ЗГ-н хуралдаан: 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэнэ
2022/05/18
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
- Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар
- Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой 2024 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэх үүргийг Ерөнхий сайд өглөө.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг сонссон. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гарч байна.
Тавдугаар сараас цахим багц хууль хэрэгжиж эхэлсэн. Дагалдах журмыг баталлаа" гэв.
Ерөнхий сайд 2024 оныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчлэх чиглэл өгчээ. Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга мэдээлэл өгч байна.
Тэрбээр, Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг 8-р сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн гэв.
Тэрээр нийтийн тээврийн паркийг хэрхэн шинэчлэх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна гэв.
Хүүхдийн 75 автобус хил дээр иржээ. Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр логистикт үүссэн гацаа нийтийн тээврийн шинэчлэлийг хойшлуулсан байна. Нийслэлд нийт 1400 шинэ автобус хэрэгтэй. Ерөнхий сайд үүний талыг энэ онд, 2023-2024 онд үлдсэн автобусыг худалдан авах чиглэлийг хотын даргад өгчээ.
975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа хэтэрсэн буюу эдгээрийг бид 10-аас дээш ажил ашигласан. Иймд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдэх болжээ. Олон улсын байгууллагаас хоёр жилийн хугацаатай, 40 орчим сая ам.долларын зээл авна. Зээлийг төслийн өөрийн орлогоор эргүүлэн төлнө. Мөн хотын төсвөөс 60 тэрбум төгрөгийг шинэ автобус авахад зарцуулах юм байна.
591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн гэж хотын дарга мэдээлэв. Гэвч Нийслэлийн худалдан авах ажил удааширсан тул хурдлуулах үүрэг өгчээ. Шууд худалдан авалт хийж, үйлдвэрлэгч, албан ёсны эрх бүхий дистрибютертэй хамтран ажиллана. Эхлээд 110 цахилгаан автобус, дизель хөдөлгүүртэй 400 орчим автобус авна юм байна.
Хуралдаанаар элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.
УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Ингэснээр жижнглэн худалдаалж буй элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ.