УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намынхантайгаа хамтран, Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай "ШИНЭ хувьсгал" нэртэй ном гаргасан билээ. Уг номын хэсгээс хүргэж байна.

Дөрөв.Ардчилсан хувьсал

 

Ер нь бол 1985 оноос эхлэн социалист систем өөрөө задарчихсан юм байна лээ шд. 1985 оны 4 сард М.С.Г Горбачёв Төв Хорооны Бүгд хурал дээр өөрчлөн байгуулалтаа зарлаж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1987онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчийн зарлигаар социалист шүүмжлэл өрнүүлсэн хүнд ял шийтгэл оноогдуулахгүй болсон байлаа. Горбачёвийн "өөрчлөл байгуулалт" гэдэг нь арчилал мөн хувьсгал ч мөн болохыг тайлбарласан ном 1988 оны 1 сард Монгол хэлээр 20000 хувь хэвлэгдэн гарлаа. Улмаар Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн бөгөөд лав л “Ардчилсан хувьсгал” ярьж социализмыг шүүмжлэхэд ял шийтгэлгүй болсон байжээ гэж ойлгож болно. Эхэндээ өөрчлөл байгуулалт нь социализмыг устгахгүй сайжруулах өсөлтгүй болсон эдийн засгийг эрчимжүүлэх ил тод байдал шинэ сэтгэлгээ цөмийн зэвсгийг хураах гэсэн программаас тус тус бүрдэж дээр доодгүй дэмжиж байлаа.

 

Ер нь бол Ардчилсан хувьсгал хамгийн анх Унгарт ялсан. 1956 онд Унгар Варшавын гэрээнээс гарч байгаагаа зарласнаар Зөвлөлтийн цэрэг орж ирэн бослогыг дарж, Имре Нажийг цаазлав. Түүний дараа Унгарын Янош Кадр нь коммунист намын ЕНБ дарга, Ерөнхий сайд болов. 1986 онд хувьсгалын 30 жилийн ойн жагсаал болоход цагдаа нар хүч хэрэглэн тараажээ.

 

Гэвч ардчилсан хөдөлгөөн улам өрнөж, Янош Кадрыг огцрохыг шаардав.1988 онд Кадр огцорч, ардчилсан хувьсгал нь ялалтад хүрчээ. 1968 оны Чехийн бослого, 1980 оны Польшийн үйлдвэрчний эвлэлийн тэмцэл,1986 оны Хятадын Тянь Ан Миний талбай дээрх оюутны тэмцэл, 1989 оны Монголын Ардчилсан хөдөлгөөнүүдийн тэмцэл бүгд социализмаа сайжруулах зорилготой байсан. Харин ардчилсан хувьсгал ялахын даваан дээр Ардчиллынхны зорилгод, социалист нийгмийг халах, капиталист нийгэм байгуулах, тэр ч бүү хэл цус асгаруулсан хувьсгал хийх үзэл санаанууд нэмэгдсэн гэдэг боловч, эдгээр үзэл санаанууд нь дэмжигдээгүй юм. Ер нь Орос ах нар өөрсдөө шийдвэрлээд л ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казак, Украйн, Белорусс, Армен, Гүрж гээд 15 бүгд найрамдах улсыг бие даалгаж, тусгаар тогтносон улс болгосон. 1989 онд Орос ах нар л өөрсдөө шийдвэрлэж, 110 мянган цэрэгтэй Оросын цэргийн анги нэгтгэлүүдийг Монголоос буцаан татаж эхэлсэн. Мөн Зүүн Герман, Афганистан гэх мэт орнуудаас ч бас цэргээ татсан юм. 1986 оны 1 сарын 15-нд цөмийн зэвсгийг хураах программыг Орос ах нар өөрсдөө дэвшүүлж, хоёр системийн хоорон дахь хүйтэн дайныг өөрсдөө манлайлан үгүй болгож байхад, капитализмаас хамгаалж байгаа дүртэй, тэр их цэрэг техникийг алс хол, гадаад улс орнуудад байрлуулж яах юм. 1989 онд Оросод анхны ардчилсан сонгууль явуулав.

