Н.Мандуул: Хөгжлийн Банкны зээлийн хэрэгт 83 хүн яллагдагчаар татагдсан. Энэ бол эрүүгийн түүхэнд том хэрэг
2022/09/16
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд ороод удаж байна. Банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж эхэлсэн. Зээлдэгчдийн хэргийг АТГ шалгаж буй.
Зээлийн эргэн төлөлтийн хурд ямар байгаа, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэх талаар Хөгжлийн банкны захирал Н.МАНДУУЛТАЙ уулзаж ярилцлаа.
- Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарлан, нийгмийн анхааралд оруулснаар зээл тодорхой хэмжээгээр төлөгдөж эхэлсэн. Одоогоор хэдэн төгрөгийн зээлийг эргүүлж төлөөд байна вэ?
- Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сард байгуулагдаж, 2012 оноос хойш 3000 орчим төсөл, арга хэмжээнд 7.5 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хувааж үзэж болно. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 355 төсөл, арга хэмжээнд 2.5 их наядын зээл олгосон. Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй 95 төсөлд 3.3 их наядын зээл олгосон. Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг юм.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг 2017 онд улсын төсөвт шилжүүлсэн байдаг. Арилжааны банкаар дамжуулан олгосон зээл нь бүгд төлөгдөж дууссан. Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон 3.3 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн учраас өнөөдрийн үр дагавар бий болоод байгаа нь энэ. Асуудлыг хөндөж эхэлсэн 2021 оны эцэст нийт 66 зээлдэгч 3.2 их наядын зээлийн багцтай байсан бол өнөөдрийн байдлаар 56 зээлдэгчийн 2.9 их наядын зээлийн үлдэгдэл яригдаж байна. Хамгийн сүүлийн мэдээллийг харахад, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 50 зээлдэгч нийт 634.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Үүнээс 11 зээлдэгчийн 262.9 тэрбум төгрөгийг бүрэн төлж хаасан байна. Эргэн төлөлт хийгээд байгаа ч зээлийн хүү болон валютын ханшны зөрүүгээс үүдэн зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй харагдаж байгаа юм.
- Таван зуу гаруй тэрбумын зээл төлөгдөөд энэ хурд саарсан харагдаад байгаа. Манай компаниудын чадвар ийм сул байна уу, зээл төлөх сонирхол бага байна уу?
- Манай эдийн засаг жижиг. Мөн Орос-Украины асуудал, “Ковид-19” цар тахлаас шалтгаалан ханшийн дарамт үүссэн. Зээлийн эргэн төлөлтийн шахуу хугацаа яг энэ цаг мөчтэй зэрэгцэж таарлаа. Ер нь чанаргүй зээл, муу актив гэдэг тодорхойлолт өөрөө харьцангуй ойлголт байдаг. Эдийн засаг тэлж, хөдөлгөөнд ороод эхэлбэл зах зээлд царцсан бүтээгдэхүүнүүд эргэлтэд орж, үнэ өсөж эхэлдэг. Потенциаль бол байгаа, хэзээ л бол хэзээ гарч ирэх ч бид эдийн засаг сэргэхийг хүлээгээд сууж болохгүй. Гадна талд төлөх өр, төлбөрүүд байгаа учраас зээлийн эргэн төлөлтийг шахаж, эрчимжүүлэхээс өөр аргагүй болсон. Банк зээл олгоод бүх асуудал дууссан гэж үзээд орхидог байгууллага биш учраас зээлээ төлүүлэх шаардлага тавьж байгаа ч нөгөө талдаа бид илүү ухаалаг ажиллаж, хүмүүсээ хөдөлгөж, идэвхжүүлж, балансаа олж ажиллах шаардлагатай болж байна. Тийм учраас бид олгосон зээлийнхээ чанарыг сайжруулах, эргэн төлөлтийг хурдасгах ажлуудыг хийж байна. Зээлдэгчдийн бизнес амжилттай өрнөж байж банкны үйл ажиллагаа хэвийн урагшилна шүү дээ.
Манай Хөгжлийн банкны нэг алдаа бол зээл өгөөд хяналтаа сайн хийж чадаагүй. Зээлийн хөрөнгө хаана, хэнд байгаа, төслүүд амжилттай хэрэгжиж байна уу, үгүй гэдэг дээр анхаарлаа сулруулсан. Нэг анзаарахад их хэмжээний зээлүүд чанаргүй болж хувирсан байсан. Энд явцын хяналт дутагдсан, явцын хяналт чухал юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.
Одоо бид явцын хяналтад ач холбогдол өгч, анхаарч эхэлсэн. Нэг л зээл эвгүйдэх шинжтэй боллоо гэж үзвэл зээлдэгчтэй уулзаад “Төслийн явц ямар байна, бид хэрхэн дэмжих вэ, ямар уян хатан нөхцөл байж болох вэ” гэдэг асуудлыг ярьж, гарцаа хэлэлцэж байна.
- Хөгжлийн банк бас Чингис хаан банканд 25 тэрбум төгрөг байршуулсан. Үүнийгээ буцаан авч чадахгүй байгаа талаар та жиргэсэн байсан. Энэ асуудал яаж шийдэгдэх гэж байна вэ?
- Манай хуучин удирдлагууд 2019 оны төгсгөлд Чингис хаан банканд гурван сарын хугацаатай 25 тэрбум төгрөг байршуулах шийдвэр гаргасан юм билээ. Энэ мөнгийг Чингис хаан банк хугацаандаа өгч чадахгүй, сунгасаар ирсэн байдаг. Өнөөдөр хүү, алданги зэрэг нь бодогдож, өсөөд 38.5 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс бид барьцаанд авсан 44 үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэтэл 24 орон сууцыг иргэдэд зарж, борлуулсан, бартераар болон бусад өглөг, авлагадаа тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн байсан. Худалдаж авсан иргэд үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадахгүй гайхшаа барсан, хэдэн талдаа гацсан ийм байдал үүсээд байна. Бид энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ Эрүүгийн цагдаа болон АТГ-т өгсөн.
Гэхдээ банкныхны борлуулж амжаагүй, Цагдаагийн байгууллагаас лац тавьсан “Хан хиллс” хотхоны 20 байрыг бид удахгүй нээлттэйгээр худалдан борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Ойролцоогоор нэг нь 110-200 м/кв талбайтай, нэлээд том байрууд бий. Зээлийн өрд шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцыг иргэдэд давхар зарж борлуулах, бартераар зарах иймэрхүү залилангийн шинжтэй үйлдлүүд “Бэрэн” ХХК-ийн “Хангай” хотхон гэх мэт газарт ч гарч байна.
Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ
- Ирэх онд Хөгжлийн банк 750 ам.долларын гадаад өр төлөх ёстой. Тиймээс энд онд багтаж нэг их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн. Он дуусахад нэг улирал үлдлээ. Банк энэ зорилгодоо хүрч чадах уу?
- Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. Бид одоо л зээлийн төлбөрөө цуглуулж авахгүй бол хүнд байдалд орно. Манай банк дефольт зарлавал төрийн 100 хувийн өмчтэй банк учраас Засгийн газар дефольтод орох эрсдэлтэй. Ийм эрсдэлд хүрч магадгүй учраас асуудлыг аль болох эрт шийдэж, цэгцэлнэ гэсэн чиглэлтэй бид ажиллаж байна. Бид дөнгөж сая бас нэг асуудлыг шийдэж дууслаа. Манай банкнаас зээл авсан “Капитал банк”, Монгол мах экспо компани хоёрын эцсийн өмчлөгч нь Капитал банкны хувьцаа эзэмшигч Ариунболд.
Банкны зүгээс АТГ-тай хамтран ажиллаж, зээлдэгчтэй хэлцэл хийж 86.6 тэрбумын өрд “Гантиг вилла” хотхоны 31 орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлж авах замаар авлагыг баталгаажууллаа. УБЕГ эдгээр үл хөдлөхийн гэрчилгээг манай нэр дээр гаргаж өгсөн. Бид энэ хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанитай хэлэлцээд, орон сууц баригдаж дуусаад борлуулалт эхэлмэгц банкны өрийг барагдуулах асуудлыг тохиролцсон.
Орон сууцны барилга одоогоор 70-90 хувийг гүйцэтгэлтэй явж байна. Барилгын үлдсэн хэсгийг барьж байгаа компаниуд өөрийн хөрөнгөөр дуусгаж, банкны зүгээс хяналт тавиад явна. Удахгүй бид ийм хэмжээ, талбайтай, ийм тоотууд манай өмчлөлд байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй зарлан худалдана. Эдгээр байрыг сонирхсон хүмүүс байх шиг байна. Гэхдээ худалдан авалт хийгээд ордероо авч чадахгүй эрсдэлд орчих вий гэж болгоомжилж байгаа байх.
- Хөгжлийн банк банк шиг биш, шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг газар шиг ажиллаж байгаа юм байна даа?
- Өнөөгийн нөхцөлд яг ингэж ажиллахаас өөр арга байхгүй. Гэхдээ бас Хөгжлийн банкны зээл бүгд үр дүнгүй болсон гэж үзэж болохгүй. Сайнтай, муутай, ТОСК-д өр хуримтлагдсан ч “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” болон “Шинэ Яармаг” зэрэг төслийг санхүүжүүлснээр 4000 айл орон сууцанд орох боломжийг бүрдүүлсэн. Орон сууцны хорооллуудын тухайд эргэн төлөлт дээр шийдэх саналуудаа бид Засгийн газарт хүргүүлээд байна.
- “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Шинэ Яармаг” хорооллын зээлийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа вэ?
