Ч.Хүрэлбаатар: Монголоор дамжих хийн хоолойн асуудлаар ААН-ийн түвшинд эдийн засгийн тооцоолол хийх байр суурийг БНХАУ-ын тал илэрхийлсэн
2022/09/16
Узбекистан улсын Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалт болж байна. Манай улс ШХАБ-ын ажиглагчийн статустай.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар өчигдөр уулзсан тухай мэдээлсэн.
Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгчээ. Тэрбээр ШХАБ-ын уулзалтад оролцож буй багийн бүрэлдэхүүнд явж байна.
Түүний өгсөн мэдээллээс хүргэж байна. "Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар Монгол Улсын хувьд УБТЗ-ын парк шинэчлэл, төмөр зам болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.
Зүүн, баруун чиглэлийн босоо төмөр замыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.
БНХАУ-ын дарга холбох боломжтой төмөр замуудаа холбоод явах зүйл хэллээ. Холболтын ажлууд хүлээгдэж буй зарим төмөр зам бий. Тухайлбал Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг холбохоор байр сууриа илэрхийллээ гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа ОХУ-д очиж хийн хоолойн асуудлыг ярьж байсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудалд БНХАУ-ын тал нааштай хандаж буйгаа илэрхийллээ. Аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийе гэсэн нь өмнө нь илэрхийлж байгаагүй байр суурь бөгөөд чухал ач холбогдолтой юм. Энэ нь манай бүс нутгийн хөгжлийн интеграцчлал, Монгол Улсын эдийн засгийн бие даах боломжуудыг хангаж өгсөн олон зүйлүүдийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станцуудыг барих тухай асуудлыг тавьсан. Усан цахилгаан станцуудын асуудал цаашдаа нарийвчлан яригдах болов уу" гэв.
ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах ажил 2024 он гэхэд албан ёсоор эхэлнэ. Төсөл хэрэгжсэнээр Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 960.5 км хийн хоолой татагдана хэмээн Шадар сайд танилцуулж байсан юм.