Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлтийг 400 мянга орчимд буулгах боломжтой
2022/09/14
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна.
Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна. Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Хойтон гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.
Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой.
Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулжээ.
Буянт-Ухаа нисэх буудлын барилгыг тодорхой хэсгийг мэдээлэл, харилцаа холбоо, инновацийн төв болгоно. Эхний ээлжинд ЦХХХЯ харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүнэ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Тус нисэх буудлын байгууламжийн ашиглалтыг хангахад жилд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Ийм уг обьектыг бүрэн ашиглахын тулд ЦХХХЯ-ыг харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүлгэх шийдвэр гаргалаа.
21 мянган ам.метр талбай бүхий Буянт-Ухаа нисэх буудлын байгууламжийн 11 мянган ам.метрийг нөөц нисэх буудлын зориулалтаар ашиглана.