 

Нэгэнт социалист систем өөрөө бүх дэлхийд задран унаж байгаа тул 28 социалист орон бараг нэгэн зэрэг, ардчилсан хувьсгалт өөрчлөлтийг явуулж, капитализм руу шилжиж эхэлжээ. Монгол Улс тэдний нэг байв. Одоо нөгөө хувьсгалын 5 шалгуураар Ардчилсан хувьсгалыг оруулж, алдаа оноог нь шүүн хэлэлцье. Эхлээд "Ардчилсан хувьсгал" гэдэг нь нэр томъёо нь Горбачёвээс хуулсан учраас лав л социализмыг устгах үзэл санаа биш гэдгийг юун түрүүнд сануулъя. Тэгэхээр "Монголын ардчилсан холбоо" гэх хөдөлгөөнд үзэл онол байна уу? гэдгийг харъя. Ардчилал анх үүсэхдээ, "бүх нийтийн тэгш эрх" гэсэн утгыг илэрхийлсэн үг байсан бөгөөд МЭӨ Грек, Ромд үүсэж, замдаа таарсан Хаант засаг, Феодалын нийгэм, Капиталист нийгэм, Социалист нийгэм, фашист нийгэм бүрийн туганд намирч, маш олон утга санаатай болж, хүн бүр өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж болдог, тэр гэх тэмдэггүй үг, хэллэг болжээ. Дээр дурдаж буй бүх нийгэм ардчиллын төлөө байсан. Тэгэхээр ардчилал гэдэг үг "үндэсний хувьсгалт хөдөлгөөний" үзэл онол болж чадахааргүй хэтэрхий балархай утга санаа болох нь илэрхий байна. Учир нь ардчилал яллаа гээд социалист төрийн машиныг эвдэн устгана гэсэн үг биш. Яагаад гэвэл социалист нийгмийн хамгийн гол үнэт зүйл нь ардчилал байсан юм.

 

Ленин багш "Манай социалист ардчилал бол хөрөнгөтний ардчиллаас сая сая дахин илүү ардчилал мөн." гэж хэлж байсан юм шүү дээ. Капитализмд ч ардчилал байгаа гэдгийг энэ үг нотолж байна. Гитлер ч ардчиллын төлөө л зүтгэсэн юм шүү дээ. Гэхдээ л ардчилал гэсэн үзэл санаан дээр "Монголын Ардчилсан Холбоо" гэх хөдөлгөөн байгуулагдаж, нийгэм тэр аяараа хөдөлсөн нь бодит баримт юм. Ардчилсан холбооноос улс төрийн нам ч төрөн гарч чадсан байна. Харамсалтай нь нэг доор 6 нам төрөн гарч, хөдөлгөөнийхөө үндэсний чанарыг алдагдуулж, үндэсний эв нэгдлийг хувааж, өөрсдийн хөдөлгеений хүч чадлыг тарамдуулсан байна. Ингэснээр 1990 оны сонгуулиар ардчилсан хүчнийхэн навс ялагдсан. Эдгээр алдаа завхралын гол буруу нь "ардчилал" гэх үгээр хөдөлгөөн үүсгэсэнд байна. Социализм ч ялгаагүй ардчиллын дээд хэлбэр байсан учраас, "ардчилал" гэдэг үгээр социализмыг устгаж чадахгүй ажээ. Тиймээс шинэ хөдөлгөөнд, цоо шинэ, шал оор онол, философи хэрэгтэй байжээ. Социалист, коммунист үзэл онолоос зөвхөн социалист, коммунист хөдөлгөөн үүсэх бөгөөд зөвхөн социалист, коммунист л нам төрөн гарч, зөвхөн социалист, коммунист л төрийн машин бүтээж, зөвхөн социалист коммунист л нийгэм байгуулж чадна. Харин ардчилсан хөдөлгөөнөөс хэд бол хэдэн нам терен гарч, ямар бол ямар төрийн машин бүтээж, тэр гэх тэмдэггүй нийгэм бий болгож дөнгөнө. Иймээс л ХАОС буюу эмх замбараагүй төр, нийгмийг Монголчууд бид бүтээжээ.

 

