8-р сарын 30-нд УИХ-ын ээлжит бус чуулганд танилцуулсныхаа дараа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон билээ. Энэ үеэр АН-ынханд гурван сайдын суудал амласан ч УИХ дахь АН-ын бүлгийн ирц бүрдэж амжаагүй тул шийдэгдээгүй юм.

 

АН хоёр хуваагдчихсан, хоёр дарга, хоёр ЕНБДарга, хоёр Хэрэг Эрхлэх Газартай байгаа тул УИХ дахь АН-ын бүлэгтэй л ярилцаж асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зорьсон. Харамсалтай нь Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн, Б.Пүрэвдорж нар орж ирээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрээгүй.

 

Нэгэнт ирц нь бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байгаа бүлгээс шийдвэр гарч чадахгүй тул Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах Зөвлөлийн дэмжсэн сайд нараа УИХ-ын ээлжит бус чуулганд багтаан, томилжээ.Гэвч АН-тай ойлголцож, хамтран ажиллах түүний сонирхол хэвээр тул Боомтын асуудал хариуцсан сайдыг томилолгүй үлдээсэн. Мөн үүнээс гадна Эрүүл Мэндийн Сайд, Шадар Сайдыг мөн АН-ынханд өгөхөөр ярилцсан байна. Харин татан буугдсан МАХН-ынханд Барилга, Хот Байгуулалтын Сайдын албан тушаалыг өгөх аж.

 

Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулганаар УИХ дахь АН-ын бүлгийнхэн ойлголцож, ирцээ бүрдүүлэн, албан ёсны шийдвэрээ гаргачихвал С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, С.Энхболд нарыг чөлөөлнө гэсэн үг.