Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
2022/07/27
Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч болохоос өмнө ойр дотно харилцаатай байсан гэдэг. Саяхныг болтол ах дүү шиг явж ирсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
Маш сайн мэддэг ч юм байна лээ. Харин ойрын өдрүүдэд олны нүдэн дээр ил цагаан зодолдоод эхлэх шиг боллоо. Хоёулаа гарч ирж, өөрсдөө яриагүй л болохоос зодолдож, ноцолдоод байгаа нь тодорхой болчих шиг болов.
Л.Оюун-Эрдэнийн төрж өссөн уурхайн тосгонтой холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байснаа удалгүй өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёрын зодоон болоод хувирчихав. Асуудал Бэрхийн уурхай “...Хот уу, тосгон уу” гэдэгтээ гол биш байжээ. Энэ акцаас гадна “Тусгаар тогтнол” гэх хоёр үг орсон намын нэрний олон хувилбар, мөн ийм нэртэй хөдөлгөөн ч “ах”-ынх нь урьтсан цохилт байсан бололтой.
Чих тавьж үзэв. Тэгэх нээ, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёр хавраас хойш хоёр, гурван удаа уулзсан бололтой юм. Тийм мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Х.Баттулга нь хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж буй Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг орхихыг Л.Оюун-Эрдэнээс хүсдэг. Харин Л.Оюун-Эрдэнэ нь “...Хуулийнхаа дагуу шийдэгдэг” гэчихдэг тухай эх сурвалжууд мэдээлсэн. Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үед ярих болсон Тавантолгойн нүүрсний хэрэг, төмөр зам гацаасан асуудал ч уулзалтуудынх нь үеэр яригдаж, тэр болгонд Л.Оюун-Эрдэнэ нь гүрийдэг. Тэр ч байтугай, тэд сүүлийнхээ уулзалтаар барьцалдаж авахдаа тулаад салсан гэсэн мэдээлэл яг одоо яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга үүнд бухимдсан бололтой юм.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёр хавраас хойш гэдэг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал нийтийн чихэнд хүрснээс хойш уулзалдсан болж таараад байгаа юм. Учрыг ухвал Хөгжлийн банкны асуудалд Х.Баттулга хоёр ч “сэжим”-ээр холбогдчихсон. Эх сурвалжуудын мэдээллээс харахад “Шинэ яармаг төсөл”, “Пирамид орд” компанийн зээл хоёртой холбогддог. Ер нь Хөгжлийн банкнаас хууль бус аргаар зээл авсан л бол хэн ч байсан төлөх ёстой хөрөнгө шүү дээ. Хөрөнгө нь алга болчихсноос болж Монгол Улс яаж баларч байгааг бид бүгд л мэднэ. Харин өдийг хүртэл баллаж байсан мэдээллийг Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд ил гаргаж, АТГ, ЭЦА, прокурор, шүүх хуулийн дагуу шахаж, хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэсний дүнд найдваргүй гэгдээд байсан 500 орчим тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны дансанд орсон байна. Цаашид ч иймэрхүү улстөрчдийн оролцоотой олгогдсон байж болзошгүй зээлүүдийг буцааж татах ёстой юм. Тэгэхээр Х.Баттулгын нэр холбогдсон зээлүүд заавал төлөгдөх учиртай гэсэн үг.
Тэр хоёрын дунд бас нэг яригдсан зүйл нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг гэж байна. Үнэндээ тэр бол цаг хугацааны хувьд олон нийтийн ой санамжид бүдгэрсэн ч төр, хууль хяналтын ой санамжаас арчигдах ёсгүй үйл явдал болсон. Өмгөөлөгч нэрийн дор хуулийн бус үйл ажиллагаа явуулж, хэрэг төвөг аргалдаг, тэр нь газар авчихсан, тэгээд дэлбэ үсэрсэн. Олон хавар нэгэндээ л болсон үйл явдал харагддаг. Б.Баасанцогтын хэмээх хэргийн дор хэд хэдэн шүүгч асуудалд орсон. Зарим нь мултарсан.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Дээд шүүхэд байдаг найзуудынхаа буянаар ямар нэг шийтгэлгүй үлдэхээр болж байгаа тухай хуулийнхан ярьж л байна. Тэгэхээр энэ асуудал бас л Монголын хууль хяналтын байгууллагад цаашдаа байж болохгүй, шударга бус явдлыг гааруулсан үйл явдал мөнөөс мөн юм.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой үйл явдлыг монголчууд хэнээр ч хэлүүлтгүй мэддэг болсон. Захын хүн санхүүгийн схемийг нь задаргаатай нь ярьж мэднэ. Нэгэнт ийм тодорхой учраас тус үйлдвэрийг худалдаж авчирсан хүн нь ч бодит байдалтай эвлэрснээ сая зарласан. Тэрбээр Ерөнхий сайдын нэр дээр ил захидал бичихдээ түүнийгээ тодорхой хэлсэн байдаг. Эдгээрээс гадна Л.Оюун-Эрдэнэ саяхнаас ярьж эхэлсэн хоёр асуудал бий. Багц гэсэн ч болно. Төмөр зам гацаасан, нүүрсний хулгай хоёр л доо. Товчхондоо, хэсэг бүлэг нөхөд төмөр зам бариулалгүй 14 жилийн турш гацааж байгаад Тавантолгойн нүүрсний гол ашиг орлогыг туудаг байсан. Энэ бол Монгол, Хятад хоёр улс дамнасан томоохон сүлжээ болчихсон байдаг. Л.Оюун-Эрдэнийн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд өөрийнх нь хэлсэн үг бий.