Дэлхийн бүх оронд амжилттай хэрэгжсэн гайхалтай сайхан онол, туршлагууд Монголд огт үр дүн өгдөггүй нь ХАОС нийгмээс болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хагас социалист, хагас капиталист нийгэмд Монгол орон зүг чигээ олохгүй, тарчилж, зовж, хямарч байна. Одоо ардчилсан хувьсгалын хамгийн том алдааг ярилцъя. Манай ардчиллын залуус социализмаа сайжруулах хүсэлтэй байсан болохоос, социалист төрийн машиныг эвдэн устгах зорилтыг анхнаасаа тавьж чадаагүй юм. Социалист төрийн машиныг эвдэн устгаж чадаагүй учраас Монгол оронд хувьсгал ялж чадаагүй болж таарч байна. Зөвхөн социалист төрийн машинд бага сага өөрчлөлт, засвар оруулсан тул Лениний зохион бүтээсэн социалист төрийн машин Монгол Улсад ажилласан хэвээр үлджээ. К.Маркс "Ажилчин анги засаг төрийн бэлэн машиныг зүгээр эзэлж аваад, өөрийнхөө зорилгод хэрэглэж болохгүй юм байна гэдгийг Парисын Коммун нотлон харууллаа. Тиймээс ажилчин анги өөрийн гэсэн төрийн машин зохион бүтээх буюу пролетарийн дектатурыг тогтоох хэрэгтэй гэж сургасан билээ. Яг Парисын Коммуны алдааг манай Ардчилсан хувьсгалчид давтсан ажээ. Тухайлбал, Монгол дахь ардчилсан хувьсгал нь МАН-ын төрийн машинд дайран орсон боловч, эвдэн устгаагүй тул Парисын Коммун маягийн Өнгөцхөн хувьсгал болж, унтарчээ.

 

Эргэн санавал, Ардчиллын залуус социалист терийн машиныг эвдэн устгаж хаяхын оронд, зүгээр л социалист төрийн машин дотор ороод, албан тушаал эзлээд суучихсан гэдгийг 1990 оны сонгууль тод нотлон харуулсан билээ. Яахав 2 жилийн дараа шинэ Үндсэн хууль хийж, социалист төрийн машиныг эвдэн устгахыг оролдсон гэж тооцож болно л доо. Харамсалтай нь 1992 оны Үндсэн хууль маань социалист, дарангуйлагч хууль хэвээр үлдчихэж.

 

Тухайн үеийн АИХ ын депутатууд гэх голдуу сум, нэгдлийн дарга нар маань Yндсэн хууль гэдэг бол маш нарийн үзэл, онол, зарчмуудаас бүрддэг, төрийн машиныг угсардаг хамгийн чухал хууль гэдгийг огт олж хараагүй өнгөрсөн байна. Үнэндээ манай нийгэмд коммунизмаас өөр үзэл, онол, зарчим байгаагүй болохоор хэнийг ч буруутгах билээ дээ. Харамсалтайгаар шинэ Үндсэн хууль нь улс төрийн намыг төрийн дээрээс авч хаясангуй. Төрийн эрх мэдлийг задалж, хуваарилсангүй. Орон нутгийн эрх мэдлийг төрөөс салган авч, иргэний засаглалд шилжүүлсэнгүй. Шүүхийг төрийн гурван өндөрлөгийн нэг болгосонгүй. Улсын бүх капиталын 99 хувийг төрийн өмчлөлд буюу өөрөөр хэлбэл даргын өмчлөлд үлдээж байгааг хэн ч ухамсарласангүй. Ард түмэнд зөвхөн хэдэн малыг нь хувьчлахдаа, иргэдээ илт дорд үзэж, шинэ Yндсэн хуульдаа "мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэх заалтыг оруулж, "мал сүргээ төрийн хүчээр, ард түмнээсээ хамгаалж тэнэгтэв. Ингээд Лениний социалист төрийн машин яг хэвээр үлджээ. Уг нь Үндсэн хуулийн социалист зарчим бүрийг яс тогтоож байгаад, түүний яг эсрэг зарчмуудыг олоод биччих тархи толгойтой хүн ардчиллынхан дундаас гарсан бол ч Монгол орон ингэтлээ унаж, доройтохгүй байсан юм.

 

Чухамдаа ардчиллын залуус хувьсгалаа хийж байхдаа, Маркс, Энгельс, Ленин багшийнхаа зааж сургасан, "Хуучин төрийн машиныг эвдэн устгаж хаяхгүйгээр хувьсгал огт ялалтад хүрч чадахгүй." гэсэн зарчмыг дагалгүй, эрс шинэчлэл хийх Г.Бошигт нарын саналаас татгалзсан гэдэг. 1992 оноос хойш МАН, АН хоёр бие биенийгээ халж, төр засагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэж эхэлсэн.

