Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ: 

-Монгол Улс дефолтын хэмжээнд очсон байна. Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу? Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: 

-Блүүмбергийн сурвалжлагчийн мэдээллээс үүдэн гадна талд Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх.

Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа Covid-ын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж бодож байна.

Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН: 

-Гаднын, хүү багатай банк оруулж ирж болохгүй юу? Гаднын олон банк оруулж ирдэг улс олон байна. Яагаад оруулж ирж болдоггүй юм бэ? Оюутолгойн орлогын данс Монголд яагаад байдаггүй юм бэ? Орсон орлого нь Монголд яагаад тодорхой бус байна вэ? Дараагийн асуулт, ам.долларын ханш хэд хүрээд тогтох юм бэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:  

-Зээлийн хүүг огцом бууруулж ирсэн. Үр дүнд жилийн 14 хувь хүртлээ багассан байсан. Гадаад орчны таагүй нөхцөл байдал хүүний нөхцөл байдлыг чангаруулах бодлого баримталж байна. Өнөөдөр үйлчилж буй банкны тухай хуулиар хувийн өмчтэй гаднын банк Монгол Улсад бие даасан салбар байгуулах боломжтой. Эхлээд төлөөлөгчийн газраа нээгээд, тодорхой хугацааны 

Монголд гаднын зургаан банкны төлөөлөгчийн газар байсан ч гурав нь гараад явсан. БНХАУ-ын 2, Японы 1 банкны төлөөлөгчийн газар байна. Японы банк салбараа нээх бүрэн боломжтой. Өнөөдөр ямар нэгэн банк хүсэлт өгөөгүй байна. Хувийн өмчтэй банкинд нээлттэй. 

Анх Оюутолгойн данс Монголын банкууд дээр байсан. Дубайн гэрээгээр Монголын банкаар дамжихгүй болсон. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Би Монголбанк бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон гэж бодож байна. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш өсч байна. Хийж чаддагт нь өгөх ёстой. Хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Өнөөдөр 150 төгрөгийн ханшийн зөрүү үүссэн. Цагдаа, тагнуулыг ажиллуулах ёстой гэж үзэж байна. Монголбанкнаас аваад "Найман шарга" дээр аваачиж зараад байна шүү дээ. Нэр бүхий банкууд IPO босгох ажил ямар шатандаа яваа вэ? Энэ ондоо дуусах уу? Иргэдийн дунд хүлээлт байгаа юм билээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: 

-Монголбанк долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа хийдэг. Харилцагчийн төлбөр тооцоог хэвийн явуулах зорилготой. Араас нь хяналтаа хийдэг. Валютыг хянаж, бүх мэдээллээ ТЕГ, ЦЕГ-т өгдөг. Хууль хяналтын байгууллага хяналтаа тавиад явдаг байх. Зарим банкууд дотооддоо валютын хязгаарлалт хийгээд явж байгаа юм билээ. Мэдээллүүдийг Монголбанк хянаад явж байна. 

Төрийн банк IPO-гоо зарлаад, амжилттай явж байна. Голомт, Хаан банк IPO хийх зөвшөөрлөө ирүүлсэн, энэ ондоо багтаад IPO хийх байх. Санхүүгийн зохицуулах хороо шийднэ. Ирэх онд үлдсэн хоёр банк IPO-гоо хийгээд явбал илүү зохистой байх гэж бодож байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Ийм чухал баримт бичиг батлах гэж байхад гишүүд чинь алга байна шүү дээ. Батлагдлаа гэхэд 2023 оны төсөвтэйгөө уялдаж байгаа юм уу. Инфляцийг 6 хувьд оруулж, барьж барах юм уу. Мөнгөний хатуу бодлдого барьж байж эдийн засгийг сэргээнэ гэж. Ам.долларын ханшийг хэдээр тооцож байгаа юм бэ? 1.5 их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байна. Монголбанкны бодлого төсвийн бодлоготойгоо уялдахгүй байгаа юм биш үү? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:  

-Өндөр зорилго тавьж байж, зорилтот түвшинд хүргэнэ гэсэн зорилт тавьж, тооцоо судалгаа хийсэн. Зөвхөн өөрсдийн хэмжээнд тооцоо судалгаа хийгээгүй, төсөвтэй уялдуулсан. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд ийм хэмжээний бодлого барьж байж инфляцийн зорилтот түвшин хангагдана гэж тооцоо судалгаагаа хийсэн.