Тэрбээр “...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь их ашигтай байсан. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна” гэсэн. Яг ингэж хэлсэн. Энэ нь хэвлэлийн шарлаагүй хуудаст бичээстэй байна.
Эцэст нь нэг асуулт гарч ирнэ. Эх сурвалжуудын мэдээлэл, улс төрийн хүрээнд яригдаж буй эдгээр чимээ шуугиан үнэн бол Х.Баттулга яагаад энэ бүгдэд санаа тавих болсон бэ. Эдгээр асуудалтай тэр ямар холбоо хамааралтай юм бэ гэдэгт хариулт заавал хэрэгтэй. Гэхдээ энэ хариултыг Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанаас харахад болно. Яагаад гэвэл энэ бүх “сэдэв”-ийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, түүнээс ч өмнө сул гишүүн байхаасаа ярьж ирсэн байдаг. Ерөнхий сайд болсноосоо хойш илүү бодитойгоор хэрэгжүүлж эхэлсэн.
Гэтэл түүнтэй улс төрийн хувьд, амьдрал дээр ч ойр дотно гэгдэж явсан Х.Баттулгынх нь эрх ашиг зөрчигдсөн болж таарав. Тэднийг зөрчилдөж эхэлсэн талаар хавраас хойш мэр сэр яриа хөөрөө дуулдах болсон ч “...Хэзээ ч салахгүй харилцаатай ах дүүс шүү” гэх яриа дагаад л гардаг байв. Харин асуудал энэ удаа арай өөрөөр өрнөчих шиг боллоо. Гарч буй мэдээллүүдийг харахад, Х.Баттулга найдсан ч Л.Оюун-Эрдэнэ гүрийсэн. Түүнд бухимдсан Х.Баттулга хариу арга хэмжээ авч эхэлжээ. Үүнд нь Л.Оюун-Эрдэнэ их уурссан талаар Төрийн ордон хавиар өчигдөр нэлээд яриа хөөрөө болж байна. Ийм л явдал болж буй бололтой.
Гэхдээ зөвхөн тодорхой эх сурвалжийн мэдээлэл, улс төрийн хүрээний “бор шувуу”-нууд үүнийг нэгмөр нотлохгүй. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр гүрийж, УИХ-ын гишүүний хувьд, ЗГХЭГ-ын даргын тухайд, Ерөнхий сайдын хувиар хэлсэн ам, эхлүүлсэн ажилдаа үнэнч үлдсэн эсэх өөр үр дүнгээр батлагдах учиртай. Товчхондоо, Х.Баттулгын гуйсан гэх асуудлууд хуулийн дагуу шийдэгдэж үлдэх ёстой. Нөгөө Б.Баасанцогтын өдүүлсэн хэрэг шийдэгдэнэ. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр эргэж хөрвөхгүй. Хөгжлийн банкны найдваргүй зээл бүрэн төлөгдөж, холбогдсон улстөрчид буруутай бол хариуцлага хүлээнэ. За тэгээд, удахгүй алдарт нүүрсний мафийнхны нэр ус задарч, төмөр замыг гацаасан хэрэг ч мандаж таарна. Нэг үгээр хэлбэл, энэ хоёр улстөрчийн зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх магадлал өндөр болчихлоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Paul · 2022/07/28
зочин · 2022/07/27
ерөнхий сайдаа хамгаалалтаа сайжруул наад нохой чинь яаж мэдэх хүн дээ
zochin · 2022/07/27
ehluulsen ajilaa duusga JENKO bol gadnii gar hul
иргэн · 2022/07/27
женко мафид хэзээ ч бүү бууж өгөөрэй хэзээ ч монгол улсыг хайрлаж хүн ардыг нь өрөвдөж байгаагүй бид нарт яү мафийн алуурчид шиг хнадсан хүн дээ хэрэв элбэгээ женко миеэ энхбаяр зэрэг хүмүүс хувиа бодож яваагүй бол монгол улс өдийд овоо л хөгжих басйан даа сайхан залуус гарч ирсэнд маш баярлаж байгаа шүү