Орон сууцны барилгын дээврийн хаалганы цоож эвдэн гарч, амиа хорлох гэж байсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгажээ
2022/05/27
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд тавдугаар сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Уг дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс аварч байшингийн дээврээс аюулгүй буулган ажилласан байна. Тухайн хүүхэд байшингийн дээвэр рүү гарах хаалганы цоожийг эвдээд гарсан байжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.