Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Төв банкны тухай хуульд Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол барих талаар тусгасан. Гэтэл өдрөөс өдөрт долларын ханш чангарч, төгрөгийн ханш унаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтэд дотоод, гадаад гэсэн хоёр төрлийн ханш бий. Дотооод ханш гэдэг бол худалдан авах чадвар. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 10 мянган төгрөгөөр хэдэн талх худалдаж авдаг тэр хэмжээний талхыг энэ жил худалдаж авах боломж байна уу гэдэгт анхаардаг гэсэн үг. Төгрөгийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлдөг зүйл бол инфляци. Инфляци өсөхийн хэрээр төгрөгийн худалдан авах чадвар суларч байдаг.Хоёрдугаарт, гадаад ханш буюу тухайлбал,төгрөг хэдэн доллартай тэнцэж байгаад анхаарал хандуулдаг. Монголбанк Төв банкны тухай хуулиараа төгрөгийн ханшийг тогтвортой байлгана хэмээн заасан. Гэхдээ яг аль ханш гэдгийг нь тодорхой зааж өгөөгүй. Гэтэл дотоод, гадаад ханшийг зэрэг барих боломж манайх шиг экспорт, импортоос асар их хамааралтай улс оронд байхгүй. Нэг ёсондоо манайх хоёр хөлөөрөө зэрэг алхах оролдлого хийгээд улам л өөрийгөө тушаа, чөдөртэй болгож байна. Манайхан гадаад худалдааны тэнцэл төгрөгийн ханшид нөлөөлдөг гэх андуу ойлголттой байдаг. Экспортын орлого орж ирлээ гэхэд буцаад импортлогдоод гарчихдаг. Монголын эдийн засагт шингэхгүй байна. Манай улсын иргэд гадагшаа явж эмчлүүлэх, боловсрол эзэмших, аялах зугаалах гэх мэт их хэмжээний доллар гаргадаг. Гэтэл эсрэгээрээ манайх гаднаас цөөн тооны жуулчин авч байна, манайд ирж боловсрол эзэмшиж байгаа хүн бараг л алга. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын урсгал манайхаас зугтаад байгаа болохоос дотогшоо орж ирж байгаа үзүүлэлт алга. Тэр дундаа валютын нөөцийг тогтвортой байлгахад гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Гэтэл манайд ийм төрлийн хөрөнгө оруулалт ганц, хоёрхноор л тоологдож байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 мянга гаруй монголчууд жилд 500-900 сая ам.доллар Монгол руу явуулдаг. Үүгээр л торгоож байна.Гэтэл сүүлийн үед гаднаас Монгол руу доллар явуулах иргэдийн тоо цөөрсөн. Нэгдүгээрт, дэлхий нийтээр эдийн засгийн тогтворгүй байдал бий болсон учраас гадаадад байгаа монголчуудад ажил олдохгүй байна. Хоёрдугаарт, Монгол руу явуулсан долларыг нь банк гаргаж өгч чадахаа больчихлоо.

-Тэгвэл цаашид хууль эрх зүйн орчинд засч сайжруулах, илүү нарийн заалтууд оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Яг тийм. Тухайлбал, Монголбанк дээрх хоёр ханшийг яг алийг нь барихаа тодорхой болгох хэрэгтэй.Монголбанк дотоод ханш буюу инфляциа барих юм бол гадаад ханш Засгийн газрын үүрэг болчихно. Ер нь Эдийн засаг хөгжлийн яам гэх шинэ бүтэцтэй болчихсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.

Засгийн газар үүргээ биелүүлж гадны хөрөнгө оруулалтуудаа оруулж ир. Хил гааль боомтоос үүдэлтэй гацаа нийлүүлэлтийн гаралтай инфляцийг өдөөж байна. Энэ ч мөн Засгийн газрын үүрэг. Тиймээс төв банк зөвхөн дотоод ханшаа барьдаг байж болно. Эсвэл манай төв банк БНХАУ-ын төв банк адил зөвхөн гадаад ханшаа барь. Тэгвэл Засгийн газар дотоодын зах зээл дээр өрсөлдөөн бий болгож үнийг тогтворжуулах учиртай. Үнэндээ одоо Засгийн газар, Монголбанк хоёр бие бие рүүгээ буруугаа чихэж суусны гороор иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Мөн хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аас өндөр алдагдалтай төсөв баталж байгаа нь инфляцийг хөөрөгддөг. Тэгсэн мөртлөө мөнгөний бодлогыг хатууруулах шаардлага тавьдаг байж болохгүй.

-Инфляцийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүгээ цаашид өсгөх ёстой гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлдэг. Бодлогын хүүг өсгөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөсөөр байвал арилжааны банкууд зээл гаргахаа зогсооно. Тиймээс иргэдэд хэрэглээний, орон сууцны, бизнесийн гээд аль ч төрлийн зээл олголт тэр хэрээр хумигдана. Тухайлбал, ААН-үүдэд хөрөнгө оруулалтын зээл олгохгүй байхаар хамгийн түрүүнд ажлын байрыг цомхотгодог. Иргэдийн худалдан авах чадвар буурахын хэрээр аж ахуйн нэгжүүд ашиг орлого нь буурна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргаж байгаа бодлогын үр дүнд хувийн хэвшил, ААН-үүд хохирно. Ковидын тухай хууль, Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд Засгийн газар өөртөө асар их эрх мэдэл төвлөрүүлсэн. УИХ, Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд хоёр өдрийн дотор өөрчлөлт оруулж чадлаа. Засгийн газар хүсэх юм бол бярдаад УИХ-аар хуулийн өөрчлөлт хийлгэж чаддаг гэдгийг бид бүгдээрээ харлаа. Тэгвэл валютын ханш өдрөөс өдөрт өсч байгаа дээр УИХ-аас шуурхай зохицуулалт хийх ёстой. Засгийн газарт бүх эрх мэдэл нь байсаар байтал асуудлыг огт ойлгохгүй байна.Зарим сайдууд нь бодит байдлаас тасарчихсан, орчноо мэдэрч чадахгүй болтлоо амьдралаас тасарчихсан байна шүү дээ. Энэ жил төсвийн тодотголыг хоёр ч удаа хийсэн. Эхний тодотголын үеэр буюу цагаан сарын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Инфляци өсөх нь Засгийн газарт ашигтай” гэх ноцтой үг хэлсэн. Энэ үнэн шүү дээ.Учир нь талх 1000 төгрөг байхад Засгийн газарт 100 төгрөг татвар болж очдог байсан бол одоо 2000 төгрөгт хүрэхээр НӨАТ нь 200 төгрөг болно. Саяхан манай улсын эдийн засаг өссөн гэх мэдээлэл гарсан. Төсвийн орлого өндөр байгаа нь үнийн өсөлтөөс үүдэлтэй татварын орлого нэмэгдсэн гэсэн үг. Энэ бодит өсөлт биш. Хоёрдугаарт, манайх 100 долларын нүүрс зарлаа гэж бодъё. Тухайн үед нэг доллар 2800 төгрөгийн ханштай байсан бол 280000 төгрөгийн орлого орно. Гэтэл өнөөдөр долларын ханш 3200-3400 төгрөгт хүрчихээр өнөөх 100 долларын нүүрс 320000-340000 төгрөгт хүрч даруй 30-40 хувь өснө. Иймээс л төсвийн орлого өссөн дүр зураг харагдаж байгаа юм. Төгрөгийн ханш сул байх, инфляци өндөр байх нь Засгийн газарт хамгийн их ашигтай. Үүний үр дүнд тэд төсвөө алдагдал багатай харагдуулж чадаж байна. Гэхдээ энэ чинь хөөс шүү дээ.

-Үнийн өсөлт, долларын ханш өсөх нь Засгийн газарт нэгэнт ашигтай юм, эдгээрийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг Засгийн газар хүсэхгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Төсөв алдагдал багатай, эдийн засаг өссөн мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр агшсан дүр зурагтай байгаа. Уул уурхай, тээвэр 30 хувиар агшсан. Гэтэл хөөсөрсөн дүр зургийг яагаад танилцуулаад байна гэхээр гадаадаас өр зээл авах орон зай нь тэлдэг. Засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гадаад өрийн хэмжээ 50 хувь хэмээн танилцуулсан. Гэтэл Монголбанкнаас гаргасан дүнгээр 80 хувь, Дэлхийн банкнаас гаргасан дүнгээр 92 хувьд хүрсэн. Үүнээс хамгийн бодит дүн шинжилгээ Дэлхийн банкнаас л гарна. Эрүүл эдийн засагтай улс оронд Засгийн газрын эзлэх гадаад өрийн хэмжээ 20 хувьтай байх ёстой. Энэ бүхний эцэст худлаа тоо танилцуулдаг улс оронд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид манайд орж ирж хөрөнгө орууллаа гэхэд энэ байдлаар төгрөгийн ханш унах тусам тэдэнд ашиггүй. Төгрөгөөр олсон орлогоо эргээд доллар болгоход ханшийн зөрүүгээс алдагдал хүлээнэ. Ийм байхад цаашид ч үнийн өсөлт нэмэгдэж, валютын ханш чангарна. Энэ нь эргээд Засгийн газарт иргэдийн тархийг угаахад хэрэгтэй. Үнэндээ инфляцийг хязгаарлахгүйгээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлээд ч ямар ч үр дүн гарахгүй. Оны дараахан тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ хэмээн нийтээрээ Засгийн газарт алга ташсан. Гэтэл эргээд үнийн өсөлт явагдахад 500 мянган төгрөгийн тэтгэврээрээ сар амьдрахад хэцүү л болсон. Валютын ханш улс орон бүрт л хэлбэлздэг. Хорин хувь дотроо байвал хэвийн гэж үздэг. Гэтэл манайд 30 хувь гараад талийчихлаа.

