"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
2022/08/17
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, "Эрэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь өөрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан Нийслэлийн Прокурорын удирдлагууд болон хяналтын прокурор М.Энхбаатар нарт хээл хахууль өгч, өөрийн үйлдсэн Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэрэг болон ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байсан 20 тэрбум төгрөг бусдаас залилсан гэмт хэргээ хаалгахаар авлига, хээл хахууль өгсөн байж болзошгүй үйлдлийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
2021 оноос эхлэн Б.Эрдэнэбатыг "Хөгжлийн банкнаас чанаргүй зээл гаргуулж, улсыг хохироосон. Олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан" хэргээр АТГ-т шалгаж байгаа ч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа юм. Энэ тухайгаа Б.Эрдэнэбат нь "Би өөрөө Засгийн газарт залилуулсан, байшин барих захиалга өгвөл зээлээ төлнө" хэмээн утгагүй тайлбар тавьсаар ирсэн.
Мөн 2016 онд иргэн Б-ийн 20 000 000 000 төгрөгийг (хорин тэрбум) Хөгжлийн банкны барьцаанд тавьсан хөрөнгөө барьцаалж байна гэж хуурч, компанийн хувь эзэмшүүлнэ залилан мэхэлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй аж. Энэ хэрэгтээ 2021 оны наймдугаар сард ХУД-ийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял авч байсан.
Шүүх хуралдааны шатанд Б.Эрдэнэбат нь "Эрэл ХХК”-нд нэг ч хувьцаа эзэмшдэггүй, хувь эзэмшүүлнэ гэж хууран мэхэлсэн. Компани нь улсын бүртгэлд бүртгэлгүй, барьцаалсан гэх бүх хөрөнгөнүүд нь хуурамч, Хөгжлийн болон Хаан, Хас банкны барьцаанд байсан нь нотлогдож, иргэн Б-г хууран мэхэлж залилсан нь хөдөлшгүй баримтуудаар тогтоогдсон байдаг.
Түүнчлэн Б.Эрдэнэбат нь ял авсныхаа дараа МӨХ-ны гишүүн Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр авснаас хойш түүний үйлдсэн улсыг хохироосон болон залилах хэргүүд нь замхарч эхэлжээ. Учир нь Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгч нь өмнө нь Нийслэлийн Прокурорын Газарт олон жил хэлтсийн дарга хийж байгаад өмгөөлөгч болсон бөгөөд маш олон найзууд, танилууд нь тус прокурорын газарт дарга, хяналтын прокурор хийдэг гэх мэдээлэл байна. Тиймээс уг асуудлыг АТГ шалгаж, хууль хяналтын байгууллагад үүссэн дахин нэг авлигын сүлжээ, шударга бус хонгил ил болж байх шиг байна.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 2022/08/17
Одоо энэ луйварчнийг шүүх сэргийлэх дийлэхгүй байна уу