-“Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд олгосон зээлийн маргаан олон жил үргэлжилсэн. Олон Засгийн газар шийдвэр гаргасан. Зарим тохиолдолд өмнөхөө үгүйсгэж, банканд хохирол учрах шийдвэр ч гарч байсан юм билээ. Ингэж явсаар манай банк ТОСК-аас 180 тэрбумын авлагатай болсон. Одоо ТОСК өөрт байгаа хөрөнгө дээрээ үнэт цаас гаргаж, Хөгжлийн банканд эзэмшүүлэх ажлыг хийж байна. Энэ ажлыг бид есдүгээр сарын 20 орчимд дуусгахаар эрчтэй ажиллаж байна. Энэ бол өр авлагыг цэгцлэх, нөгөө талдаа манай зээлийн активыг сайжруулах алхам болох юм.
Энд бас нэг зүйлийг хэлэхэд, бид зээлдэгчдийн хөрөнгийг хураана гэхээс илүү аль болохоор барьцаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж байна. Тиймээс ТОСК-тай ийм яриа, хэлэлцээрт орсон. Гэхдээ “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц авсан иргэдийн асуудлыг ТОСК өөрсдөө хариуцна. Энд банк оролцохгүй, иргэдийн орон сууцыг хураах асуудал ч үүсэхгүй. Мөн манай банкны Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгийг авсан “Шинэ Яармаг” төслийн эзэд өөрсдийн эзэмшлийн орон сууцаа борлуулж, төлбөрийг нь зээлийн өрд шилжүүлье гэдэг санал тавиад байгаа. Одоогоор үнэлгээ хийж байна. Бид үнэлгээндээ дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгүүдийг банкны нэр дээр болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Улсын дээд шүүхээс “Шинэ Яармаг” төслийг манай банканд 61 тэрбум, ТОСК-д 24 тэрбум, нийтдээ төрийн 85 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ бол Иргэний шүүхийн шийдвэр. Нөгөө талдаа Эрүүгийн хэрэг үүсгээд шалгалт хийж байна.
83 бол зөвхөн яллагдагчаар татагдсан хүмүүсийн тоо, гэрч, сэжигтнүүд нэмэгдвэл энэ тоо өснө
- Үл хөдлөхүүдийг оролцуулаад оны эцэс гэхэд Хөгжлийн банк хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийлгэсэн байна гэж тооцож байгаа вэ?
- Бид бүх эд хөрөнгийг хураах, эргэн төлөлтийг заавал бэлэн мөнгөөр хийх ёстой гэсэн хатуу шаардлага тавиагүйг өмнө нь хэлсэн. Бодит байдал дээр ч ийм боломж байхгүй. Зах зээл дээр гацсан хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар шийдэх нь хамгийн зөв гарц гэж үзэж байгаа. Мөн зөвхөн үл хөдлөх биш үнэт цаасаар шийднэ. Одоогоор “Гантиг вилла” хотхоны 31 үл хөдлөхийн 86.6 тэрбум, ТОСК-ын 180.5 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байна. Мөн НОСК-д хамаарах 200 орчим тэрбумын асуудлыг НИТХ-аар шийдүүлнэ. “Монгол драй милк” ХХК-ийн 58 тэрбумыг удахгүй үл хөдлөх хөрөнгөөр шийдэхээр ярьж байна.
Чингис хаан банкны барьцаанд байгаа “Хан хиллс” хотхоны 20 үл хөдлөх хөрөнгийг борлуулбал 11 тэрбумын авлагын асуудал шийдэх боломжтой. Дээр нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 159 тэрбумын зээлийн асуудлыг улсын төсөвт аливаа дарамт, нөлөө үзүүлэхгүйгээр шийдвэрлэх Засгийн газрын тогтоол гарсны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хэлэлцээр хийн шийдвэрлэх ажлыг хийж байна.
Үүн дээр “Шинэ Яармаг” төслийн 85 тэрбум нэмэгдэнэ. Оны эцэс гэхэд нэг тэрбумын зээлийн эргэн төлөлт хийнэ гэсэн зорилтод хүрчих болов уу гэж харж байна.
- Та бол харьцангуй залуу хүн. Харин танай “найдваргүй зээлдэгчид” бол зээл авч сурсан, өр төлж ч, төлөхгүй байж ч үзсэн “чанга харилцагчид”. Аргалах, ахархах, гуйх, загнах гэх мэт янз бүрийн хандлагууд гаргадаг байх. Ийм хандлагыг хэрхэн давж гарч байна?
- Эхлээд нөхдүүд тоохгүй байсан. Өмнө нь болоод байсан юм шиг байна л даа. Гэхдээ нийгэм шахалт үзүүлж, улс төрийн дэмжлэг гарч ирэхээр үнэнд гүйцэгдсэн. Миний хувьд аль нэг хүнээс хамааралтай, ямар нэгэн барьцаа байхгүй. Бид хэн нэгэн хүнийг онилоогүй, төрөөс олгосон зээлийг эргүүлэн төлүүлэх асуудлыг хөндөж яваа хүн. Яах вэ, зарим хүн янз бүрийн шалтаг, шалтгаан хэлдэг юм. Тэр дунд цаг хожих гэсэн нөхөд ч, үнэхээр шалтаг шалтгаантай нөхөд ч бий.
Гэхдээ эрх биш бүхэл бүтэн институц учраас учраа олоод ажиллах ёстой гэдэг зарчмыг баримталж явна. Энэ бол төрийн өмчит банк. Нөгөө талдаа ард түмний нэрийн өмнөөс гадна талд өр тавьсан банк. Тиймээс хариуцлагаа сайн ухамсарлах ёстой. Гаднаас авсан зээлийн өр, төлбөрөө төлөхийн тулд бид дахиад ард түмний татвараас мөнгө татаж болохгүй. Тийм учраас бас тэр бүр уян хатан ажиллах боломж ч хязгаарлагдмал гэдгийг хаана хаанаа ойлгох л хэрэгтэй.
- АТГ-т шалгагдаж буй Хөгжлийн банкны зээлдэгчдийн хэрэгт холбогдсон нөхдийн тоо 80 шүргэж байгаа гэсэн мэдээ байна. Дандаа л Хөгжлийн банкны захирлууд, ТУЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд, улс төрчид... Ийм олон цагаан захтны хэргийн түүх өмнө бичигдэж байгаагүй шүү дээ?
- АТГ 736 тэрбумын хохиролтой 19 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад дуусаж байгаа. Удахгүй прокурор, шүүхэд шилжих байх. Энэ бол зөвхөн эрүүгийн хэрэг. Үүнээс гадна Иргэний шүүхэд 31 зээлдэгчид хамаарах 1.2 их наяд төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх процесст цаг хугацаа нэлээн зарцуулах байх. Нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хэрэг дээр АТГ бүх хүчээрээ ажиллаж, олон асуудлыг базаад явж байна. Миний авсан мэдээллээр нийт 83 яллагдагч гэж сонссон. Энэ бол зөвхөн яллагдагчдын тоо. Үүн дээр гэрч, сэжигтнүүдийг нэмэх юм бол хэд хүрэх юм мэдэхгүй. Яалт ч үгүй Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг болох байх. Тиймээс шалгах процессын ажилд цаг их зарж байгаа байх. Хэрэг прокурорт шилжиж, цаашаа шүүхэд шилжинэ. Банк хэрэгт хохирогчоор оролцож, бүх мэдээллээ АТГ-т өгсөн. Үүнээс гадна өөр хэргүүд ч шалгагдаж байгаа учраас хэрэг энэ 19-өөр дуусахгүй байх магадлалтай.
- Яллагдагчдын тоо 83-т хүрнэ гэдэг бол их тоо. Ийм хэмжээний тоо гарч ирнэ гэж төсөөлж байсан уу та. Энэ дунд Хөгжлийн банкны хэдэн захирал, хэдэн газрын дарга, ТУЗ-ийн гишүүд байгаа вэ?
- Нарийн мэдээлэл байхгүй. Манай 5-6 хүн энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Манай хэд хэргээ хуваан авч, хэргийн материалтай танилцаж байна. Хэрэг шүүхэд очиход ойлгомжтой болох байх. Нэг хүн хэд хэдэн өмгөөлөгчтэй байж таарах байх. Шүүх хуралдааны танхимд ч хүртэл асуудал үүсэж магадгүй юм.
Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал их гарч ирсэн
- Өнгөрсөн хугацааны түүхээс харахад Хөгжлийн банк нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй төслийг санхүүжүүлнэ гэсэн үндсэн зорилт руугаа чиглэсэн хэдэн төслийг санхүүжүүлсэн байдаг юм бол?
- Энэ асуулттай их олон таарлаа. Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан УИХ дахь Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах Түр хорооны хуралдаан дээр ч гишүүд “Банк маш олон зээл гаргасан. Энэ дунд сайн төсөл гэж байна уу” гэж асууж байсан. Энэ сэдвийг ярихаас өмнө бид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Эхлээд бид “Сайн төсөл” гэж юуг хэлэх вэ гэсэн тодорхойлолтоо гаргах ёстой юм.
Төсөл нь хэрэгжсэн ч валютын ханш, эдийн засаг, бизнес циклээс шалтгаалан хүндрэлд орсон төслүүд ч бий. Жишээ нь, манайх МАК, “Монполимет”, “Хөтөлийн цемент”, шохой, “Ховдын Вестерн Холд” ХХК-ийн цементийн дөрвөн төсөлд хөрөнгө оруулсан. Гурав нь үйл ажиллагаа явуулж байна. “Вестерн Холд” ХХК-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж амжаагүй байна. Эргэн төлөлтөд асуудал үүсэж, банканд хүндрэл дагуулж байгаа ч том зургаар харах юм бол эдгээр төслийг хэрэгжүүлснээр манай улс цементийн дотоод хэрэглээг өөрсдөө хангах хэмжээнд хүрнэ. Энэ бол нэг амжилт. Тиймээс сайн, мууг зөвхөн банкны талаас харж дүгнэх үү, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, том зургаар дүгнэх үү гэдгээ бид тодорхойлох хэрэгтэй байгаа юм.
