Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа
2022/08/17
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.
Энэ үеэр үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа" гэв.
Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллээ.
Тэрбээр "Хүний нүдэнд харагддаггүй, олон зүйлийн ол үндэс болсон энэ хуулийг ийн өргөн барьснаар Газрын тухай багц хуулийг бүрэн өргөн бариад байна. Энэ хуульд 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг нь өргөн барих шаардлагатай болсон.
Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг. Үүнд тулгуурлаж томоохон төсөл, барилгын ажил явдаг. Улаанбаатар хотод геодезийн 360 цэг тэмдэгт байдгийн тал орчим нь устаж алга болсон. Өндөржилт байхгүй болсонтой холбоотой ус зайлуулах хоолойнууд авто зам болоод хувирчихсан байх жишээтэй. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн чиглэлд сайжруулалт хийгдсэн. Тогтолцоог нарийн болгосон. Хэн төлөвлөх, хяналт тавих вэ гэх мэт. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг мөн тусгаж байгаа" гэлээ.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр үндэсний цахим шуудан хэрэглээнд нэвтэрч байгаа талаар дурдлаа.
Л.Энх-Амгалан “Үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-аас дээш настай хүмүүсийг И-Монгол системээр дамжуулж, и-мейл хаягтай болгоно. Үүний гол давуу тал нь, иргэн төртэй, төр нь иргэнтэйгээ шууд харьцдаг тогтолцоог бий болгоно. Гадаад пасспортын хугацаа дууссан 61 мянган хүн байна. Энэ сануулгыг жишээ нь и-мейлээр өгөөд явна гэсэн үг. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шууданг ийн нэвтрүүлж байна. И-Монгол системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон байгаа. Орон нутгийн үйлчилгээг холбох шатандаа явж байна.
Хэрэв аль нэг байгууллага таны хувийн мэдээллийг ашиглавал “Энэ мэдээллийг энэ төрийн байгууллага ашигласан байна” гэдэг мэдээлдэг болно. Давхар тоон гарын үсэгтэй болгоно. Өөрөөр хэлбэл 1111 төвийг цахимжуулж байна гэсэн үг” гэлээ.