Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхэд бэлэн байгааг Хятадын тал нотолжээ
2022/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал дахин нотлов.
Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав.
Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй энэ үед Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өмнө нь утсаар ярих үеэр хэлэлцэн тохиролцсоны дагуу уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд Хятадын талтай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
DR. ADITYA · 2022/06/14