Мөн Хөгжлийн банк эрчим хүчний салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. “ДЦС-3” болон “ДЦС-4” ТӨХК-ийн төсөл хэрэгжиж байна. “Амгалан дулааны станц” ХХК-ийн өргөтгөлд олгосон зээл үр дүнтэй хэрэгжсэн. Энэ станцыг ашиглалтад оруулснаас хойш нийслэл хот Баянзүрх дүүрэг тийш тэлж, барилгажиж эхэлсэн. Үр дүнгээр нь тооцвол улс орны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 30 орчим хувиар өсгөх боломжийг Хөгжлийн банкны зээлүүд бүрдүүлсэн.
- Хөгжлийн банк зорилгоосоо хазайсан төслийг санхүүжүүлж ирсэн учраас их хэмжээний эрсдэл үүссэн гэж үзэж болох уу?
- Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк яг ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэсэн үндсэн чиглэлээ барилгүй ажиллаж иржээ. Уг нь бол улс орны суурь хөгжилд хэрэгтэй төсөлд урт хугацаатай, хүү багатай, зээлдэгчдэд арай давуу талтай зээл гаргах ёстой байсан. Гэвч чанаргүй ангилалд багтсан зээлүүд танил тал гэх мэтээр дамжаад гарсан. Хоёр өрсөлдөгчийн аль нэг илүү танил талтай нь авдаг ч юм уу. Ийм шударга биш зам руу орсны илрэл нь өнөөдрийн энэ бужигнаан гэж би хардаг.
Зээлийн асуудлыг АТГ болон УИХ-аас томилогдсон Түр хороо шалгаад явж байна. Авсан зээлээ төсөлдөө биш өөр зүйлд, зориулалтын бусаар зарцуулсан гэсэн асуудал ч их гарч ирсэн. Одоо бол Хөгжлийн банкны гол үүрэг юу байх юм, ямар төслийг хариуцах ёстой юм бэ гэсэн алсын хараа, зорилтоо сайн ойлгож, анх байгуулсан зорилго руу нь чиглүүлж ажиллуулах хэрэгтэй байна. Арилжааны хувийн банкууд ашиггүй, хүүгийн масс, өгөөж багатай төсөлд, ийм төсөлтэй хүнд зээл олддоггүй. Ашиггүй учраас сургууль, эмнэлэг цэцэрлэгийн барилгыг ямар ч банк санхүүжүүлдэггүй. Ашиггүй ч гэсэн нийгэмд хэрэгтэй учраас ийм төслөө манайх улсын төсвөөр дамжуулан санхүүжүүлдэг. Ийм бага хэмжээний ашигтай, том дүнтэй төслийг арилжааны банк эрсдэлтэй гэж үздэг учраас энэ орон зайг Хөгжлийн банк дангаараа хувийн хэвшилтэй хамтраад ч хамаагүй хүүгээ буулгаад санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Энэ өнцгөөс харахад манай улсад энэ банк хэрэгтэй.
Мөн манай банк том төсөлд хөрөнгө оруулсан ч яг хэрэгжилтэд, том төслийн зээлийг бүтэн бизнес утгаар, зах зээл, борлуулалтын сүлжээ план зураг талаас харах, хяналтаа тавьж чадаагүй. Арван жилийн түүх, алдаа, онооноосоо суралцаад одоо л зорилго руугаа илүү дөхөж ажиллах гэж байна.
Банк ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдэг алхмыг Шинэ сэргэлтийн бодлого тодорхой болгосон
- Банкны чанаргүй зээлийн эрсдэлийг хүчтэй гаргаж тавьсны хувьд Монгол Улс дефольт зарлахгүй энэ оныг үдэж байна. Ирэх жил хүлээгдэж байгаа 750 сая ам.долларын өрөө төлчихвөл нэг хэсэгтээ дажгүй гэж үзэх үү?
-Их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байхад банк зүгээр суугаад байх ёсгүй. Ирэх онд төлөх 750 сая ам.долларын зээлээ бүгдийг бэлэн мөнгөөр төлөхгүй ч байж болно. Оны эцэст банкны блансыг хэвийн болгож, гаднын ямар нэгэн хөрөнгө оруулагчтай ажил хэрэг ярихад нүүр улайхгүй байх хэмжээнд хүрчих юм сан гэдэг бол миний эхний зорилт. Энэ зорилтдоо хүрнэ гэсэн итгэл бол байгаа. Нөгөө талдаа активаа чанаржуулаад авчихвал бид ирэх жил хөрөнгө оруулагчидтай бонд дахин санхүүжүүлэх арга замыг яриад эхлэх боломжтой.