-Ердөө жилийн өмнө манай улсын валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар байсан. Харин одоо уг дүнгээс 50 орчим хувь буурчихсан. Валютын нөөц багасахад юу нөлөөлөв?

-Хамгийн гол нь төлбөрийн тэнцлийн алдагдал нөлөөлсөн. Манай улсын төлбөрийн тэнцлийн алдагдал хоёр тэрбум байгаа шүү дээ. Манайд гадна хөрөнгө оруулалт орж ирэхгүй, хөрөнгө нь гадагшаа зугтаж байна.

-Манай улс ОХУ-аас шатахуун авахдаа төлбөрөө бэлнээр төлж байгаа. Энэ нь валютын нөөц багасахад нөлөөлөх үү?

-Нөлөөлж байгаа. Бид улсаараа чөтгөрийн тойрогт орчихсон. Шатахууны үнэ одоогийнхоос нэмэгдчихвэл илүү их доллар олох хэрэгтэй болно. Тэр хэрээр долларын ханш улам чангарна. Бид төлбөрөө бэлэн доллараар төлөх биш рубль, төгрөг хоёрыг солилцож болно л доо Гэтэл оросуудад төгрөг хэрэггүй шүү дээ. Тэдэнд доллар хэрэгтэй үүнд л шалтгаан нь байгаа юм.

- Цаашид валютын нөөцийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй л дээ. Харамсалтай нь манайх шиг популист Засгийн газартай улс оронд итгэж хөрөнгө оруулах хүн ховор байна. Засгийн газар үнэндээ амны салиа нь арилаагүй бацаануудын цэцэрлэг болчихлоо. Эдийн засгаа сэргээж, хил боомтын гацааг арилгах талаар өнөөдөр ч ярьсаар л байна. Бодит үр дүн алга. Хоёрдугаарт, алтны үйлдвэрлэлийг дэмжсэнээр гадаад валютын албан нөөц өсч, төгрөгийн ханш тогтворжих боломжтой. Өнгөрсөн жил гурван тонн байсан алтны нөөц энэ жил зургаан тонн болж өссөн. Гэхдээ энэ хангалтгүй өсөлт. Цаашид ч нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Төсвийн алдагдал их байх хэрээр төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тэр хэрээр үнэгүйдүүлдэг. Мөн өндөр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг зоригтой хувьчилж орж ирсэн мөнгөөр нь гадаад өрийн хэмжээг ч бууруулж болно. Нэг ёсондоо данхар төрөө цомхон болох ёстой. Данхар төр байснаар эдийн засгаа улам дордуулж байна. Засгийн газар одоо ажлаа хий. Монгол Улсын түүхэнд одоогийн Засгийн газар шиг бяртай Засгийн газар байгаагүй.Ковидын тухай хуулиар УИХ-ын дээр гарчихсан, Үнэ тогтворжуулах хуулиар Монголбанкны дээр гарчихсан шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх талаар олон жил ярилаа. Одоо ч ярьж байна. Гол нь үр дүнд яаж хүрэх вэ?

-Таны хэлж байгаа үнэн. Одоо ч манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадаагүй л байна. Авлига, хээль хахууль, шантааж хэрээс хэтэрсэн. Сүүлдээ хууль шүүх, тагнуул, прокурорууд нь хамтраад гадны хөрөнгө оруулагчдад зохиомол хэрэг үүсгээд хөрөнгө мөнгийг нь дээрэмддэг болсон. Дээрээс нь Засгийн газрын тогтворгүй байдал хамгийн чухал нөлөөтэй. Засаг тогтвортой байх талаар үргэлж ярьдаг ч хоёр жил болоод л огцорч, дараагийн ээлж нь хоолонд орж байна шүү дээ. Бүх л шатанд албан тушаалтай байгаа дээрээ гээд авлига хээль хахуульд идэгдэж, албан тушаалаа ашиглаж байна. Засгийн газар прагматик бодлого явуулахгүй дандаа популист бодлого явуулдгаас эдийн засаг, бизнесийн эрх чөлөө, өрсөлдөх чадвараар үргэлж ухарч явна. Энэ бүхнээ засч залруулах талаар ярих биш, хийх цаг нь болсон.