Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад өгсөн 10 хоногийн шаардлагатай холбоотой асуудлын талаар хэлэлцжээ.
Тодруулбал тавдугаар сарын 16-ны өдөр МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт нарЗзасгийн газарт хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, агентлагийн дарга нартаа хариуцлага тооц гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт арав хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн билээ. Энэ хугацаанд шаардлага биелүүлэх талаар Ерөнхий сайд ямар ч алхам, хариу өгөөгүй тул тэд Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

5 сарын 16-нд Ерөнхий сайдад гардуулсан МАН-ын шаардлагад:
" Эрх баригч нам, эвслийн хоорондын дотоод зөрчлийн улмаас төрийн үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцөл алдагдаж байгаад УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг харамсаж байна гэж эхлээд, үндсэн дөрвөн гол агуулгыг хамарч байсан.

1. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд амьдралын хэрэгцээ шаардлага хангахгүй, боловсруулалт дутуу байх болсон.

2. Засгийн газрын бодлогын алдааны хор уршиг улам гүнзгийрч, улс орны эдийн засгийн байдал хурдтайгаар унаж, ам.долларын ханш 1820 төгрөгт хүрсэн.

3. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, улмаар нийгмийн сөрөг үзэгдэл гэмт хэрэг, зөрчил газар авч онц ноцтой, жигшүүрт хэргүүд өдөр алгасахгүй шахам гарч, ард иргэдийг айдас хүйдэстэй амьдрахад хүргэж байна.

4. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461-р ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний байгууллага хариуцлага алдсан" гэсэн байсан юм.

Өөрөөр хэлбэл "Засгийн газрын бодлогын алдааны хор уршиг улам гүнзгийрч, улс орны эдийн засгийн байдал хурдтайгаар унаж, ам.долларын ханш 1820 төгрөгт хүрсэн." гэсэн заалтынхаа дагуу Эдийн Засгийн Хөгжлийн сайдад хариуцлага тооцож буй нь энэ бололтой.

М.Оюун