"ОХУ руу цэрэгт явуулна" гэх худал мэдээлэл цацсан этгээдийг олж тогтооно гэв
2022/09/16
“ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.
Энэхүү зурагт мэдээллийн дээр Монгол Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сүлдэт тэмдэг, нэрийг байршуулжээ.
Иймд бид Монголын Батлан хамгаалахын яамнаас энэхүү зураг мэдээллийг үнэн эсэхийг тодрууллаа.
Ингэхэд "Энэ бол худлаа мэдээлэл. Яамнаас удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана. Худлаа мэдээлэл тараасан хүнийг олж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн" хэмээв.
ШУУД ҮЗЭХ:
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан сайн дурын цэрэг татлага явуулж байна гэдэг хуурамч мэдээлэл гаргаж эхэлсэн. Энэ мэдээлэл бол хуурамч.
Үүнийг гарсны дараа бид тодорхой байгууллагуудтай харилцаж мэдээлэл авч байгаа. ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн аттещегаас тодруулахад “Энэ бол ор үндэсгүй мэдээлэл” гэдэг хариулт өгсөн.
Хоёрдугаарт, бид хууль, хяналтын байгууллага руу хандаж, хуурамч мэдээлэл тараасан хүмүүсийг олуулахаар хандсан.
Энэхүү хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, цаашид хор хөнөөл учруулж болохуйц мэдээлэл. Үүний эзэн холбогдогчийг тагнуулын байгууллага тогтооно.
Энэ бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, цаашлаад төрийн бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм" гэлээ.
Зочин · 2022/09/17
Худал ярихад бичихэд учир бий сэдэв ч гэж байдаг энэ арай дэнднээ