Тэр үедээ аль хэсгийг төлж, аль хэсгийг сунгах вэ гэх мэт асуудлыг шийдэж болно. Хөгжлийн банкны нэг давуу тал бол энэ арван жилийн хугацаанд бусад улсын Хөгжлийн банк, Экзим банктай маш сайн харилцаа холбоо тогтоосон. Эдгээр банктай ярилцаад “Та хэд ямар төсөл сонирхож байна. Манайд ийм төсөл бий, үүнийг санхүүжүүлэх үү” гэх мэт яриа хэлэлцээ хийгээд, арай урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл шийдээд явах ч боломжтой. Ийм яриа хэлцэл хийх түвшинд хүрэхийн тулд бид зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарч байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Банк зүгээр суухгүй гэсэн байр суурьтай байгаа учраас Хятадын Хөгжлийн банкнаас зээл авч Чойбалсангийн ДЦС болон Амгалан дулааны станцын өргөтгөл гэсэн хоёр төслийг санхүүжүүлж байна. Чойбалсангийн ДЦС бол зүүн бүсийг эрчим хүчээр хангах чухал төсөл. Амгалан дулааны станцын өргөтөл ч “ДЦС-3” ТӨХК-ийн ачааллыг хуваалцаж, “ДЦС-3”-т өртгөтгөл хийх боломж бүрдүүлж өгнө. Үүгээрээ өндөр ач холбогдолтой. Цаашдаа Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж болохуйц төслүүдийг судалж байгаад санхүүжилт хийх бодлого барьж байна.
- Шинэ сэргэлтийн бодлогод нэлээд хэдэн том төсөл тусгагдсан байгаа. Банк одоогоос энэ төслүүд рүү ач холбогдол өгч эхэлнэ гэсэн үг үү?
- Хөгжлийн банк яг ямар төсөл рүү орох вэ гэдэг асуудлыг тодорхой болгох алхмыг Шинэ сэргэлтийн бодлого тавьж эхэлсэн. Зарим асуудал тодорхой болоогүй ч орон сууц гэх мэт арилжааны банк санхүүжүүлэх боломжтой төслийг дэмжихгүй. Илүү улс орны суурь бүтцийг бий болгох хэд хэдэн төсөл рүү орох нь ойлгомжтой болж хэлсэн. Үнэхээр улс орны суурь бүтэц, нийгмийн чанартай төслүүдтэй нөхөд гарч ирвэл манай банк, судалгаа хийгээд, санхүүжилтийн эх үүсвэр хайж, зээл олгоод явцад хяналтаа тавиад явж болж байна. Эцсийн дүндээ өр төлүүлэх гэж хэдэн хүнийг зовоох биш. Банк яг үндсэн үүргээ хэрэгжүүлж, өмнөх алдаанаасаа суралцаад дахин алдаа гаргахгүй байх гарцуудаа тодорхойлж, хяналтаа чангатгаж эхэлсэн.
Амгалан дулааны станцын төсөлд олгох шинэ зээлийг бид шинэ загвараар хийх гэж байна. Банк зээлийг 100 хувь олгохгүй, 15 хувийг нь станц өөрөө гаргана. Хөгжлийн банк зээлээ олгоод, явцын хяналтаа хийгээд, ажлын гүйцэтгэлтэй уялдуулан дараагийн санхүүжилтээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бол миний найдаж байгаагаар Хөгжлийн банкийг шинэ шатанд гарах эхний суурь болно гэж харж байгаа. Манай хамт олон ч одоогоос ийм зарчимтай ажиллах юм байна гэдгээ ойлгоод эхэлсэн.
ХХБ-нд “манайх 27.5 тэрбум төгрөгөө авъя, танайх байраа буцаагаад ав” гэсэн саналыг тавьсан
- Танай хөрш, Худалдаа хөгжлийн банкийг тойрсон их хэмжээний өр төлбөрийн асуудлууд бий. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?
- ХХБ-ны хамаарал бүхий гэгдэх “Кью Эс Си” ХХК Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт авсан зээлийг төлүүлсэн. “Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн хувьд бид “Үнэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээр баригдсан үйлдвэр байвал тэр үйлдвэрийг бид үнэлээд зээлийн өрд авъя. Үйлдвэрийг ажиллуулаад банкны өрийг төлж, барагдуулъя” гэдэг саналыг тавьсан. 2012, 2013 онд банкны барьцаанд тавьсан тоног төхөөрөмж элэгдэж, хорогдсон. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй гацсан байдалтай байна. Асуудлыг хүндрүүлж байгаа нэг зүйл бий. Зээлийг банк толгой компанид нь гаргаж өгсөн. Зээл авсан компанийн охин компани нь Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ажиллуулж байсан. Хавар төр үйлдвэрээ өөрийн мэдэлд эргүүлж авсан. Одоогоор толгой компанитай холбоотой, өв залгамжлагчийн гэх мэт маргаан, хуулиар шийдэх асуудал үүсээд явж байна. Бид бас хууль хяналтын байгууллагынхантай ярилцаад явж байна.
- ХХБ төв оффисынхоо 11, 12 давхрыг танай банканд зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдсан байдаг. Шударга биш худалдан авалтын маргааныг хэрхэн шийдэх бол?
- Тухайн үедээ манай банкны ТУЗ энэ байрны 11, 12 давхарт, нийт 3200 м/кв талбайг 27.5 тэрбумаар худалдан авах шийдвэрийг гаргасан байдаг юм. Манай хуучин захирлуудад энэ асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, манай банк хариуцагчаар оролцоод явж байна. Миний зүгээс Худалдаа хөгжлийн банканд “Бид худалдан авалт хийсэн 27.5 тэрбум төгрөгөө аваад байрыг чинь буцаагаад өгье” гэдэг саналыг тавьсан. ХХБ-наас “Судлаад үзье” гэсэн боловч хариугаа өгөөгүй байна. Энэ бол үнэхээр шударга биш наймаа. Улсын банкийг ашиглаж, ховх сорж мөлжсөн тийм таатай биш дүр зураг л даа. 27.5 тэрбум төгрөгөөр өнөөдөр ч хотын А, Б бүс хавьд бараг бүтэн объект худалдан авах хэмжээний мөнгө.
- Үнэхээр эдийн засгаас шалтгаалан эргэн төлөлт нь саатсан зээлийг хүмүүс ойлгох байх. Гэхдээ үнээний ферм, муур нохойн хоол үйлдвэрлэх гэх мэт төсөлд зээл аваад мөнгө ч үгүй, сураг ч үгүй болсон нөхөд мөнгөө юунд шингээсэн байдаг бол?
- Үнэхээр улсын мэдлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж байгаа бол жишээ нь, орон сууц барьж байгаа нэг нөхөртэй өрсөлдсөн этгээдэд орон сууцны хотхоны зээл гаргах нь утгагүй. Ийм төсөлд зах зээлийнхээ зарчмаар арилжааны банкууд зээл олгож байх ёстой. Гэтэл Хөгжлийн банк “Модун”, “Пирамид орд”, “Хангай” хотхоны Ё блок, Эрдэнэт хотод баригдаж буй орон сууц ч юм уу, муур нохойн тэжээл, үнээний ферм гэх мэт арилжааны банк санхүүжүүлэх боломжтой янз бүрийн жижиг зээл рүү ч гүйгээд орсон.
Уг нь зээл олгохдоо тухайн төслийг хэрэгжүүлэх хүнийг ч давхар судлах ёстой байсан. Гурилын үйлдвэр байгуулна гэсэн хүн банканд хандахад “Энэ нөхөр үнэхээр үйлдвэр байгуулах хүн мөн үү, биш үү” гэдгийг судлах ёстой юм байна. Манай зээлдэгчид дотор гурилын үйлдвэр байгуулна гэж зээл аваад өнөөдөр “Би энэ үйлдвэрийг ажиллуулж чадахгүй юм байна, үйлдвэрийг зээлийн өрд авчих” гээд хэлээд зогсож байгаа ч хүн гарч ирсэн. Тиймээс зээл өгөхөөс илүүтэй хэнд зээл өгөх гэж байна. Энэ хүн төслөө хэрэгжүүлэх чадамжтай юу, үгүй юү гэдгийг давхар судалж явмаар юм билээ.
“Эрэл”, “Бэрэн” компаниудын үйлдвэрийг дэмжих байр суурьтай байгаа ч тэд бизнес планаа өгөхгүй байна
-“Эрэл”, “Бэрэн” гэсэн компаниудын эргэн төлөлт тийм ч найдвартай биш. Энэ компаниудтай ямар хэлцэл хийж байгаа вэ?
- “Бэрэн” ХХК анх Эрдэнэт хотод гангийн үйлдвэр байгуулна гэж зээл авсан. Банк Монгол Улсад гангийн нэг үйлдвэр байх ёстой гэсэн байр суурьтай байгаа ч үйлдвэрийг нь ашиглалтад оруулаагүй. Гангийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд олон дамжлага бүхий бүтээн байгуулалт хийдэг. Уул уурхайн яамнаас байгуулсан ажлын хэсэг бол үйлдвэрлэлийн дамжлагууд баригдаж, ажиллахад хамгийн дөхөм болсон нь Бэрэнгийн үйлдвэр гэж манайханд танилцуулсан.
Бид “Бэрэн” ХХК-д “Эхлээд үйлдвэрээ бариад дуусгах, дараа нь өр, төлбөрөө хэрхэн барагдуулах вэ” гэдэг асуудлыг тавьж байна. Өрийг хувьцаагаар солих, үйлдвэрт шинэ менежмент оруулах гэх мэт янз бүрийн санал ярилцсан боловч заримдаа эзэн нь олдохгүй, тодорхой үр дүн гарахгүй өнөөдрийг хүрч байна. Мөн бид тус компаниас хүний нөөц, инженерүүд хаана байна. Бүтээгдэхүүн борлуулах зах зээл нь хэрхэн баталгаажих юм. Төмрийн хүдрээ хаанаас авах юм гэх мэт төслийн бизнес планыг ойлгомжтой болгох шаардлага тавьсан. Тус үйлдвэр төмрийн хүдрээ Архангай дахь ордоос авна гэсэн тооцоотой байгаа. Гэвч энэ нь арай хол, тээврийн зардал өндөр гарна. Үнэхээр бизнесмэн хүн бол төслөө хамгийн ойлгомжтой болгох ёстой ч тус компани тодорхой юм гаргаж өгөхгүй байна.
- “Эрэл” дээр ямар асуудал өрнөж байна?
-”Эрэл” ХХК дээр ч ижил. Өөрсдөө орон сууц барих технологитой үйлдвэрийн төсөл гэж танилцуулдаг юм. Бас ганц, хоёр туршилт хийсэн гэдэг. Бид хэд хэдэн удаа очиж танилцсан. Хамгийн гол нь банк эцсийн бүтээгдэхүүнийг хэн худалдаж авах вэ, эрэлт, нийлүүлэлтийг тодорхой болгосон бизнес төлөвлөлтөө баталгаажуул гэж байгаа. Тэгвэл хамаагүй бидний зүгээс зээлийг уян хатан болгож, үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн. Гэвч үүнийгээ гаргаж өгөхгүй байна.
Сэхээнд орсон, хэцүү байсан үетэйгээ харьцуулахад банк хамаагүй сэргэсэн
- Танай дээр зээлийнхээ араас явдаг хяналтын баг ажиллаж байгаа гэсэн. Энэ баг ямар ажлууд амжуулж байгаа вэ?
- Би ажлаа аваад Төслийн гүйцэтгэлийн хяналтын алба гэсэн шинэ нэгжийг байгуулсан. Энэ алба маань одоогоор зургаан зээлд явцын хяналт хийж байна.
Төсөл анхны ТЭЗҮ зургийн дагуу гүйцэтгэгдэж байна уу, ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна, барьцаа үнэлгээ зөв байна уу, зээлийн хөрөнгө хаашаа орсон байна гэх мэт явцын хяналт хийгээд ажиллаж байгаа. Гаалиар орж ирсэн барааны үнийг хүртэл тулгаад зөрүү гарвал энэ мөнгө хаашаа орсон бэ гэдгийг судалж байна.
Ярихад их амархан ч энэ бол үнэхээр цаг хугацаа шаардсан хүнд ажил.
Үүнийг банк аль эрт хийгээд явж байх ёстой байсан ч хангалтгүй хийж ирсэн гэж хардаг. Бид энэ ажлын хэсэгтээ нэлээд ач холбогдол өгдөг. Жишээ нь, нэг ажилтан маань шалгалтаар явж ирээд хоёр тэрбум төгрөгийн зөрүү гарлаа гэдгийг мэдэгдсэн. Зээл авсан компани руу холбогдоод лавлахад гааль дээр нэг өдрийн зөрүү гарсан гэж тайлбарлаж байгаа юм. Энэ бас байж болно л доо. Гэхдээ бид бас нэг нөхрийг зовоох гээд тулгалт хийх гээд байгаа юм биш. Анхнаасаа баримт, тооцоогоо зөв хийгээд явах юм бол банканд ч, зээлдэгчид ч хэрэгтэй. Ажил цэгцтэй байна гэсэн үг.
- Хөгжлийн банк ирэх оноос ашигтай ажиллаж чадах хэмжээнд хүрч чадах уу?
-Монгол банк 2021 оны эцсээр манайд шалгалт хийхдээ 755 тэрбумын Эрсдэлийн сан байгуулах акт тавьсан. Үүний дараа чанаргүй зээлийн активуудыг олон нийтэд танилцуулж, олны анхааралд оруулсан. Үүнээс хойш бид эргэн төлөлт, активын чанараа сайжруулах талд маш их анхаарч ирлээ. Өнгөрсөн зун Олон улсын аудит оруулсан. Энэ аудитын баг болон Монголбанктай ярилцаад 2022 оны эцэст Эрсдэлийн сангаа 350 тэрбумаар байгуулахаар болсон. Эрсдэлийн сангийн хөрөнгө зарлага хэлбэрээр гардаггүй ч нягтлан бодох бүртгэлд зарлагаар тооцогдож явдаг юм. Энд бараг 400 тэрбумын зөрүү гарч байгаа биз. Хөгжлийн банк өнгөрсөн онд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Зээл төлүүлэх ажлаа эрчтэй хийгээд явах юм бол оны эцэст 50-60 тэрбумын ашигтай ажиллах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Эх сурвалж: Д.Отгонжаргал “МОНГОЛЫН ҮНЭН” СОНИН
DR. ADITYA · 2023/10/23
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
MONGOLIA NEWS · 2022/11/04