Монгол Улс түүхэндээ анх удаа Эдийн засгийн хөгжлийн яамтай болсон. Ингэснээр тус яам эдийн засгийн бодлогыг тодорхойлж, улс орон хөгжин дэвжиж, чухам л ард иргэдийн амьдрал дээшлэх юм бодсон. 

Гэвч бүх зүйл эсрэгээрээ. Эдийн засгийн яамтай болсноос хойш эдийн засаг өдрөөс өдөрт уруудаж, улсын төсөв ч багасаж, айл өрхүүд нь өрийн сүлжээнд автаж, эрчимтэй хөгжиж байсан уул уурхайнууд үүдээ барьж, барилга, бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орчихлоо.


Гэхдээ бүгд хямралд өртсөн үү гэвэл үгүй. Тухайлбал манай Эдийн засгийн хөгжлийн сайд болон түүний ар гэрийнхэн эргэн тойрныхоны халаас зузаанаас зузаан болоод байгааг энд хэлэх хэрэгтэй. 
Тэрбээр өнгөрсөн шинэ жилээр Архангай аймгийн баяр наадам дээр нэгэн хамтлагыг 30 саяар дуулуулж шуугиан тарьсан. Мөн энэ жилийн цагаан сарын баяраа тун ч бийлэгжүү тэмдэглэсэн. 
Тодруулбал эдийн засгийн сайд маань бүрэн хээ угалз болсон том гэрийн хойморт өөртөө хаан сэнтий засуулж, монгол загварын дээлээр ижилссэн үйлчлэгч охид хөлсөлж, айраг цагаа сөгнөж, хааны дайтай найрласан сайдын бичлэг интернэт ертөнцөд цацагдсан.


Хамгийн сүүлд л гэхэд түүний охин Б.Хулан хотын төвд дэлхийн нэртэй брэндүүдийн нэг “Versace”-гийн албан ёсны гэрээт дэлгүүр нээчихлээ. 
“Versace” бол 1978 онд Gianni Versace-гийн үүсгэн байгуулсан Италийн загварын брэнд юм. “Versace”-гийн анхны дэлгүүр 1978 онд Миланы Via della Spiga-д нээгдэж байсан ба түргэн хугацаанд алдартай болсон түүхтэй. “Versace” одоо олон улсын хувцас загварын тэргүүлэх брэндүүдийн нэг болж чадсан. “Versace” группын олон брэндийн нэрэн дор тансаг зэрэглэлийн хувцас, аксессуар, үнэртэн, гоо сайхан болон тавилгуудыг үйлдвэрлэдэг. 
Энэ брэндийн бүтээгдэхүүнээс дэлгүүр нээх хэмжээнд бөөн бөөнөөр нь оруулж ирэх нь бүү хэл ганц ширхэг цамц авч өмсөхөд ч бэрх.


Дэлхийд алдартай брэндийн бараа үнэтэй учраас манай жирийн иргэд бүтэн сарынхаа цалингаар ч ганц цамц авч өмсөж хүрэхгүй. За авч хүрлээ гэхэд цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд байдаг иргэдийн хувьд горьдохын ч хэрэггүй мөрөөдөл.
Гэтэл Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын охин Б.Хулан энэ их өндөр үнэ өртөгтэй барааг хаанаас, ямар мөнгөөрөө худалдаж авч ирж зарж борлуулах болов гэсэн асуулт олны анхаарлыг татсаар байна. 
Мэдээж улсын Эдийн засгийг уналтанд оруулчихсан сайд аавынх нь нөмөр нөөлөг байгаа болов уу гэх хардлага хэнд ч төрх нь ойлгомжтой.

М.Нандин