Шатахууны хомсдол ба гурван түвшний эх сурвалж
2022/10/05
Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд АИ-92 шатахуун олгохгүй, зарим нь үүдээ барьж буй талаар иргэд ярьж байна. Ингэхдээ “ОХУ-аас ирэх дүрвэгсэдийг хүлээн авснаас болж, манайд экспортлох шатахууны крантаа хаалаа” хэмээн хардаж байгаа юм.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104.5 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс 24.6 мянган тонныг АИ-92, 63.8 мянган тонныг дизель түлш эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 18-19 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэсэн үг. ОХУ-ын талаас хязгаарлалт хийгээгүй, өнгөрсөн долоо хоногт гэхэд 11 мянган тонн АИ-92 нийлүүлсэн” гэв. Үүнээс гадна баруун болон зүүн бүсийн зарим аймагт шатахуун тасарсан талаар иргэд мэдээлж буй талаар “Шатахуун аюултай бараа учраас хот суурин газраар өдрийн цагт тээвэрлэлт хийдэггүй гэх мэт шалтгаанаас хоцрох асуудал гарсныг үгүйсгэхгүй” гэж тайлбарлалаа. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа гэв.
Харин шатахуун импортлогчидтой холбогдоход, “Шунхлай”, Тэс петролиум”, “Петровис” компани “Бүтээгдэхүүний тасалдал үүсээгүй, борлуулалт хэвийн. Татан авалтаа цаг тухайд нь хийж байна. Хэрвээ манай салбарууд түгээлт хийгээгүй бол бусад аж ахуйн нэгжээс үүдэлтэй ачаалал үүссэн байж болно. Тухайлбал, бидний тооцооллоос илүү ачаалал бий болсноос салбарын нөөц эрт дуусаж, агуулахаас татан авалт хийх хүртэл тодорхой хугацаа шаарддаг” гэж байлаа. Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэ сарын 3-нд УИХ-ын намрын чуулганы үеэр мэдээлэл өгөхдөө “Магнай трейд” ХХК-ийн дотоод санхүүгийн асуудлаас болж, түгээлт тасарсан. Тухайн компани нь АИ-92 дээр суурилсан буюу 30-40 хувийг нийлүүлдэг.
Өнөө маргаашдаа ийм асуудалтай байгаа ч асуудлаа шийдвэрлээд, 10 хоногоос нэг сарын дараа гэхэд хэвийн болно. Түүнчлэн “ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй үнээр нийлүүлсээр байгаа. Ам.долларын ханш өсөж буй ч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа тул АИ-95 болон дизель түлшний үнэ 300-350 төгрөгөөр буурсныг хэлэх нь зүйтэй” гэв.
Салбар хариуцсан сайд нь ингэж хэлсэн тул “Магнай трейд” ХХК-аас тодруулах гэсэн боловч хариуцсан албаныхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хуралтай байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ганц манайх биш, аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр жилд алдагдалтай ажилласан учраас ийм асуудал бий болсон” хэмээн тайлбарласан юм. Тэгвэл жолооч нар дараах байр суурийг илэрхийллээ.
Б.Пагмадулам: Оройн цагаар дараалал их байна
-Сүүлийн өдрүүдэд, ялангуяа оройн цагаар ШТС-уудын дараалал их, “Магнай трейд”-ийн зарим салбар нь хаалттай байна. Ажиллаж байгаа нь зөвхөн карттай иргэд, байгууллагад өгч байсан. АИ-92 шатахууны нөөц муудсан гэж түгээгчид нь хэлж байна лээ.
Г.Батнасан: Зарим ШТС үнийн самбараа унтрааж, ажиллахаа больсон
-Бараг сүүлийн нэг сарын хугацаанд зарим ШТС-ууд өгөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд, зарим салбар нь үнийн самбараа унтрааж, хаалт тавьж эхэлсэн. Бямба гарагт “Тэс петролиум”-аас шатахуун авахад “Нөөцтэй байгаарай, ховордож байгаа шүү” гэсэн.
Б.Батхуяг: Удаан хугацаанд үнэ барьж чадахгүй байх
-АИ-92-ын нөөц муудаж байгаа гэхээр нь банкаа дүүргэчихлээ. Би такси үйлчилгээнд явдаг. Ачааллаас хамаараад, өдөрт 20-30 мянган төгрөгөөр хоёр удаа шатахуун авдаг. Дараалал үүсгэж, хязгаарлахаар л үнэ нь өсдөг шүү дээ. Ам.долларын ханш өссөөр байхад, удаан хугацаанд үнэ барьж чадахгүй байх.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин