өсөлт өндөр байгаа нь инфляц удаан хугацаанд өндөр хэвээр байна гэдгийг харуулж байна. 

Английн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэв

Английн төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 5-нд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж 1 хувь хүргэх шийдвэр гаргалаа. Ийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг эрчимтэй нэмэгдэж буй инфляцаа хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 13 жилийн дээд түвшинд хүргээд байна. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ 4 дэх удаагаа өсгөж буй нь энэ юм. Гуравдугаар сард Их Британид инфляц долоон хувь буюу 30 жилийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь төв банкны зорилтоос гурав дахин өндөр үзүүлэлт аж. Үнийн өсөлтийг түлш шатахуун, хүнсний үнэ голлон бүрдүүлжээ. Үнэ иргэдийн орлогоос хурдтай өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндрэл бий болгож байна. 

Инфляцын өсөлтөд голлон өртсөн орнууд

Дөрөвдүгээр сард Туркийн жилийн инфляц 70 хувь дөхөж сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрлээ. Инфляц ийнхүү эрчимжихэд ОХУ, Украины асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ 106 хувь өссөн, мөн тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш огцом суларсан нь нөлөөлжээ. Мөн хүнс, ундаа усны бүлгийн үнэ 89 хувь өссөнийг статистик харууллаа. 
Евро бүсийн эдийн засгуудаас Нидерландад инфляц хамгийн эрчимтэй нэмэгдэж гуравдугаар сард 11.9 хувьд хүрсэн байна. Энэ нь 1970-аад оны газрын тосны хямралаас хойших дээд түвшин юм. Үнийн өсөлтөд түлш, шатахууны үнэ өссөн нь голлон нөлөөлж буйг "Ройтерс" агентлаг онцолжээ. Тайлант сард Евро бүсийн инфляц 7.5 хувь хүрсэн бөгөөд үнийн өсөлт Германд 7.6, Бельгид 9.3 хувь хүрээд байв. 
Зүүн Өмнөд Азийн орнуудаас Филиппинд инфляц 4.9 хувь буюу 2018 оноос хойших дээд түвшинд хүрсэн. Тайландад мөн адил 4.65 хувьд хүрсэн нь сүүлийн 13 орчим жилийн дээд үзүүлэлт болов. Үүнд мөн адил түлш, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлснийг "Bloomberg" уламжлав. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН