Хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр эх орондоо ирж МАХН-ынхныг номонд нь оруулаад буцсан сурагтай.

Энэ үнэн бол удахгүй Засгийн газарт хүчтэй доргилт болох нь гарцаагүй. Өдгөөгөөс хоёр жил шахмын өмнө Засгийн газар байгуулах эрхийг дээсэн дөрөөн дээр өвөртөлсөн АН-ын "бялуу" хуваах цуваанд хүссэн, хүсээгүй МАХН-МҮАН-ын "Шударга ёс" хэмээх эвсэл орж ирсэн нь хамгийн арчаагүй сонголт байв.


Энэ нь улс төрийн элдэв бужигнаан эдийн засгийн уналт, нийгмийн амьдралаас тодорхой харагдаж байна. Гологдогсод, гомдогсод, карьер нь дуусчихсан, бүр тодруулбал эрх мэдлийн төлөө сүнсээ худалдахаас буцахгүй хэсэг нөхдөөс бүрдэх эвслийн гишүүдийн сүүлчийн ганц найдвар нь АН-ын урилгыг хүлээн авах байв.

Тэдний хувьд ч дотроо битүүхэн горьдож суусан байх. УИХ-ын дугуй танхимд сууна гэж бодох нь бүү хэл зүүдэлж ч үзээгүй нөхөд Төрийн ордонд гэнэт орж ирсэн нь ард түмнийг гайхшруулаад зогсохгүй өөрсдөө ч итгэж чадахгүй байгаа нь өнөөдөр ч илт байна. Тодруулбал, өнөөдөр ч эргээ нь гараагүй нөхөд дугуй танхимд буруу зөрүү ярьж суусаар нийгмийн саарал өнгийг бий болгоход ихээхэн нэмэр хандив болов.

Итгэж ядсан хэдэн нөхдийг ийнхүү шаргал ордонд төөрч явтал АН-ынхан тэдэнтэй ил, далд гэрээ байгуулаад авсан төдийгүй өдгөө ч хууль бус зүйлтэйгээ эвлэрүүлсээр яваа нь улс орны амьдралыг улам сүйрүүлж байна. Улс орны амьдралыг сүйрүүлэхээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын дургүйг ихээхэн хүргээд байгаа тухай эх сурвалж хэллээ.

Энэ үетэй зэрэгцээд хууль бус чуулганы хуралдаанд хамтарч засаг барьж байгаа хүмүүсээс хамгийн ахмадаар тодорсон Л.Цог насандаа барьж үзээгүй, үзэх ч үгүй УИХ-ын даргын модон алхыг хууль бусаар ч гэсэн барьж үзсэн гээд шаргал ордон сонин ихтэй байсныг бид мартаагүй.

Харин АН, "Шударга ёс" эвсэл хоорондын гэрээнд "Улс төрийн хэлмэгдүүлэлтэд хэн нэгнийг өртүүлэхгүй байх"-ыг уг нь заасан. Далд утгаараа бол "Хэрвээ Н.Энхбаярт хорих ял өгөхгүй бол..." гэсэн шууд санааг илэрхийлж байсан ч эрх баригчид эвслийг Засгийн газартаа урьж оруулчихаад Н.Энхбаярыг яллачихсан.

Өөрөөр хэлбэл, албан тушаалд дуртай нөхдийг хулхидсан. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаа бүрэн эдлээгүй өршөөлд хамрагдаж, Өмнөд Солонгос улсаас намаа шууд удирдаж байгаад гэрээний утга учир бас оршино. Магадгүй, тэр төрийг удирдалцаж байгаа биз.

Уг нь анх "Толгойных нь эргээ гараагүй" хэмээн ад үзэгдэж байсан ч З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын хувьд "Бусад хүн Засгийн газарт хамтрах, хамтрахгүй нь хамаагүй, гэрээ ёсоор засагт хамтрахгүй" хэмээн гэдийж байсан. Намынхаа даргад үнэнчээ харуулж байгаа нь тэр л дээ.

Гэтэл Н.Энхбаярын ачаар сүүлчийнхээ алтан боломжийн өмнө ирсэн М,Энхсайхан, Н.Батцэрэг, М.Сономпил нар "Эрх мэдлээ Н.Энхбаярын ялаар солихгүй" хэмээн бүлэг дотроо маргаж, эвслийн гол удирдагчаа зольж орхисон. Харин угшил удмаа, урьдын сайн харилцаагаа бодсон ч Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар гэрээ ёсоор ажиллахыг шаардах болов уу гэсэн горьдлого тухайн үед Н.Энхбаяр нарт байсан.

Үүгээр ч зогсохгүй экс Ерөнхийлөгчийг дэмжин саналаа өгсөн олон мянган хүн байсан. Даанч Ч.Улаан, Д.Тэрбишдагва Н.Энхбаяраасаа нүүр буруулж, МАХН-д "Вант улс"-аа байгуулах гэж элдэв хагарал үүсгэн Н.Энхбаярыг дагаж ирсэн хүмүүсийг намаасаа хөөсөн билээ.

Уг нь Д.Тэрбишдагвын хувьд Н.Энхбаярт илүү дотно хандах учир бий. Элчин сайд, Засгийн газрын танхимд хүртэл суудал өгч байсан хамтрагчаа тэрбээр Тэргүүн Шадар сайдын суудлаар хөнгөхөн арилжив. Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь яах аргагүй Н.Энхбаяр.

Гэтэл нэгэн цагийн андууд нь ийнхүү АН-ын угшилтай хэдэн нөхдийг даган Засгийн газарт орсон нь Н.Энхбаярын дургүйг хүргэх хамгийн том шалтгаан болжээ. Тиймээс тэрбээр удахгүй болох "Эх үрсийн баяр"-ын дараа ирж улс төрийг төвхнүүлэхээ мэдэгдээд байгаа аж.

Түүний хувьд нэгэнт эрх баригчид болон Ц.Элбэгдоржтой тооцоо бодож чадахгүй, тэгэх эрх байхгүй учраас МҮАН болон МАХН-ын зарим урвагчтай тооцоо бодох тухай яриа гарсныг үнэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Зарим нь эвслээсээ татгалзаж буй өнөө үед түүний оролцоо энэ эвсэлд туйлын их хэрэгтэй байгааг улс төрийн байдал харуулсаар байгаа. Тэгэхээр Н.Энхбаяр МҮАН-тай хийсэн гэрээний биелэлтийг юуны өмнө тулган шаардах болов уу. Улмаар шахагдаж ирсэн нөхөдтэй тооцоо бодож таарна.

Тэд бол Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар. Учрыг сөхвөл өнгерөгч сонгуулиас өмнө МАН-аас шахагдаж, улс төрийн тэтгэвэрт суухаа мэдсэн мань хоёр Н.Энхбаяр руу алгаа тосч очсоныхоо ачаар УИХ-д орж чадсан. Гэвч удалгүй Н.Энхбаярынхаа ачийг бачаар хариулсан нь хамгийн эмгэнэлтэй.

Мэдээжийн хэрэг М.Энхсайханы хувьд Н.Энхбаяр сонин биш. Тэр тусмаа МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийг ийм амжилт үзүүлж, УИХ-д орж ирнэ гэдгийг М.Энхсайхан огт санаагүй ч байж мэднэ. Итгээгүй учраас л М.Энхсайхан Дархан-Уулд, Н.Удвал Архангайд очиж өвдөг шороодсон болов уу.

Үнэн хэрэгтээ Ч.Улаан ч итгээгүй, нэрээ дэвшүүлэх тойрог ч ой тойнд нь бууж ирээгүй учраас "Ямар ч байсан жагсаалтад нэрээ бичүүлье" гэсэн хэрэг. Ийнхүү "Шударга ёс"-ын ихэс дээдсийг хөдөө хөхөрч, гадаа гандан сонгуулийн сурталчилгаа хийж явахад гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан нөхөд жагсаалтаар УИХ-д ороод ирсэн гээд Н.Энхбаярт тооцоо бодох зүйл их бий.

Гэхдээ тэдэнтэй тооцоо бодох маш нарийн төлөвлөгөө байгаа нь тодорхой. Суудлын тоо бөглөх төдийгүй засагт ч "Давхар дээл"-тэй сууж байгаа нөхдийг шуудхан хөөж болохгүй. Тэгэхээр өөрийн итгэлт нөхдөөр турхирч, "Шударга ёс" эвслийг засгаас гаргах санал тавьж болох юм.

Ингэхийн тулд тус бүлгийнхэн хуралдаж,олонхийн саналаар засгаас гарах эсэхийг шийдэж таарна. Н.Энхбаярт үүн шиг амархан зүйл байхгүй. Монгол Улсыг тараах, эвлүүлэх тухай төлөвлөгөөг боловсруулж суусан нөхөрт энэ бол нэг их сонин биш л дээ. Иймээс тус эвслээс З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон нар эвслийн засгаас гаргахад санал нэгдэнэ.

Даргаа дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр "Давхар дээл" тайлуулах чин хүсэлтэй байгаа Г.Уянга гээд гишүүд нэмэгдэхээр ямар ч төвөггүй засаг огцорно. Нөгөө талаараа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд таслагдаж байхад Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нүхээ малтах санаатай АН-ын гишүүдтэй хошуу холбоод намын даргаа огг тоогоогүй.

Тиймээс Засгийн газраас гарах нь "Шударга ёс" эвсэлд ашиггүй хийгээд цаг нь болоогүй байгаа ч Н.Энхбаярт үүнээс өөр тооцоо бодох арга байхгүй. Тэгж л байж эднийгээ буулгаж авахгүй бол яавч болохгүй. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, М.Сономпил гээд Н.Удвалаас бусад нөхдийг ингэж л дарж авна.

Тэдэнд Н.Энхбаяраас өөр сонголт гэж бараг байхгүй учраас түүний атганд улам л орох болно. Ингээд "Шударга ёс" эвсэл засгаас гарахаар Н.Алтанхуягийн танхим огцорч таарна. Магадгүй Н.Энхбаяр энэ бүгдийн дараа шинэ тохиролцоо хийхийг хүссэн байхыг үгүйсгэхгүй.

В.Нэргүй

 

 Н.Энхбаяр урвагчидтайгаа тооцоо бодох цагт засгийн газар огцорно