 

Тэд Монголын төр засгийг "олз" гэж харж, албан тушаалд хүрч, төрийн өмч, байгалийн баялгийг идэж завших эрх мэдэл олж авахыгаа "Ялалт" гэж нэрлэж эхэлсэн билээ. Ингээд сонгууль гэдэг нь хөрөнгө, мөнгөний уралдаан болж хувирсан. Сонгуульд зарцуулах мөнгөний тоо, намд өгөх хандивын хэмжээгээр нь намын гишүүдийг өрсөлдүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёр албан тушаал зардаг хар зах болон хувирав. Ийм муухай бузар, булай уралдаан тэмцээнд оролцохыг хэн хүсэх вэ? Эх орон ард түмнийхээ эрх ашгаас урваж, зөвхөн МАН, АН хоёрын эрх ашгийн төлөө зүтгэхийг хэн хүсэх вэ? МАНАН-гийн дарга нарын зарц, боол, бууны нохой, нохой цохидог мод болохыг хэн хүсэх вэ? Мэдээж хэрэг, ийм бохир тэмцээнд шударга хүн оролцохгуй. Ийм харгис тэмцэлд ёс суртахуунтай хүн лав тэнцэхгүй. Эрдэмтэд ядуу учраас хамгийн эхэнд МАНАН-г орхив. Ийм тэмцэлд оролцох шалгуур нь сүүлдээ зөвхөн эр зориг болон хувирах нь тэр ээ. Гэхдээ тэнэг эр зориг шүү. Өөрөөр хэлбэл хууль зөрчихөөс айхгүй байх эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Намынхаа төлөө төрөөс хулгай хийх эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Аргагүй баригдвал хэдэн жил шоронд суучих эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Төрийн өмчийг идэж завших эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Байгалийн баялгаас том том огтолж чадах эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Үхэхээс ч айхгүй тэнэглэх эр зориг МАНАН-д хэрэгтэй болов. Дээшээ долгинох, доошоо харгислах төмөр зүрх МАНАН-д хэрэгтэй болов. Тэгвэл энэ шалгуурт хэн тэнцэх вэ? Мэдээж цэрэг, цагдаагийнхан тэнцэнэ. Тагнуулынхан тэнцэнэ. Бөхчүүд шууд тэнцэнэ. Бас ичих булчирхайгүй, хоёр нүүртэй популист тэнцэнэ. Бас нэгэнт дампуурлын ирмэг дээр ирчихсэн байгаа том бизнес эрхлэгчид гарцаагүй тэнцэнэ. Тэгээд тэд маш шийдэмгийгээр төрийн өмчийг хулгайлж эхэлсэн.

 

Өрсөж идээд, өндийгөөд цохь гэдэг зэрлэг шугуйн хууль төрийн ордны гол хууль болон хувирлаа. Ингээд МАН, АН хоёр бие биенийхээ өөдөөс хутга далайн, нүд цавчилгүй алалдах шаардлагатай болов.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам МАН, АН хоёроос оюун ухаан шахагдаж, уг намууд гэмт хэрэгтний үүр уурхай боллоо. Одоо та бүхэн хар л даа. Эрхэм гишүүд, сайд, агентлагийн дарга, засаг дарга, төрийн өмчийн үйлдвэрийн захирлууд чинь хэн байна. Тэр чигээрээ хулгайч, дээрэмчин, гэмт хэрэгтнүүд, хууль зорчигчид, авилгач, намын санхүүжүүлэгчид, гүндүүгүй эрчүүд, мужикууд, ёс суртахуунгүй этгээдүүд, улаан хамгаалагчид, тэнэг эх орончид, хэт амин хувиа бодо бүрдэж байгаа биз дээ. Яг л феодалын систем шиг. Яг л "Ард Аюуш” киноны Маньбазар гүн шиг нөхдүүд төрийн албыг зайгүй чигжсэн байгаа биз дээ. Албан тушаалаа худалдаж аваад, ашиг орлогоо даргатайгаа хуваасан бол гүйцээ. Тэдэнд бол тэр ард түмэн, тэр хууль ёс огт падгүй. Ингэдэг юм. Ингэх ч ёстой. Төрийн дээр нам гарчихсан, төрийн машины ажиллах зарчим нь дарангуйлал байхад, мөн төр нь Үндсэн хуулийн дээр байвал, муу бөгөөд буруу хүмүүс дээшээ хөвөрдөг номтой. Харин намыг төрийн дээр гаргадаггүй, төрийн машины ажиллах зарчим нь ардчилал дээр тогтдог мөн төр нь Үндсэн хуулийн доор байвал, зөв бөгөөд ёс суртахуунтай хүмүүс дээшээ хөвөрдөг номтой. Дээрх алдаагаа засахгүй бол Монгол огт өөдлөхгүй. Бөхчүүд, цэргүүдээ ухаан сууж, философичид болж улс орноо хөгжүүлэхийг хүлээснээс, эр хүнээс хүүхэд төрөхийг хүлээсэн нь дээр. 

 

Эхлээд Ардчилсан нам нь Ардын намын хуулбар болж энэ ертөнцөд мэндэлсэн. Дараа нь Ардчилсан нам нь засаг барьж, хахаж үхтлээ идэж завшиж, ард түмэнд хөөгдсөн. Тэгээд Ардчилсан нам нь үзэл санаа, үнэт зүйлсээсээ бүрэн ухарсан. Ингээд Ардчилсан нам нь хамтарсан засагт орж, усан шел олж уухын төлөө ард түмнээсээ урвасан. Эцэс сүүлд нь Ардчилсан нам үхэж, сөнөж байна. Ингэдэг юм. Ингэх ёстой. Ном нь тийм юм. "Ганц ажил олгогч нь төр байдаг улс оронд сөрөг хүчин байна гэдэг бол алгуурхан өлбөрч үхнэ гэсэн үг. Ажил хийдэггүй хүний ам хөдлөхгүй гэдэг хуучин зарчмыг, дуулгаваргүй хүн хоол идэхгүй гэсэн шинэ зарчмаар сольж байна." гэж Л.Д. Троцкий бичжээ. Лениний хамтран зүтгэгч, "Октябрийн хувьсгалыг" гардан зохион байгуулагч, Иргэний дайнд ялсан Улаан армийн ерөнхий командлагч, Гадаад хэргийн анхны сайд асан Троцкий эх орноосоо хөөгдөж, энэ тэрүүгээр амь зулбан тэнэж явахдаа, хэзээ хойно өөрийнхөө байгуулалцсан дэглэмийг буруутгаж, бүр 1937 онд энэ үгээ бичиж байжээ. Түүнийг Сталины даалгавраар хөнөөсөн гэдэг. Манай нийгэмд, эрх мэдлээсээ буусан удирдагч бүрийг Троцкийн хувь заяа хүлээж байдаг юм шүү.

 

Дарга нараа! Ленин багш социалист төрийн машинаа зохион бүтээхдээ, ганц коммунист нам л төр засгийн эрх мэдлийг байнга барихаар программчилсан юм шүү. Өөрөөр хэлбэл нэг супер дарангуйлагчийн бөгсийг маш сайн долоож чаддаг, ярс ярс гар өргөдөг намыг л социалист төрийн машин байнга нэхэх ёстой. Тиймээс л өнгөрсөн 100 жилийн хугацаанд супер дарангуйлагчаа тегс долоож чаддаг, МАН-хан 96 жил засаглажээ. Харин АН-хан 4-хөн жил социалист төрийн машиныг жолоодохдоо, 4 удаа онхолдож, 2 хүнээ алуулж, 3 хүнээ шоронд явуулж, нэр төрөө барж, намын хувьд зэрэмдэг амьтан болсон билээ.Харин одоо супер дарангуйлагчгүй Ан сэхээнд хэвтэж байна.

 

АН-ынхан үнэхээр ардчилагчид юм бол энэ тогтолцоогоо нураацгаа. Өөрсдийнхөө намыг татан буулгацгаа. Монгол орныг олон намын системд шилжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаа..........

 

Төрийн машин нь социалист байхад Монголд сөрөг хүчин амьдрах боломж огт байхгүй юм. Тиймээс л хувьсгалч залуус маань шоронд орохгүйн тулд, өлсөж үхэхгүйн эрхэнд МАНАН-д элсэн орцгоодог юм. АН нэг бол турж үхэх тавилантай. Нэг бол МАН-аас хусам горьдож амьтай голтой гэлдрэх тавилантай. Ингээд харвал АН үхэх нь ашиггүй байна. Гэхдээ АН амьд гарч, МАНАН дэглэм үргэлжлэх нь бүр ч хортой болох нь аяндаа ойлгогдож байна. Тэгэхээр хоёуланг нь устгая. Социалист төрийн машинтай нь хамт устгая Ахан дүүс минь..........

 

Ингээд манай 3 том хувьсгал нь огт хувьсгал биш болж таарч байна. Бид Францууд шиг жинхэнээсээ олон хувьсгал хийсэн гайхалтай ард түмэн байж чадсангүй. Гэхдээ бид улс мен юм бол. Гэхдээ бид үндэстэн мөн юм бол. Гэхдээ бид аугаа түүхтэй, аугаа ирээдүйтэй үндэстэн мөн юм бол ганц ч болтугай үндэсний хувьсгал хийж чадах ёстой. Эс тэгвэл бид энэ ертөнцөд тусгаар улс байх тийм аугаа үндэстэн биш.

 

 

ШИНЭ нам